Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, учирч болох хохирол, эрсдэлийг багасгах зорилгоор Дорнод аймгийн нутаг дэвсгэрт мотоциклийн хөдөлгөөнийг энэ сарын 27-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хориглолоо. Дорнод аймгийн Цагдаагийн газраас мотоциклийн хөдөлгөөнийг хориглох тухай аймгийн Засаг даргад ирүүлсэн хүсэлтийн дагуу “Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох тухай” Дорнод аймгийн Засаг даргын А/544 дүгээр захирамжаар энэ төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн тус аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн албаны мэдээллээр 2018 он гарсаар мотоциклийн 17 осол бүртгэгдэж, ослын улмаас долоон хүний алтан амь эрсдэж, 10 хүн гэмтэж бэртсэн харамсалтай тоо, баримт байна. Халтиргаа гулгаа ихтэй өвлийн улиралд мотоцикл эзэмшигчдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүрийн энэ цагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглодог боловч иргэд нууцаар мотоциклтой зорчих тохиолдол гардаг байна.