Эмгэг судлалын төвийн Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй эмгэг судлаач эмч М.Цэцэгдэлгэртэй ярилцлаа.
-Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та байгууллагынхаа талаар танилцуулна уу?
-Намайг М.Цэцэгдэлгэр гэдэг. Би Эмгэг Судлалын Үндэсний Төвд Эмгэг судлаач эмчээр ажилладаг. Эмгэг судлалын алба нь тэртээ 1933 онд Оросын эмч Иософ Адольфович Кусевицский Төв больницын дэргэд Эмгэг анатомийн тасгийг байгуулснаар Монгол улсад Эмгэг судлалын алба үүсэн байгуулагдсан түүхтэй. Энэ жил үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ойтойгоо золгож байна. Эмгэг судлалын үндэсний төв нь улсын хэмжээнд эмгэг судлалын төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах Лавлагаа лаборатори юм.
-Эмгэг Судлал гэж юу вэ?
-Эмгэг судлал нь анагаахын шинжлэх ухааны олон салаа мөчрүүдийг зангидсан гол тулгуур шинжлэх ухаан бөгөөд өвчин эмгэгийн улмаас хүний бие махбодод гарч байгаа бүтэцзүйн эд, өөрчлөлтийг эд, эсийн түвшинд судалдаг.
Манай уншигчдад илүү тодорхой тайлбарлаж өгвөл?
-Хүмүүс эмнэлэгт ходоод дурандуудах, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх, түүнчлэн арьснаас ургацаг авахуулах, мухар олгой авахуулах гээд маш олон ажилбар хийлгэдэг. Жишээлбэл ходоод өвдлөө гээд хандахад тэнд хавдар байна уу эсвэл үрэвсэл байна уу гэдгийг дурангаар хараад ч оношлох боломжгүй. Харин тэнд яг ямар өөрчлөлт байна гэдгийг тухайн хэсгээс нь эд эсийн шинжилгээ авч оношлодог. Эд эсийн шинжилгээ нь тусгай лабораторид хийгддэг, олон дамжлага дамжиж хамгийн сүүлд нь мэргэжлийн эмгэг судлаач эмч түүнийг микрокопт харж онош тавьдаг юм. Мөн дахиад энгийн жишээ хэлэхэд хүний гар дээр ургацаг гарлаа гэхэд мэс засалч эмч түүнийг аваад хаяж болдоггүй, тэр нь хортой хавдар ч байж болно, энгийн мэнгэ ч байж болох учраас зайлшгүй эд эсийн шинжилгээ хийгддэг юм. Түүний дараа оношоосоо хамаараад хэрэв хавдартай бол тухайн хүнд дахин эмчилгээ хийлгэх ч шаардлага гарч болно.
-Таны мэргэжлийн давуу тал?
-Эмгэг судлаач эмч нарыг хүмүүс төдийлөн мэддэггүй, бид эмнэлзүйч эмч нарын найдвартай ар тал, бас эмнэлзүйч эмч нарын хамгийн сайн багш нар байдаг. Эмнэлгүүдийн техник, тоног төхөөрөмж шинэчлэгдэн оношилгоо эмчилгээий нэр төрөл нэмэгдэхийн хэрээр эд, эсийн шинжилгээний тоо ихэссэн ч бид эцсийн онош дүгнэлтийг цаг алдалгүй гаргаж өгч, оношийг баталгаажуулж, олон өвчтөний эмчилгээнд тус олж байгаад бахархдаг.
-Өвчтөнд оношийг мэс заслын эмч ч юмуу, эмчлэгч эмч нь оношийг тавьдаг гэж ойлгодог байлаа?
-Тиймээ, тухайн хүний онош хэзээ хэрхэн тавигдаж байгаагаасаа шалтгаалаад олон янз байдаг. Тухайлбал, мэс засал, мэс ажилбар, бүх төрлийн дуран, эмэгтэйчүүдийн шинжилгээний урьдчилсан оношийг эмчлэгч эмч буюу эмнэлзүйч эмч нар тавьдаг. Харин эд, эсийн шинжилгээний эцсийн онош дүгнэлтийг тогтоодог хүмүүс бол эмгэг судлаач эмч нар байдаг. Жишээ нь, хорт хавдар оношлогдвол хавдрын хортойшлын зэрэг, үе шатыг тогтооно. Тэгэхээр эмнэлзүйч эмч, багажийн шинжилгээний эмч, мэс заслын эмч, эмгэг судлаач эмч нар бол яах аргагүй нэг цул баг болж байж тухайн хүний онош дүгнэлтийг гаргаж, эмчилгээ, цаашдын тавиланг тодорхойлдог.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)