Авлигатай тэмцэх газраас сарын 25-ны өдөр тухайн сард хийсэн ажлынхаа мэдээллийг танилцуулдаг. Энэ удаагийн хуралд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог нар оролцлоо.
АТГ-ын дөрвөн ажлын хэсэг Сэлэнгэ, Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр зэрэг аймгуудад ажиллаж байгаа аж. Ажлын хэсгүүд өмнө нь Дорноговь, Хэнтий, Баянхонгор, Булган зэрэг аймгуудад ажилласан бөгөөд ирэх арваннэгдүгээр сард үлдсэн аймгуудад ажиллаж дуусах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэ хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, мөн 2018 оны худалдан авах ажиллагааны явц, гүйцэтгэл, үр дүнг хянан шалгаж байгаа гэдгийг хэлж байна.
“Мөн өнгөрсөн онд АТГ-ын албан хаагчид 21 аймагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалган олон зөрчил, дутагдлыг илрүүлжээ. Зарим зөрчил, дутагдал нь гэмт хэргийн шинж агуулсан байж болзошгүй учраас илүү нарийвчлан судалж шалгаж байгаа. Эдгээр зөрчил, дутагдлаа арилгах, дахин гаргахгүй байхаар тодорхой үр дүнтэй ажил зохион байгуулаарай гэж АТГ-аас 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн” гэдгийг АТГ-ын Олон нийттэй харилцах газраас мэдээлж байна.
Тиймээс энэ удаагийн 21 аймагт ажиллаж буй зорилго нь өмнө хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийг шалгахтай холбоотой аж. Түүнчлэн санхүүгийн мөрдөн шалгах чиглэлээр хууль хяналт болон төрийн байгууллагуудын албан хаагчдад сургалт явуулж байгаа юм байна. Ингэснээр тус албан хаагчдын хамтын ажиллагаа өргөжинө гэж тэд үзэж байна.
Энэ сард авлигатай холбогдсон зарим албан хаагчийг шалгажээ. Тодруулбал, ажилдаа хайхрамжгүй хандаж, эрх бүхий хүний шийдвэргүйгээр хандив туслалцаа авсан Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргатай холбоотой асуудал, давхар ажил эрхлэлттэй холбоотой хуульд заасан хориглолт хязгаарлалтыг зөрчсөн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, мөн албаны мөнгийг охиныхоо компанийн дансанд шилжүүлсэн нь хуульд заасан хориглолт хязгаарлалтыг зөрчсөн гэх асуудлаар тус тус шалгаж байгаа аж.
АТГ албан тушаалтнуудын мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлдгийн учир нь ямар нэгэн дуулиан шуугиан үүсгэх зорилготой биш харин улсын хэмжээнд өөр бусад төрийн тушаалтнууд авлигын эсрэг хууль тогтоомжоо ёсчлон биелүүлэхийг сануулсан, анхааруулсан нэгэн төрлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдгийг цохон тэмдэглэв.
Энэ сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 863 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, ийм хэжээний шилжилт хөдөлгөөн төрийн албанд хийгдсэн гэсэн үг юм. Энэ хүрээнд Дорноговь, Завхан, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор тус тус нэр дэвшигчдийг хянан шалгаж үзээд илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэжээ.
Авлигын эсрэг сургалт зохион байгуулж 6000 орчим төрийн албан хаагчдыг хамруулжээ. Цаашид энэ тоог өсгөнө гэв.
Мөн АТГ-аас энэ сард хоёр судалгааны дүнг танилцуулсан. Эдгээр судалгааны нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт нөлөөллийг тодорхойлох сургалт байсан юм. Судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд 500.000-1.000.000 хүртэлх хэмжээний мөнгийг төрийн албан хаагчдад хахууль болгон өгсөн байна. Уг судалгааг АТГ-аас анх удаа хийж байгаа бөгөөд үр дүн нь анхаарал татаж буй тул нарийвчлан судалахаар болоод буй.
Дараагийн судалгаа нь хүүхдийн шударга байдлын судалгаа юм. Энэ нь найм дахь удаагаа болж буй бөгөөд Монгол хүүхдүүдийн шударга байдал өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад буурсан үр дүн гарчээ.
Түүнчлэн төрийн байгууллагуудад хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт хангалтгүй байгаа гэдгийг ярьж байна. Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа үйлдэл хавтгайрах шинжтэй байгаа гэв. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга өнгөрсөн жил нөөц хөрөнгийн сангаас зөвхөн шагнал, урамшуулалд 30.8 сая төгрөг зарцуулсан хийгээд бусад зөрчлүүд байгаа аж.
Хамгийн анхаарал татаж байгаа нь 2017 онд ИНЕГ-аас 1.4 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан байгаа юм. Тухайн байгууллагын үндсэн ажилтан биш Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтнуудад 10-22 сая төгрөгийн дэмжлэг олгосон байна.
Мөрдөн шалгах хэлтсээс энэ сард гэмт хэргийн шинжтэй 55 гомдол, мэдээлэл хянан үзжээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 386 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан нь тус суманд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зураг төслийн ажлыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ.
“Буянт-Ухаа спортын ордон” төрийн өмчит аж ахуйт тооцооны газрын эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрийн хамаарал бүхий компанийг хууль бусаар шалгаруулж давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Төрийн албан тушаалтан Э, Г нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад тус тус хүргүүлсэн байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)