-ЕРӨНХИЙ САЙДЫН АЛДАА, ОНОО-
У.Хүрэлсүх “борвиныхоо баасыг арилгаж” чадахгүй байсаар Засгийн газраа тогтоож чадахгүйд хүрлээ. Түүнд ховорхон багтай Сангийн сайд байж, эдийн засгийг нь огцом өсгөж өгсөн. Улаан хөлтийг урдуураа гаргадаггүй, ясны Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан. Намын дарга, Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг хамтатган хашсанаараа “УИХ-ын гаднаас” гэдэг чамлангуй харилцааг бут цохиж том эрх мэдэлтэй байж чадлаа. Энэ өгөгдлийг тэрбээр ховор боломж гэж үзэж “хайрт” намдаа цэвэрлэгээ хийхээр шийдсэн. Цэвэрлэгээгээ ч хийж эхэлсэн. Гэтэл “гай газар дороос” гэгчээр ЖДҮХС-гийн зээлийн асуудал босч ирэв. Монголд анх удаа, У.Хүрэлсүхийн намд, түүний Засгийн газарт л жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан “мэндэлж” зээлийг “мэдээлэлд ойрхон” гэх давуу талтай УИХ, Засгийн газрын гишүүд аваад эхэлсэн хэрэг уг нь биш байлаа. Мэдээлэл гарах гэхээр л эрх баригчид мөнгөөр хав дарчихдаг байсан бол энэ удаа У.Хүрэлсүхийн Засгийн газар тэгсэнгүй.
Улстөрчид олон жил ийм зээлийг аваад сурчихсан байсан ч тэр нь Засгийн газрыг огцруулах хэмжээнд хүрэх байтугай хэвлэлийн хуудаснаа ч дорвитой шуугиан тарьж байгаагүй юм. “Азгүй” Засгийн газар, “азгүй” өдрүүд үргэлжилж өдөрт хэд хэдэн шинэ “ЖДҮ-чид” төрөх болов. Яг үүнтэй зэрэгцэн олон сонголт дундаас шилж, шийдвэр гарган Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилсон Я.Содбаатар нь хүртэл ЖДҮДС-гаас зээл авсан болж таарсныг хуулийн байгууллага нотолжээ. Энэ тохиолдолд Я.Содбаатараас өөр хүн байсан бол сайдын албан тушаалаа өгөх, ядаж л итгэл хүлээлгэж шилж томилсон Ерөнхий сайдаасаа уучлал гуйх байсан. Гэтэл эсрэгээрээ Ерөнхий сайд нь Я.Содбаатараа өмгөөлж Ерөнхий сайдын албан тушаалаараа, Засгийн газрынхаа нэр хүнд, хувь заяагаар дэнчин тавьчихаад “Эхлээд 60 тэрбумын хэргийг, дараа нь ЖДҮ-чидтэй тэмцэх гэж байгаа юм” гэж хамгаалаад үзэлцээд байна. Энэ нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хамгийн том алдаа байлаа. Тэр улстөрчийн хувьд ч, удирдагчийн хувьд ч “тэмцэл” гэдэг үгээс гадна “тогтвортой байдал” гэдэг үгийг, үнэ цэнийг мэдэх учиртай. Өөрийнхөө албан тушаалаар дэнчин тавьж болно. Шударга зоримог байгаагийн тань илэрхийлэл болог. Харин Монгол Улсын Засгийн газраар дэнчин тавихыг зөвшөөрөхгүй. Явуулах ёстой хүмүүст өр нимгэн хандалгүй явуул.
Түүний бас нэг алдаа нь ийм хүнд үед итгэл найдвар нь болоод танхимынхаа өмнөөс чанга дуугарах Хэрэг эрхлэхийн даргагүйнх байлаа. Галан дундуур ганцхан Ерөнхий сайд алхах биш, танхим нь, тэр тусмаа Хэрэг эрхлэх газрын дарга нь тэргүүн эгнээнд дайрч байх ёстой юм. Гэтэл баахан сэтгүүлчдийн өмнө ч, байнгын хорооны хурал дээр ч үг хэлэхдээ дандаа сөрөг оноо цуглуулдаг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бас нэгэн алдаа болж харагдаж байна. Нэмэр болохоос нэрмээс болдог сэтгэлгүй, сэтгэхгүй ажиллаж буй хэвлэлийн албаа ч солих цаг болж. Монгол Улс анх удаа Ерөнхий сайдтай байж үзэж байгаа биш дээ, харин ийм дорой амьгүй ажиллагаатай, “бүүст” гэгч хий хоосон зүйлээр даргыгаа ч, ард олныг ч, хамгийн гол нь өөрсдийгөө хуурдаг “пиар”-ын багийг хэзээ ч харж байсангүй. Хэвлэлийн баг нь сэтгэлтэй, сэтгэдэг байсан бол Монгол Улсын Ерөнхий сайд хэзээ ч Монголын сэтгүүлчдэд захиа даалгавар өгөхдөө тусламж мэт гуйж дорой царайлаад зогсохгүй, “Надад мөнгө байхгүй” гэж өөрийгөө ч, өрөөлийг ч дорд үзсэн үг хэлэхгүй байхсан. Энэ мэтээр өөлбөл олон өө түүнээс гарна. Огцруулбал ч огцруулчихаар олон өө гарах л байх.
Гэтэл огцруулахгүй байх томоос том шалтгаан байна. Энэ бол Монгол Улсын нийтлэг эрх ашиг. Эргэн тойрноо хар даа. Засгийн газрыг огцруулаад л шат дараалан хуралдаад л, дараагийн сайдад нэр дэвшигч, горилогчдын талаар бичиж, ярьж, хэрэлдэж, хэлэлцэж суух нь хэнд ашигтай вэ. Юунд саадтай вэ? Огцруулчихбал, МАН-ын УИХ дахь 64 гишүүний гуравдугаар ээлжийнхэн “хоолонд” орох л байх. Энэ засгаас илүү ажиллах итгэл найдвар хэр байх вэ? Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 дотор байтугай МАН-д одоохондоо У.Хүрэлсүх шиг зангарагтай лидер ч алга. Хамгийн гол нь хөл дээрээ арай гэж тогтож байгаа эмзгээс эмзэг эдийн засаг улс төрийн энэ дүйвээнд арчигдан одно гэдэг л аюулын гол дохио нь юм. Улс төрийн өчүүхэн савлахад л экспортын орлого буурах эрсдэл, хувь тохиол хүлээж байна. Өмнөх Засгуудын тавьсан өрийн бичиг, бондын үнэ ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичигтэй хамт улам л унаж байна.
Монголчууд хэчнээн улстөрждөг ч Хятадын эрх баригчдад нүүрсний импорт чинь хэтэрсэн ч гэсэн “зөвхөн Монголоос ав” гэх хүч ч байхгүй, мэх ч үгүй. Зохицож амьдрахаас өөр аргагүй. Хүссэн ч, эс хүссэн ч бадар бариад гадаадын хөрөнгө оруулагчдаас гуйна. Зунжин хөрөнгө оруулалтын форум хийснийхээ дүнд хэдэн ”тул”-тай холбоо тогтоож чадсан тэр сайдууд хөрөнгө оруулаач гэж гуйна. ОУВС-гаас олон удаа сануулаад байгаа “Эдийн засгийн өсөлт сайн байгаа ч, эмзэг хэвээрээ шүү” гэдгийг энэ удаа чихнийхээ хажуугаар өнгөрүүлж болохгүй.
Хоёрдугаарт, У.Хүрэлсүхэд байгаа зоримог чанарыг нь ашиглая. Тэр намаа ч цэвэрлэг, төр ч цэвэршиг. Бас нам руугаа нэгэнтээ сайтар хараарай. Намын нэрээр өндөр албан тушаалд очсон хэд нь л бужигнаад, булаалдаад байгаа болохоос биш жирийн гишүүд нь батлахаа ураад шидчихээгүй л байгаа. Намынх нь гал тогтоог хариуцаж буй "хэрэг эрхлэхийн дарга" Д.Амарбаясгалан тулдаа л энэ хүнд өдрүүдэд У.Хүрэлсүхийн арын фронтын хамаг хар бор ажлыг хийж, 37гишүүнээ нэгэн туган дор нэгтгэн гарын үсэг зурах ажлыг хийж чадлаа. Намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга бас нэгэн Г.Занданшатар байсан бол У.Хүрэлсүх аль хэдийн "явчихсан байх" байв.
“Хумсаа авчихвал хөөрхөн жаал” гэдэг шиг энэ мэтчлэн хуруу, хумсаа шалгаж зөв баг бүрдүүлж зөв өнцгөөс ярьж эхэлбэл У.Хүрэлсүх боломжоо бүрэн алдаагүй. Түүний Засгийн газрыг тогтвортой ажиллуулах боломж байна. Шалтгаан ч байна, шалтаг ч байна. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах нь Монголын улс төрд тогтвортой байдал, эдийн засагт үр ашиг, цаг алдалгүй шийдвэр гаргах төрий үүрэг, хөрөнгө оруулагчдад итгэл авчрах юм. Мөн МАН-д гэрээ шатаахгүй үлдэх “галын хор” болж эв нэгдэл нь бүтэн байж ирэх сонгуульдаа бэлдэх итгэлийн цучилтай үлдэхэд нь дөхөм болох болов уу.
Одоохондоо бол У.Хүрэлсүхийн улс төрд “хавар иржээ”. Хаврыг түүнд олон нийтийн итгэл, дэмжлэг авчирч байх шиг байна. Түүнд хариг хатуу өвлөөс ч хүйтэн жавар тачигнаж, ганцаардаж, жиндэж “өвөлжсөн”. Одоо ч хаврын тэнгэр шиг хуйсагнасан хэвээр. Уг нь У.Хүрэлсүх олонхоо дагаж намирч, алдаа дутагдлыг нь уучилж, “дайсангүй”, урт удаан оршин тогтнохыг хүссэн бол түүнд “зун амархан ирэх” байсан. Хэрвээ УИХ Засгийн газартай яг нэг зүгт харж ажиллаж чаддаг юм бол, долоон концесс илчилсний хариу биш бол Засгийн газрыг ажлыг нь хийлгэж, гурав дахь Засгийн газрын нүүр үзэлгүй 2020 оны сонгуультай золгох нь МАН-ынханд өлзийтэй байх байсан биз. Гэвч тэр биеийн амарыг, өөрийн жаргалыг бодсонгүй. Намд нь бат гагнагдчихсан том бүлэглэлүүдээс салах гэж, санхүүжилтийн схем гэгдсэн төрийн албыг арилжаалдаг үзэгдлээс ангижрах гэж, хамгийн гол нь бизнесийн бүлэглэлүүдийн шахаасаас төсвийн хөрөнгийг хамгаалах гэж өөртөө, Засгийн газартаа дайсан цуглуулж байна. Энэ тулаанд У.Хүрэлсүх ялагдвал Монголын улс төрд бугшчихсан энэ бүх ялзрал сэдэрнэ үү гэхээс, анихгүй. Иймээс ч тэр тэмцэж, ард түмэн ч дэмжиж байгаа биз ээ. Ард түмний дэмжлэг албан тушаалаас үнэтэй нь үнэн л юм бол У.Хүрэлсүхийн улс төрд дэлгэр сайхан зун удахгүй ирэх биз ээ.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (53)