Сар бүрийн 25-ны өдөр авлигатай тэмцэх газраас үйл ажиллагаагаа танилцуулж олон нийтэд мэдээлэл хийдэг. Энэ нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлж буй нэг хэлбэр гэж хэлж болно.
Саяхан 1.3 сая долларын авлигын гэх хэрэг шуугиан тариад байв. Уг хэргийг ТЕГ хүртэл хараандаа авсан. Авлига өгөх гэж байсан этгээдүүд БНХАУ-ын иргэд байсан бөгөөд лицензийн хэргээр бусдад их хэмжээний авлига өгсөн гэх боловч одоогоор тодорхой болоогүй юм. Энэ хэрэгт олон хүн хамсаатан болж байгаа бөгөөд цагдаагийн удирдах албан тушаалтнуудаас эхлээд шүүхийн шинжээчид, цаашлаад УИХ-ын хоёр гишүүн ч холбогдсон гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Болдбаатар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарыг холбогдуулан шалгаж байв. Харин хэн гэх гишүүд холбоотой болох нь тодорхойгүй байсан билээ.
Улмаар ТЕГ-аас 1.3 сая долларын авлига өгсөн гэх Хятадуудын гэрт нэгжлэг хийсэн юм. Уг ажиллагааг гадаадын тагнуулын албатай хамтран явуулсан гэдэг. Нэгжлэгийн дүнд хэд хэдэн хайрцагтай зүйлийг битүүжилсэн байдаг. Мэдээж мөрдлөг явуулахад хэрэг болох эд зүйл, бичиг баримт байсан нь гарцаагүй. АТГ, ТЕГ нар хоёулаа шалгалт хийгээд ч уг хэргийг үнэн зөвийг одоог хүртэл гаргаж ирэхгүй байна. Энэ авлигын гэх хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд холбогдсон тул ард урдаасаа шахаастай, хэргийг удаашруулж байна ч гэх хардлага олон нийтэд бий.
Түүчнлэн хэргийн хамсаатан байж магадгүй хэмээн шалгаж байсан хурандаа Ч.Болдбаатарыг холбогдолгүй гэж тус газраас бичгээр мэдэгдсэн юм. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн албан бичгийг сийрүүлвээс "Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн дугаар хэрэгт Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураагдсан гэх ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдсэн” гэжээ.
Дээрх авлигын хэрэгтэй холбоотой мэдээлэл АТГ-ын сар бүрийн мэдээллийн өмнөх өдөр олон нийтийн анхааралд хүрж байв. Хэргийн эздийг Хятад хүмүүс, лицензтэй холбоотой хэрэг гэх тодорхой баримжаатай мөртлөө уг хэрэг шийдэгдэх нь бүү хэл сунжраад байгаагийн гол учиг нь юу вэ. Эд мөрийн баримт гэх дөрвөн хайрцагтай зүйлд нь хэрэгтэй юм байгаагүй хэрэг үү. Сар орчмын хугацаа өнгөрөх гэж байхад хүчний байгууллагаас “А” гэж ганц үг унагасангүй.
Ер нь АТГ мэдээлэл гаргахынхаа өмнөх өдрүүдэд нийгэмд сенсаци гаргаж, олныг татдаг нэг тийм аргатай. Хэрэгт холбогдолтой хэмээн баривчлаад л сүр дуулиан болгодог боловч холбогдолгүй гээд л өнгөрчихдөг. Шалгаад л байдаг, шалгаад л байдаг. Хэн нь илэрдэггүй. Уг хэргийн талаар АТГ-аас шалгалтын явцад байгаа гэсэн хариултыг өгч байна. Ерөнхийдөө сүүлийн үед анхаарал татаад буй чухал асуудлууд бүгд шалгалтын явцдаа л байгаа аж.
Тухайбал, өчигдөр Төрийн банкны нэр бүхий хүмүүс авлигад холбогдсон түүнчлэн энэ сарын 5-ны өдөр Улсын Нэгдүгээр сургуулийн захирлыг авлига авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын асуудал хийгээд сүүлийн үед анхаарал татаад буй олон авлигын асуудлууд байна. Харин энэ талаар АТГ өнөөдрийн мэдээлэлдээ дээрх асуудлууд мөрдөн байцаалтын явцад байгааг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нөгөө л зарчмаараа шалгаж байгаа гэх үгээр амыг нь таглачихдаг улиг болсон хариулттай. Дээрх асуудлууд дараагийн хуралдаан дээр ч шалгагдаж дуусаагүй байхыг үгүйсгэх аргагүй.
Түүнчлэн аливаа асуудлыг олон нийтэд сүр дуулиан болгон мэдээлчихээд зарим нь яасан нь мэдэгдэхгүй таг болдог явдал бий. Зарим нөлөө бүхий хүмүүсийн асуудал бол хариулт ч үгүй ор тас замхарна. Ялангуяа нөлөө бүхий улстөрчдийн идэж, уусан асуудлыг хав дараад өнгөрөх биш олон нийтэд ил тод мэдээлж байх хэрэгтэй. Ядаж олон нийтийн сонгох, сонгогдох эрхээ эдэлж, зөв сонголт хийхэд түлхэц болно.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)