Долоон хоног бүрийн бүтэн сайн өдөр улс оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэдэг билээ. Энэ удаагийн тоймоороо улс төр болоод нийгэмд өрнөсөн онцлох үйл явдлуудыг хүргэе.
УИХ-ын дарга М.Энхболд МҮОНРТ-д ярилцлага өгөв
УИХ-ын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар өчигдөр МҮОНРТ-д ярилцлага өгсөн юм. Тэрбээр ярилцлагадаа "Би газар олгож байсан ч зарж байгаагүй, Засгийн газар УИХ-ыг бойкотлох эрхгүй, энэ бол хууль зөрчсөн үйлдэл, би төрийн өндөр албан тушаалд шигдэж суудаг зан байхгүй, харин хариуцлагатай үед ажлаа өгөх нь зугтааж байгаа хэрэг гэж бодож байна, "Эрдэнэт", Оюутолгой, Төмөр замын 700 тэрбумын асуудал, АСЕМ, ЖДҮ-г шалгах ёстой. Монгол төрийн тогтвортой байдал Засгийн газар тогтвортой байхаас илүү үнэ цэнэтэй” хэмээн ярилаа.
У.Хүрэлсүх: Парламентын засаглал бол ардчиллын баталгаа
Харин өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ “МАНАН бүлэглэлтэй хатуу тэмцэхээ илэрхийлж, УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаал, эрх мэдлээс нь чөлөөлөхөө дахин мэдэгдлээ. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон нөхдөд улс төрийн хариуцлага хүлээлгэж, хуулийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдвол намын хариуцлага тооцоно. Би МАН-ын даргын хувьд намаа, Засгийн газрын тэргүүний хувьд төрөө цэвэрлэх болно” хэмээн ярьсан юм.
13 насны охиныг хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдийг бүх насаар нь хорих шийдвэр гаргалаа
“Очир” төвд амиа алдсан 13 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх этгээдүүдийг шүүх хурал боллоо. Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж бүтэн найман цаг үргэлжилж Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэр гаргалаа.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс талийгаач охины биед гэмтэл байхгүй, аман дахь шүд бүтэн байсан гэж мэдэгдсэн ч хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа “Шүүхийн дүгнэлтэд аманд үзэгдэх шүд байхгүй гэх өгүүлбэр байдаг. Түүнчлэн охины анус урагдалттай, хамар мурийсан зэрэг олон гэмтэл авсан байдаг. Гэвч эдгээрийг шүүх эмнэлгийн дүгнэлтэд оруулаагүй байсан. Талийгаач охины биеэс цэвэр метилийн спиртээр тооцвол 250 граммтэй тэнцэх хэмжээний спирт илэрсэн байдаг. Гэвч үүнийг хүүхэд байтугай насанд хүрсэн хүн ч 30 минутын дотор ууж чадахгүй” гэх мэдээллийг өгсөн юм. Түүнчлэн хэрэг гарсан “Очир” төвийг охиныг амиа алдах нөхцөл байдлаар хангаж өгсөн гэж хохирогчийн талаас үзэж байгаа ба сэтгэл санааны хохиролд зуун сая төгрөг нэхэмжилсэн байсныг шүүх хангаж шийдвэрлээгүй байна.
Нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулахыг шаардав
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй УИХ-ын нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Уг саналыг УИХ дахь АН-ын бүлгийн есөн гишүүн дэмжихээ илэрхийлээд байнгаа юм. Түүнчлэн парламентад МАХН-ыг төлөөлж суугаа ганц гишүүн болох О.Баасанхүү ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах байр суурьтай байгаагаа мэдэгдсэн юм. Харни С.Жавхлан гишүүн алийг нь ч дэмжихгүй гэдгээ хэлж “Эд хоорондоо хэмлэлдэж л байвал улс оронд хэрэгтэй “ гэв.