Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шаардлага хүргүүлсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Би хараагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Одоогоор энэ талаар уншсан юм байхгүй байна. Уншиж, харж байж болно.
-Өчигдөр таныг АТГ-т шалгуулахаар иргэн хандсан. ЖДҮ-ийн санд зээл байхгүй гэх шалтгаанаар та тэнцсэн төслийг нь өгөөгүй асуудал байгаа юм уу?
- ЖДҮ-ийн сангаас олгож байгаа зээлийг сайд өөрөө мэдэж өгдөггүй. Энэ нь тусгай журамтай. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан гэж байгаа. Энэ сан журмынхаа дагуу материал авна гээд нийтэд зарладаг. Материалыг эхний ээлжинд сан дээр бичиг баримтын шаардлага хангасан эсэх бүрдлийг үздэг. Түүнчлэн төсөл шалгаруулах хороо гэж байгаа. Тухайн хороо хуралдаж, гарсан шийдвэрийг сайд баталгаажуулдаг. Баталгаажуулсан төслийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сан барьцааны болон зээлийн гэрээ хийдэг. Барьцааны гэрээ болон зээлийн гэрээ шаардлага хангахгүй бол гэрээгээр зээл олгохгүй байх ийм л журамтай. Түүнээс сайд олгочихдог юм биш. Буруу ойлголттой байна. Төсөл сонгон шалгаруулах хороо хуралдан шийдвэр гаргаж, тухайн шийдвэрийн дагуу сайд баталгаажуулан дараа нь ЖДҮ-ийн сан дээр зээлийн болон барьцааны гэрээ хийнэ. Барьцааны гэрээ тавьж чадахгүй, мөн шаардлага хангаж чадахгүй бол олгогдохгүй шүү дээ.
-Бүлгийн дарга Д.Хаянхярваа танд зарим компаниудыг дэмж гэсэн утгатай албан бичиг өгсөн гэсэн?
-Тийм бичиг надад өгөөгүй. Сан руу өгсөн байж болно. Монгол Улсын төрийн алба дандаа л бичиг цаасаар л явдаг шүү дээ. Түүнийхээ дагуу өгсөн байж магадгүй.
-ЖДҮ-ийн сангийн ихэнх зээлийг гишүүдэд олгосон байна гэх яриа байгаа?
-ЖДҮ-ийн дэмжих сангаас зээл хүсч байгаа материалыг авна гээд ЖДҮ-ийн хөгжүүлэх сан хэвлэлд мэдээлдэг. Түүнээс цаана хэний компани байгааг мэдэхгүй. Гэхдээ ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, тэнд ажиллаж байгаа хүмүүс бичиг баримтын бүрдүүлэлтээ хийгээд үнэхээр энэ аж ахуй нэгж, компани болох юм байна гэсэн төслүүдээ төсөл сонгох хороо руу оруулдаг. Хороо хурлаараа шийдвэрлэж зээл олгогддог. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж хэн боловч материалаа өгөөд оролцох нь нээлттэй. Түүнээс ард нь хэн байгааг мэдэхгүй.
-ЖДҮ-ээс зээл авахад нарийн заалт байдаг уу?
-Байгаа. Жижиг дунд үйлдвэрлэгч гэж хэнийг хэлэх вэ гэх шинэчилсёэн хуулийн төсөл явж байна. Одоогийн хууль их зөв хуулвь. Энэ хууль бол ЖДҮ-ийн сангаас олгогдож байгаа зээлийг бид шилэн болгосон. Тийм болохоор энэ мэдээллүүд явж байгаа. Өмнө нь бол нэлээн хаалттай байсан. Шилэн болоод мэдээллүүд ил болоод ирэхээр янз бүрээр улстөржүүлээд бичиж байна шүү дээ.
-Зээл олгосон компаниудыг эргэн хянах процедур яаж явагдах вэ?
-Процедур явагдана. Одоо олгогдож байгаа зээлийг ирэх жилийн тав зургадугаар сард зориулалтаар нь ашиглагдаж байна уу, авсан үйл ажиллагаандаа зарцуулав уу гэдэгт дотоодын мониторинг ажиллана. Мөн ЖДҮ-ийнхэн ажиллана.
-ЖДҮ-ээс зээл аваад Банк бус санхүү рүү оруулан мөнгө угааж байна гэх мэдээлэл гараад байгаа?
-ЖДҮ-ийн журмын сан дээр дэг журам байдаг. Тэнд юу гэж заасан гэхээр хэд хэдэн үйл ажиллагаанд зээл олгохыг хориглосон байгаа. Нэгдүгээрт, Банк санхүү, ломбардын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид олгохгүй. Хоёрдугаарт, архи тамхи, согтууруулах ундаа үйлдвэрлэж байгаа аж ахуй нэгжид олгохгүй. Үүнээс бусад ямар ч үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид зээл олгогдох нь нээлттэй.
-Эргэн төлөлт нь хангалтгүй байгаа юм билээ. Үүнийг хэн хянах ёстой юм бэ?
-Ер нь эргэн төлөлт гайгүй төлөгддөг. Хоёр зарчмаар олгогддог. Банкаар дамжуулж, эсвэл ЖДҮ-ийн журмаар олгогддог. Эргэн төлөлт 93.7 хувьтай гэж ЖДҮ-ийнхэн гаргаж өгсөн. Яагаад гэхээр энд юм хийе гэсэн төслүүдэд олгодог. Энэ нь зүгээр олгогддог биш. Хамгийн гол нь зээл авахын тулд аж ахуй нэгжүүд хамаг юмаа тавьж байна. Тухайлбал, орон сууц, компани зэргээ барьцаалж байгаа учраас эргээд сайн төлөгддөг зээл.
-Өчигдөр Сангийн яамнаас шалгалт хийхэд Л.Гүндалай, Я.Санжмятавын үед олгогдсон зээлүүд эргэж төлөгдөөгүй байна гэсэн шалгалтын дүн мэдээлэгдсэн?
-Түүнийг би мэдэхгүй байна. Ер нь хугацаа хэтрээд төлөгдөөгүй зүйлүүд байгаа. Зарим нь сунжраад төлөгдөж байгаа. Гэрээнд юу гэж заасан байна түүнийг ЖДҮ-ийн сантай тохиролцоод цаашаагаа явах ёстой.
-Таны нэр холбогдсон компани ямар чиглэлээр зээл авсан юм бэ?
-Би мэдэхгүй байна. Холбогдоод байгаа компани бол хувьцаат компани. Хөрөнгийн биржээр арилжаалагддаг. 100 гаруй хувьцаа эзэмшигчтэй ийм компани. Өмнө манай эхнэр хувьцаа эзэмшигч байсан. 2016 оноос хойш уг компанийн хувьцааг эзэмшихээ больсон. Намайг сайд болохоос өмнө компани өөр хүн рүү шилжсэн. 2017 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгт энэ компани байхгүй.
Б.Лхам
Сэтгэгдэл (7)