УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ирэх оны нэгдсэн төсвийг та хэрхэн дүгнэж байна. Өмнөх оноос юугаараа онцлогтой вэ?
-Хамгийн чухал нь төсвийн тэнцлийг л хангаж байх ёстой. Хийгдэж буй хөрөнгө оруулалтаар улс орноороо жигд хөгжиж байх ёстой. Тэр тусмаа орон нутгийг дэмжих, орон нутгийн бие даасан байдлыг бий болгоход онцгой анхаарах хэрэгтэй. Энэ төсвийн хувьд ерөнхийдөө өөдрөг, найман хувийн өсөлттэй байна гэж байгаа. Гэтэл дэлхий нийтийн эдийн засгийн өсөлт 3.7, хөгжиж байгаа орных 5.1, ОХУ 1.5, БНХАУ-ынх 6.4 байна. Манай үндсэн суурь өсөлт нь найман хувийн өсөлттэй байна гэж төсөөлснөөс болоод дараа дараагийн орох орлогоо их өндрөөр төсөөлж байна. Зарлагаа танаж чадахгүй байна. Магадгүй хамгийн чухал нь төрийн албаны реформ хийж нэгэнтээ тэвчиж болох зардлаа танаж болно. Ирэх оны төсөлд сургууль, цэцэрлэгийг ихээр байгуулахаар төсөвлөсөн. Энд эргээд тогтмол болон урсгал зардал нэмэгдэнэ. Тухайлбал, боловсон хүчний асуудал яригдана. Төсвөө хийхдээ дараа дараагийнхаа уялдаа холбоог тооцоолж, бодлоготой хийх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, бид есөн их наядын төсвөөс 2.2 их наядыг цалиндаа өгч байна. Энэ нь ажил хийж байгаа дөрвөн хүний нэг нь ямар нэгэн байдлаар төрийн албанд ажиллаж, төрөөс цалинжиж байна гэсэн үг.
Нөгөөтэйгээр бид эдийн засгаа солонгоруулна, мөнгө олдог салбаруудаа нэмэгдүүлнэ гэж ярилаа. Ингэж ярьсаар 20 гаруй жил болж. Энэ хугацаанд эдийн засгаа солонгоруулах дорвитой зүйл хийгээгүй байна. Гэтэл үүний оронд улсын төсөвтөө биш юмаа гэхэд төр бодлогоор дэмжээд, ямар нэгэн байдлаар хөнгөлөлттэй зээл тусламжуудаар импортод гаргах гэж байгаа тэр бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд онцгой анхаарах хэрэгтэй. Манайх бараг 80 сая малтай, 220 гаруй мянган малчин өрхүүдтэй. Харин энд малынхаа мах, түүхий эдийг борлуулж, ноос ноолуур, арьс ширийг нь боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, экспортолдог байгууллага байхгүй байна. Хуучин социализмын үед Арьс ширний комплекс гэж байдаг байсан. Энэ мэт хэрэгтэй үйлдвэрлэлүүдээ алдаад байгаа. Одоо харин малаа эрүүлжүүлэхээс эхлээд маш сайн хийх хэрэгтэй. Ингэх юм бол одоо манайх хөрөнгө төвлөрүүлэх боломжтой. Бид ОХУ-аас шатахуун, тослох материалынхаа бараг 99 хувийг, БНХАУ-аас хүнс, өргөн хэрэглээний барааны 80-90 хувийг авч байна. Үүнээс үүдэж бий болж байгаа доллар Монголдоо үлдэхгүй гадагшаа гарч байна. Тиймээс импортыг аль болох хязгаарлах, импортыг орлох бүтээгдэхүүнийг гаргах бүр цаашлах юм бол экспортыг дэмжих зүйлд онгой анхаарах нь чухал байгаа юм.
-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд мөнгө төлөвлөөгүй байсан. Сангийн сайдын зүгээс мөнгө төсөвлөлтгүй, эргэн төлөлтөөр болно хэмээн үзсэн. Гэвч байнгын хорооны хурлаар 97 тэрбумыг төсөвлөхөөр боллоо. Ер нь ЖДҮДС-д мөнгө төсөвлөх хэрэгтэй юу. Мөнгө төсөвлөсөн ч зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгаа асуудал гарч байна?
-Ер нь жижиг дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийг дэмжих чиглэлд мөнгө төсөвлөх нь зүйтэй. Харин хяналтаа сайн байлгах хэрэгтэй. Зориулалтын дагуу зарцуулж байна уу, төслийнхөө дагуу хэчнээн хүнийг ажилтай болгосон, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, орон нутагтаа ажлын байрыг хэр бий болгож байна гэдэг нь чухал болохоос хэн авах нь чухал биш. Бид хувийн хэвшлээ дэмжье хэмээн ярьдаг ч яг бодитой юм хийж чадахгүй байна. Хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрүүд арилжааны банкнуудаас бараг 20 хувийн хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа явж байна. Ийн өндөр хүүтэй зээл авснаар хэрэглэгчдээ үндсэн бүтээгдэхүүнээс 20, 30 дахин илүү үнээр хэрэглэгчдэд эцсийн бүтээгдэхүүнээ зарж байна. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлүүд бага хүүтэй учир бүтээгдэхүүний үнэ бага тусна. Тиймээс би жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд мөнгө төсөвлөх нь зөв гэж бодож байна.
-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас эрхэлсэн сайд нь зээл авах хэр зүйтэй вэ. Цаашид энд хэрхэн анхаарах хэрэгтэй бэ?
-Ер нь хамгийн их мэдээлэлтэй, гаргаж байгаа шаардлагад нь нийцсэн хүмүүс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авч байгаа. Шаардлага болох барьцаа хөрөнгө, гурван жилийн тайлан, жижиг дунд үйлдвэрлэлийн гэрчилгээ зэрэг шалгуур үзүүлэлтийг давж байгаа хүн зээлийг авч байгаа. Тиймээс гурван сая иргэдэд бүгдэд нь нээлттэй. Магадгүй тавьж буй шалгуур үзүүлэлтэд иргэд тэнцэхгүй байвал шалгуур үзүүлэлтээ бууруулах арга хэмжээ авах болно шүү дээ.
-УИХ-ын гишүүдэд таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Гишүүд тойрогтоо хүрэлцээтэй, хүрэлцээгүй гэх зэргээр л ярьж байна. Таны тойрогт хэр хүрэлцээтэй мөнгө вэ?
-УИХ гишүүдэд таван тэрбумыг хуваарилсан гэж буруу ярьж зөв ойлгоод байх юм. Иргэд аймаг, орон нутагтаа тулгамдаж байгаа асуудлыг сонгогдсон гишүүндээ хэлдэг. Бидэнд ийм зүйл тулгамдаад байна, үүнийг улсын төсөвт оруулж өгөөч ээ гэдэг. Бид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр мөнгө төгрөгөө хуваарилж байна. Миний тойрогт улсын төсвөөр сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, төрийн байгууллагуудын инженерийн шугам сүлжээний асуудал шийдэгдэж байна. Мөн цэвэрлэх байгууламжуудын асуудал, эрүүл мэндийн асуудал шийдэгдэж байгаа.
-Валютын ханшийн өсөлт, төгрөгийн сулралд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг буруутай хэмээн Т.Аюурсайхан гишүүн үзсэн? Энд ганцхан Монголбанкны ерөнхийлөгч буруутай юу?
-Эдийн засгийн хямралын хамгийн гол шалтгаан нь валютын хомсдол. Үүнээс гаргах гол шалтгаан нь саяны миний ярьсан экспортоо дэмжих, доллар олоход байгаа. Валютын хомсдлоос гарахын тулд дан ганц төгрөг үйлдвэрлэж болохгүй харин эдийн засгийн зөв тогтвортой зүйл явуулж байж энэ долларыг олно.
-Намрын чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй талаар ярьсан. Энэ дээрх таны байр суурь?
-Тогтолцоогоо буруу гэж боддоггүй. УИХ нь хууль тогтоох байгууллага байх ёстой, хууль тогтоох байгууллагын хажууд хяналтаа онцгой сайн тавих ёстой. Гүйцэтгэх засаглал нь засаглалын ажлаа хийж, Шүүх нь шүүхээ, Ерөнхийлөгчийн институц нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байх ёстой. Ингэх юм бол тогтолцооны гажуудал гарахгүй. Бид төрийн байгуулалтдаа мөнгө заралгүйгээр бодит бүтээн байгуулалтад, мөнгө олох зүйлдээ хөрөнгө оруулмаар санагддаг.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (11)