Оросын сансрын нисэгч Юрий Гагарин 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Восток-1” хөлгөөр анх удаа сансарт ниссэн. Дэлхийг ганцхан удаа тойрсон. Эх дэлхийгээсээ хөөрснөөс хойш нэг цаг 29 минутын дараа буцаж газардсан Ю.Гагаринаас хойш маш олон дээд амжилт сансарт тогтоосон байдаг. Сансрын нисэгч А.Леонов 1965 онд сууж яваа “Восток -2” хөлгөөсөө задгай сансарт гарч 12 минутын хугацаанд кино зураг авч, чөлөөт уналтын нөхцөлд дасгал хийж үзээд буцан хөлөгтөө сууснаар “сансрын” гэсэн тодотголтой дээд амжилтууд хөвөрсөн. Шинэ дээд амжилт болгон дараа нь эвдэгдэж, шинэчлэгддэг зүй тогтолтой гэдгийг санацгаая. Тухайлбал, задгай сансарт гарсан А.Леоновын 12 минутын амжилтыг 1980-аад онд таван удаагийн нислэгийнхээ үеэр 16 удаа хөлгөөсөө гарсан Оросын нисэгч А.Соловьев “задгай сансарт 82 минут” болгож тогтоосон. Одоогоор эвдээгүй байгаа энэ дээд амжилтыг хэзээ нэгэн цагт шинэчлэх нь тодорхой. Тухайн үед А.Соловьевын тогтоосон амжилт А.Леоновынх шиг өнгөрсөн цагийн түүхэн баримт болон бичигдээд явна. Харин Ю.Гагарины сансарт анх удаа хүн ниссэн гэсэн амжилт давтагдахгүй. Энэ Дэлхий сөнөж мөхөөд, дараагийн хорвоо ертөнц, дараагийн амьдрал шинээр бий болох аваас тэрхүү дэлхийн түүхэнд сансрын анхны нисэгчийн тухай ярихаас өөр боломжгүй зүйл. Тийм ч учраас “Анхдагчид түүхэнд шууд мөнхөрдөг. Харин тэднийг залгамжлагчид түүхэнд бичигддэг” гэсэн аксиом гарчээ.
Монголын анхдагчдын, тэр тусмаа спортын ертөнцийн түүхэнд мөнхөрсөн эрхмүүдээс Дэлхийн анхны аварга Д.Дэмбэрэл, Олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр, алдар цолонд хүрсэн мэргэжлийн анхны тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр нар онцгойрон ялгардаг.
Манай улсаас төрсөн дэлхийн анхны аварга Должингийн Дэмбэрэл нь 1971 онд Англид болсон байт сурын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 30 метрийн зайн төрөлд 641 оноогоор тэргүүн байр эзлэн бөмбөрцгийн дэвжээнд Монгол Улсын Төрийн дууллаа анх удаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа тэнгэрт мандуулсан билээ. Олон улсын уламжлалт дүрмээр тив, дэлхий, олимп, олон улсын тэмцээний медальт байрт шалгарч, шагналын тавцанд зогсоо бүх тамирчны /3 эсхүл 4/ тоогоор улсынх нь төрийн далбааг өргөн мандуулдаг бөгөөд зөвхөн түрүүлсэн алтан медальт аваргын эх орных нь Төрийн дууллыг эгшиглүүлдэг билээ. Дэлхийн дэвжээнд анх удаа түрүүлсэн Монгол тамирчин Д.Дэмбэрэлийг алтан медалийн тавцан дээр зогсохуйд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, төрийн далбаа мандсан 1971 оны тэр агшин анхдагчийн ганцхан хувь болон түүхэнд мөнхөрчээ.
Монголын тамирчид хүн төрөлхтний спортын наадам-олимпод 1964 оны Токиогийнхоос эхэлж оролцсон. Манай тамирчид 1964-2004 оны хооронд 1984 оны Америкийн Лос-Анжелесийнхоос бусад 10 удаагийн олимпын наадамд амжилттай оролцож, таван мөнгө, арван хүрэл медаль хүртэцгээж алтан соёмбот далбаагаа мандуулж явсан. Гагцхүү улсынхаа төрийн дуулал эгшиглүүлдэг болзол хангах буюу өөрөөр хэлбэл, аварга болж алтан медаль хүртэх түвшний тамирчин төрсөнгүй цаг хугацаа урсан урссаар байлаа. 2008 оны наймдугаар сарын 8-нд урд хөрш БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зуны XXIX олимп эхэллээ.
2008 оны наймдугаар сарын 14. Түүхэнд мөнхөрдөг жамтай анхдагч тодорсон өдөр тохиов. Жүдо бөхийн 100 кг-ын жинд зодоглосон Н.Түвшинбаяр Монгол Улсаас олимпын алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Монголчууд бүгдээрээ олимпын наадмын тэнгэрт улсынхаа төрийн далбаа мандахын зэрэгцээ улсынхаа төрийн дуулал эгшиглэхийг анх удаа харсан, сонссоон. Бид түүхэн үйл явдлын гэрч болсон бол Монгол Улсын түүхэнд Найдангийн Түвшинбаяр олимпийн анхны аварга гэсэн тодотголтой анхдагч болон мөнхөрсөн.
Монголын Сүмо бөхийн холбооны Ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр нь Монгол талаасаа номер нэг, сүмо бөхийн “алтан хараацай” болсон анхдагч, дээр нь 1995 оны нэгдүгээр сард Токио хотноо зохиосон мэргэжлийн Сүмо бөхийн Хацү башёгийн Макүшита зиндаанд нэг ч уналгүй /7-0/ түрүүлж нэгд Жүүрёод дэвшин барилдах эрх, хоёрт үндэсний бөхтэй жишвэл улсын начин цолны эрэмбэтэй болсноор мэргэжлийн анхны алдар цолтой Монгол тамирчин гэдгээ зарлан тунхагласан юм.
Жилд зургаан удаа, сондгой саруудад болдог мэргэжлийн Сүмо бөхийн башё тэмцээнд барилддаг бөхчүүдийг зургаан зиндаанд хуваадаг. Чансаа багатай сүмочид хүч үздэг Жонокүчи, Жонидан, Санданмэ, Макүшита гэсэн зиндаа нь мэргэжлийн тамирчин болох урьдчилсан шатны өөрөөр хэлбэл, сонирхогчдын гэж дүйцүүлж болох түвшнийх. Эдгээр дөрвөн зиндааны сүмочид сондгой сарын 15 өдөр үргэлжилдэг башё тэмцээнд ердөө долоон удаа барилддаг. Харин чансаа өндөртэй Жүрёо, Макүүчи зиндаанд хүч үзэж байгаа бол нэгэнт мэргэжлийн тамирчин болсон сүмоч гэж ойлгох ёстой. Эдгээр хоёр зиндааны сүмоч болгон 15 өдөр үргэлжилдэг башё тэмцээнд өдөр бүр ингэснээр нийт 15 удаа барилдах үүрэг хүлээсэн байдаг. Жүрёо зиндааны сүмоч сард ойролцоогоор наймаас есөн мянган долларын, Макүүчи зиндааны сүмоч цолноос хамаарч сардаа 15-аас 25 мянган долларын цалин авдаг мэргэжлийн тамирчид юм.
1995 оны гуравдугаар сарын 12-нд мэргэжлийн Сүмогийн Жүрёо зиндааны Харү башёгийн эхний өдөр Жүрёо зиндаанд барилдахаар Кёкүшюзан Д.Батбаяр дэвжээнд гарсан өдрийг Монгол Улсын мэргэжлийн тамирчдын оролцсон тэмцээний түүхэн бичлэгт онцгой үйл явдал гэж тэмдэглэдэг.
Мэргэжлийн Сүмо бөхийн дэвжээнд Кёкүшюзан Д.Батбаярын тогтоосон “анхны Монгол хүн” гэсэн тодотголтой анхдагчийн дээд амжилтуудыг харахад хэрвээ “Үнэмлэхүй анхдагч” гэсэн цол байдаг бол таарах эзэн нь юм байна гэсэн сэтгэгдэл төрдөг. Түүний анхдагчийн зарим амжилтаас дурдвал:
-Жонокүчи зиндаанд анх барилдаад 50 хувийн амжилт үзүүлсэн анхдагч. (6 ялж-1 унасан. 1992 оны V сар/)
-Жонидан зиндаанд дэвшсэн, гурван башё барилдахдаа гурав дараалан 50 хувийн амжилт гаргасан анхдагч (5-2, 4-3, 6-1. 1992 оны VII, IX, XI сар)
-Санданмэ зиндаанд дэвшсэн, дөрвөн башёд барилдаж гурван удаа 50 хувийн амжилт үзүүлсэн (5-2, 3-4, 5-2, 5-2. 1993 оны I, III, V, VII сар)
-Макүшита зиндаанд дэвшиж барилдсан анхдагч (5-2. 1993 оны IX сар)
-Башёгийн анхны түрүү авсан анхдагч (Макүшита зиндаа, 7-0. 1995 оны I сар)
-Жүрёо зиндаанд дэвшиж барилдсан анхдагч (1995 оны III сар)
-Жүүрёо зиндаанд түрүүлсэн анхдагч (10-5. 1995 оны VII сар)
-Жүүрёо зиндаанд хоёр дахь удаа түрүүлсэн анхдагч (11-4. 1996 оны III сар)
-Хамгийн дээд зиндаа Макүүчид дэвшиж, маэгашира цолтой барилдсан анхдагч (9-6. 1996 оны 9 сар)
-Уран барилдааны шагнал авч, комүсүби цолонд хүрсэн анхдагч (9-6. 1997 оны I сар)
-Ёкозүна цолтонг унагаж Кинбоши авсан анхдагч (1997 оны V сар. Тодруулга: Өөрт нь унасан Ёкозүнаг зодог тайлах хүртэлх хугацаанд давсан бөхөд башё болдог сондгой сар тутам олгодог мөнгөн шагнал)
-Ёкозүнаг унагаж хоёр дахь Кинбоши авсан анхдагч (1999 оны III сар)
-Ёкозүнаг унагаж гурав давь Кинбоши авсан анхдагч (2000 оны III сар)
-Ёкозүнаг унагаж дөрөв дэх Кинбоши авсан анхдагч (2002 оны I сар/)
-Уран барилдааны шагналыг хоёр дахь удаа авсан анхдагч (10-5. 2002 оны V сар)
-Гарамгай барилдааны шагнал, мөн тав дахь Кинбоши авсан анхдагч (8-7. 2003 оны V сар)
-Дайчин барилдааны шагнал авсан анхдагч (12-3. 2005 оны V сар)...
Кёкүшюзан Д.Батбаяр нь 2006 оны арваннэгдүгээр сард Фүкүокагийн Кюүшү башёд ёс төдий оролцож хүндэтгэл үзүүлээд Сүмо бөхөөс зодог тайлсан. Тэрээр мэргэжлийн Сүмо бөхийн онцгой гурван шагнал-Уран барилдаан, Гарамгай барилдаан, Дайчин барилдааны шагналыг бүгдийг нь хүртсэн өвөрмөц амжилтын эзэн юм.
Б.ЕРЭНТЭЙ
Сэтгэгдэл (3)