Дэлхий нийтийг өнөөг хүртэл цочирдуулсаар буй өвчин бол ХДХВ (Хүний дархлал хомсдлын вирус), ДОХ (Дархлалын олдмол хомсдол) хэмээх өвчин хэвээр байна. Бид нийтлэлийнхээ эхэнд энэхүү өвчний талаар үндсэн мэдээллүүдийг хүргэхийг зорьлоо.
Энэ халдвар нь анх Африкийн “Siman” хэмээх сармагчингаас хүнд халдсан гэж үздэг. Сармагчингийн биед хор хөнөөлгүй “SIV” гэдэг вирус хүний биед халдсанаар “HIV” гэх вирус болон хувирч энэ өвчинг үүсгэжээ.
ХДХВ, ДОХ хоёрыг хүмүүс нэг ойлголт гэж боддог. Үнэн хэрэгтээ ХДХВ гэдэг нь зөвхөн хүний биеийн дархлалын эсүүдийг сонгомлоор гэмтээдэг вирус (Ретровирус)-ыг хэлнэ. Харин ДОХ гэдэг нь хүний дархлал хомсдолын вирусийн нөлөөгөөр хүний дархлалын эсүүд гэмтэж, дархлалын тогтолцоо алдагдсанаар өвчин эмгэг илэрхийг хэлдэг байна. ХДХВ нь хүний биеийн цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл, хөхний сүү, нугасны ус зэрэг шингэнүүдэд халдвар үүсгэх хангалттай хэмжээнд агуулагддаг ба эдгээр шингэн хүний биеийн цусны урсгалд шулуун гэдэс, үтрээ, гэмтсэн арьсаар орсон тохиолдолд халдвар дамждаг. Харин шүлс, нулимс, шумуул болон бусад төрлийн хорхой шавж, хамт ажиллах, амьдрах, суралцах, тэврэх, үнсэх, бассейн, халуун ус, бие засах газар зэрэгт хамт орох, ахуйн замаар буюу жорлонгийн суултуур, хоол хүнс, аяга халбага зэргээр халдвар дамждаггүй аж. Гэтэл бид гар барих төдийд л халдах юм шиг л боддог нь үнэн.
Дэлхий дээр ХДХВ/ДОХ-оор нэг секунд тутамд найман хүн өвчилж байдаг бөгөөд тэдгээрийн долоо нь өвчилсөнөө мэддэггүй байна.
Энэхүү өвчин нь манай улсад 1992 онд анх бүртгэгдсэн бөгөөд өнөөгийн байдлаар 267 халдвартай хүн байгаа аж. Үүний цаана 653 хүн халдвартай байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан байгаа юм.
ХДХВ, ДОХ-ын халдвартай хүмүүсийн дийлэнхийг 2029 насны залуучууд эзэлж байгаа гэсэн судалгаа байна. Түүнчлэн нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа аж.
Манай улсад ХДХВ/ДОХ-той 10 эх амаржсан бөгөөд тэднээс эрүүл саруул хүүхэд төрсөн байдаг. ХДХВ-ийн хадвартай жиирэмсэн эх эмчийн заавраар ретровирусын эсрэг эмчилгээ ихийлгэвэл эрүүл хүүхэд гаргах бүрэн боломжтой. Эдгээр эхчүүдийг тусгай эмчийн хяналтанд Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр төрдөг юм байна. Төрсөн нярай хүүхдийн дархлал зургаан сарын дотор бүрддэг. Тиймээс зургаан сарын дараа эхээс өвчин дамжсан эсэх шинжилгээг хийдэг юм байна.
Гэвч ХДХВ, ДОХ-той холбоотой хүний эрхийн тухай асуудал хөндөгдөж, халдвартай амьдарч буй хүмүүс тэдгээрийг ялгаварлан гадуурхаж, алагчилах, нэр төрд нь халдах, хууль ёсны эрхийг нь үл хүндэтгэх зэргээр эрхээ эдплэх боломжгүй болгох тохиолдол нийтлэг байдаг нь Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын 12 дугаар илтгэлд дурьдагдсан байна. Харин эдгээр иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр эрх зүйн туслалцаа авах явдал туйлын хомс байгаа нь өмгөөлөгчид болон ХДХВ-тэй амьдарч буй хүмүүстэй хийсэн ярилцлагаас харагдаж байгаа юм. Манай улсад ялгаварлан гадуурхалтын эсрэг тусгай хууль байхгүй бөгөөд ХДХВ, ДОХ-той амьдарч буй хүмүүс ил болон далд хэлбэрээр ялгаварлан гадуурхалтанд өртөх явдал гарсаар байгаа билээ.
ХДХВ/ДОХ-той иргэдийн эрх, эрх чөлөө анх бүртгэгдсэн цагаасаа хойш л зөрчигдсөөр ирэв.
Тодруулбал, Иргэн Т “ Одоогоос 20 жилийн өмнө би ХДХВ-ийн халдвар тээгч болсон. Одоогоор Монголд ДОХ-тойгоор хамгийн удаан амьдарч байгаа хүн гэж хэлж болно. Тэрбээо “Намайг ХДХВ-ийн халдвартай гэдгийг гэр бүл, найз нөхөд, ах дүү, хамаатан садан бүгд мэдээд надаас нүүр буруулж байсан. Гэрт маань гардсан аливаа хэрүүл эцэстээ миний буруу болж төгсдөг болсон. Яагаад гэвэл би ДОХ-ын халдвартай болоод тэр л дээ... Би гэр бүлийнхээ дунд олон жил буруутан болж амьдарсан ч тэд нартаа би хэзээ ч гомдлын үг хэлээгүй учир нь мэдлэггүй байдал хүнийг мухардалд оруулдагт л байсан хэрэг. Би бусдын адил хүний эдлэх ёстой эрхийг эдэлж, хуулийн өмнө хүлээсэн үндсэн үүргээ ухамсарлан амьдардаг эмэгтэй. Заримдаа “Баярлалаа ДОХ” гэж хэлмээр санагддаг. Учир нь ДОХ хэмээх өвчин миний амьдралд өөрчлөлтийг авчирсан. Намайг хурцалж, улам их тэвчээртэй болгож чадсан. Би 21 насандаа халдвартай гэдгээ эрт мэдсэн нь надад олон давуу талуудыг олгосон. Ретровирусын эсрэг эм ууснаар цусан дахь вирусыг шинжилгээгээр илрэхгүй болтол устгаснаар эрүүл урт удаан амьдрах боломж нээгдсэн. Дахиад 20 жил амьдрах болно. Түүнээс ч илүү наслахыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Надад тэр үед хэн нэгний халуун тэврэлт, дулаан үг үгүйлэгдэж байсан юм. Халдвартай хүмүүс бие биетэйгээ холбоотой байж, нэг нэгэндээ, зөвлөгөө өгч, бэрхшээлээ хамтдаа даван туулах нь витамин ууснаас илүү эмчилгээ болдог гэж боддог. Би хэдэн жилийн өмнө эрүүл саруул, хөөрхөн охинтой болсон. Нөхөр маань Африк хүн лдээ бас л над шиг ДОХ-той хүн байдаг. Ретровирусын эсрэг эм ээ би насан туршдаа ууна. Өөр арга байхгүй. Би эм ээ уух үедээ л өөрийгөө ДОХ-той гэдгийг мэдэрдэг” гэсэн юм.
Түүнчлэн иргэн Д эмнэлэг дээр шинжилгээ хийлгэхээр очоод өөрийгөө ХДХВ-ийн халдвартай гэдгээ хэлтэл эмч гараа угааж амны хаалт зүүж, бээлий өмссөн байна.
Үүний учир нь манай улсад ХДХВ/ДОХ-ын талаар нийгэм, эрүүл мэндийн салбарт суурь мэдлэг бага байдагтай холбоотой юм. Эрүүл мэндийн салбарын эмч нар нь өвчтөнөөсөө дөлж, сэжиглэх зэргээр ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа нь эмгэнэл гэлтэй.
Зарим тоо баримтаас дурдвал ХДХВ-тэй амьдарч буй найман хүн тутмын нэг нь эрүүл мэндийн тусламж хүсэхэд татгалзсан хариу авчээ. 2014 онд ХДХВ-тэй амьдарч буй хүмүүсийг ялгаварлан гадуурхалтаас хамгаалсан хууль, тогтоолтой улс орон 68 хувь байдаг байна. ХДХВ-ийн халдвартай гэдгээ нуусан, хүн эрсдэлд оруулсан, халдаасныг гэмт хэрэгт тооцдог улс орны тоо 72 аж. Мөн ХДХВ-ээс үүдэлтэй зорчих эрхийг хязгаарласан орны тоо 35 байдаг байна. Хэн ч энэ өвчнийг ямар ч замаар авч болно. Харамсалтай нь бид өөрт нь энэ зүйл тохиолдож болох талаар огт боддоггүй.
Дэлхийд 2000 онд ХДХВ/ДОХ-ийн халдвар шинээр авсан хүний тоо 3.1 сая, 2010 онд 2.2 сая, 2015 онд 2.1 сая болон буурчээ. 2015 оны эцсийн байдлаар 36.7 сая хүн халдвартай амьдарч байгаагийн 17 сая хүн нь ретровирусын эсрэг эмчилгээнд орсон гэдэг тоо баримт бий.
Ер нь ХДХВ, ДОХ-ын халдвартай тэмцэхийн тулд ЕБС-иудад зөв мэдээлэл, ойлголтыг өгөх, залууст бэлгийн нэг хамтрагч, харилцааны давуу талыг тэдүүлэн таниулах, уг халдвараар өвчилсөн хүнийг ялгаж харьцдаг эмч нарын хандлагыг өөрчлөх шаардлагатай. Учир нь эмч, инженер, багш нар ч хүн шүү дээ. Хэнд ч тохиолдох эрсдэлтэйг санах хэрэгтэй.
Л.Сайнаа