Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас олон талыг оролцоог хамруулан, мах, сүүний гарал үүсэл, ариун цэврийн баталгаажуулалт, мөшгих тогтолцоо гэсэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд "Сүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт” туршилтын төслийг хэрэгжүүлэхээр болов. Төслийн хүрээнд сүүний гарал үүсэл, ариун цэврийн баталгаажуулалтын тогтолцоог нэвтрүүлснээр хэрэглэгч худалдан авч буй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэр, сүү нийлүүлсэн малчны харьяалал, саалинд хамрагдаж буй мал эрүүл эсэх, бэлчээрийн ургамлын төрөл зүйл, төлөв байдлын талаарх бүхий л мэдээллийг мэдэх боломжтой.
Өргөн хүрээнд малчин, фермерүүд хүнсний аюулгүй байдал хангасан түүхий эдийг нийлүүлж, үйлдвэрүүд чанарын өндөр түвшинд боловсруулдаг гэдгийг тусгай системээр баталж нотлох нь малчдын орлого нэмэгдэх, түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнэ дээшлэх, экспортын хэмжээ өсөх эерэг ач холбогдолтой гэдгийг онцолж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Аймаг, сумдын мал эмнэлгийн болон хөдөө аж ахуйн газар, тасаг, анхан шатны хувийн мал эмнэлгийн нэгж, мэргэжлийн холбоод зэрэг оролцогч талыг хамарсан “Сүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт” төслийн эхний ээлжинд Төв аймгийн Борнуур, Сүмбэр сумдын Бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/-ийн нийт 250 орчим малчин өрх, фермерийн 2500 орчим саалийн үнээг хамруулахаар төлөвлөжээ.
Б.Лхам