Хүнсний ногоочид, үйлдвэрлэгчид, хөдөө аж ахуйн мэргэжилтний төлөөлөл болсон 80 хүнийг хамруулсан "Органик бордоо" сэдэвт гурван өдрийн сургалт өнөөдөр (2018.11.20) ХХААХҮЯ-ны хурлын танхимд эхэллээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын бүтээмжийн төвөөс Адра Монгол ОУБ, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монгол ногоо төсөл, Азийн бүтээмжийн байгууллага, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж буй "Органик хүнс, хөдөө аж ахуй" үндэсний III чуулганыг угтан явуулж буй тус сургалтын эхний өдөр "Органик хүнсний баталгаажуулалт" гэсэн асуудалд төвлөрч байна.
Тэр дундаа "Монголын байгаль, цаг уурын нөхцөл болон байгаль орчныг хамгаалах асуудлууд", "Нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйн тухай", "Нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйн зарчмыг хэрэгжүүлснээр Монгол Улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь", "Өөрт байгаа нөөц бололцоондоо тулгуурлан ойрын болон хэт ирээдүйд хэрхэн хөгжих вэ", "Хөрсний үржил шимийг сайжруулах үндсэн механизмууд", "Бордоог хадгалах хөрсний үржил шимийг сайжруулах" зэрэг асуудлыг хөндөн, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Органик бордоог өрхийн болон үйлдвэрлэлийн түвшинд бэлтгэж, ашиглах зорилготой сургалтыг нээж, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох үг хэлсэн бол энэ цогц асуудлын хүрээнд Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Камал Мелвани сургалтыг удирдаж байна.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох сургалтыг нээж хэлсэн үгэндээ: "Өнөөдөр органик хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн зохицуулалт үндсэндээ бүрэлдсэн гэж хэлж болно. Бид олон улсын хэмжээнд 100 гаруй жилийн хөгжлийн түүхтэй ч Монгол улсад огт зохицуулалтгүй байсан органик хүнс хөдөө аж ахуйн эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж, батлуулж, хэрэгжүүлж байгаа учраас алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй, гэхдээ бид алдаанаас суралцаад урагшаа алхах нь чухал байна.
Өнөөдрийн эхэлж буй гурван өдрийн сургалтаар бид бүхэн Органик хүнсний баталгаажуулалт сэдвээр органик бордоог өрхийн болон үйлдвэрлэлийн түвшинд бэлтгэж, ашиглах, органик аргаар хог ургамал, хортон шавжтай тэмцэх үйл ажиллагаа, учирч буй бэрхшээл, авах арга хэмжээ, Органик, био бордоог ахуйн болон үйлдвэрлэлийн нөхцөлд бэлтгэх, тэдгээрийг хэрэглэх талаар дадлага үзүүлэх сургалтыг зохион байгуулах болно" гэдгийг онцоллоо.
Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Камал Мелвани: "Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Камал Мелвани: Монгол Улсад ирсэндээ баяртай байна. Миний хувьд оролцогчдод нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйн дадал, хөрсөө хэрхэн хамгаалах талаар зааж зөвлөж байна. Монгол Улс одоогийн байдлаар хөрсний үржил шим буурч байгаа орны тоонд багтдаг.
Энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас анхааран, хөрсний үржил шимийг сайжруулах, органик бордоо үйлдвэрлэх чиглэлээр маш чухал сургалт зохион байгуулж байгаад талархаж байна.
Би өөрийн 25 жилийн мэдлэг, туршлагаа Монголын газар тариалан эрхлэгчид, хөдөө аж ахуйн малчид, фермерүүдэд хуваалцан, хөрсний чанарыг сайжруулах арга зам, шинэ технологи ашиглаж болох талаар хуваалцаж байгаа юм. Хөрсний чанарыг сайжруулна гээд ярихаар хөрсөн дэх био-организмиудын өсөлтийг хангах, олон янз байдлыг нэмэгдүүлэх нь чухал. Үүний тулд газар тариалангийн салбарт хэрэглэж буй тариалалтын арга, техникээ өөрчлөх хэрэгтэй. Хучлагатай тариалалтыг сонгож, хамгаалах, эх орны хөрсөнд ургадаг, хөрсийг нөхөн сэргээдэг ургамлыг тарьж ургуулах нь зүйтэй. Энэ аргыг Монголтой ижил төстэй Канад зэрэг улсад туршиж үзэхэд хөрсний үржил шим нь сайжирсан байдаг" гэв.
Эхний хоёр өдөр оролцогчдын дунд онолын мэдлэг олгох сургалт явуулж, сургалтын гурав дахь өдөр Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Монгол экологийн бордоо” ХХК-ийн био бордооны үйлдвэрт практик дадлага хийх юм.
Эх сурвалж: ХХААХҮЯам