УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан нар өчигдөр мэдээлэл хийж УИХ-ын даргыг огцортол чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ тухай Т.Аюурсайхан гишүүн “Цаашид бид УИХ-ын чуулганыг Үндсэн хууль болон бусад хуульд захирагдаж ажиллах ёстой. УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд ажиллах ёстой гэж үзэж байна. Нийтийн сонсгол явуулах хүсэлтийг Ж.Батзандан нарын гишүүн гаргасан. Гэвч хэлэлцээгүй. Үүний дараа Л.Оюун-Эрдэнэ нар “60 тэрбум”-ын асуудлаар нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргасан ч, хэлэлцээгүй. Нэр бүхий гишүүд ээлжит бус чуулган явуулах хүсэлт гаргасан ч, ээлжит бус чуулган зарлаагүй. Энэ бүхнээс УИХ-ын дарга М.Энхболд маш олон хууль тогтоомжийг зөрчиж байна гэж бид бүхэн үзэж байна. М.Энхболд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан атал гишүүд түүнд өргөн барьсан. Одоо тэр асуудлыг хэлэлцэх үед хуралдааныг удирдахаар зэхэж байна. Тиймээс бид ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулсан УИХ-ын чуулганд нэр бүхий 40 орчим гишүүн оролцохгүй. УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх хүртэл бид байр сууриасаа ухрахгүй” гэсэн билээ.
Тэгвэл УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах асуудлыг хуульд юу гэж заасан байдгийг тодруулъя. УИХ-ын тухай хуулийг аравдугаар зүйлд энэ тухай дурдсан байдаг.
10.1. Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
10.2. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:
10.2.1. нас барсан;
10.2.2. өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
10.2.3. хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
10.2.4. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
10.2.5. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан.
10.3. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.
10.4. Энэ хуулийн 10.2.2, 10.2.3-т заасан тохиолдолд Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, 10.2.4, 10.2.5-д заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол батална.
С.Нацаг
Сэтгэгдэл (18)