Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх урьдач, суурь нөхцөл нь малын тэжээл байдаг. Тиймээс Төв аймгийн Сүмбэр сумын 40 га-д, Борнуур сумын 2 га талбайд малын ногоон тэжээл тариалах ажлыг Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төсөл санхүүжүүлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв гардан гүйцэтгэж байна. Тус төвийн зүгээс малын ногоон тэжээл тариалах сайн чанарын үрээр хангасан бөгөөд Сүмбэр сумын 40 га талбайд тариалах ногоон тэжээлийн тухайд, 1 га талбайн 50 хувьд улаанбуудай, 38 хувьд обьёос, 12 хувьд арвай тариалжээ.
Төв аймгийн Сүмбэр сумын 60 гаруй малчин ойролцоогоор 12 мянган боодол тэжээл хураан авахыг зорьж байсан бол түүнийгээ давуулан биелүүлж, 15 тонн арвай, 40 тонн овъёос, 70 тонн улаан буудай нийт 125 тонн тэжээл хураан аваад байгаа аж. Борнуур сумын 2 га талбайд жил бүр өөрөө ургаж, нөхөн төлждөг, хөрсийг сэргээдэг, уургийн хаан гэгддэг малын хүчит тэжээл болох олон наст царгас хэмээх ургамлыг мөн амжилттай тарьж ургуулжээ.
Төслийн хугацаанд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв, Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төсөл хамтран "Малчдад зориулсан ногоон тэжээл тариалах агротехник" сэдэвт сургалтыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэшсэн багш нартай хамтран зохион байгуулж, малын тэжээл тариалах дадалд сурган, хураах үед технологийн зөвлөмж өгч ажилласан аж.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)