Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд иргэдийн санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүний хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, БСШУЯ хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон найман арилжааны банкуудтай хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулж, “Хуримтлалын бэлэг тэмдэг”-тэй болсон. Энэ онд хоёрдох удаагаа зохион байгуулж буй “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгох ач тусыг суртчилан таниулах, хуримтлалын бүтээгдэхүүнийг хүртээмжтэйгээр хүргэх зорилгоор 10 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 2-ныг хүртэл явуулж байгаа юм.
Хуримтлалын талаар БНХГУ-аас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Штефан Дуппел ярихдаа “Хуримтлалын тогтвортой байдал нь эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлдөг. Тогтвортой хуримтлал байснаар эдийн засгийг тогтвортой хөгжүүлж болно. Ялангуяа өр тавихгүй зээл авахгүй, гадаад улс орнуудаас ч мөн зээл авахгүйгээр улс орныхоо эдийн засгийн санхүүгийн бодлогыг зохицуулах нь чухал ач холбогдолтой” гэв.
Мөн тэрбээр “ХБНГУ-д хүүхдийг төрөхөд мөнгөний гахай билэглэдэг уламжлалтай. Тэр гахайд ээж аав, хамаатан садан хийдэг нь хуримтлалын мөнгө хийдэг. Хүүхэд насанд хүрэхээрээ Дэлхийн хуримтлалын өдөр гахайн дахь мөнгөө банканд очиж хадгаламжийн данс нээлгэж хуримтлуулдаг. Энэ нь хүүхдэд санхүүгийн эх үүсвэрийг бий болгож байгааг өөрийн биеэр нь харуулдаг ихээхэн ач холбогдолтой” гэлээ.
Монголбанкны Олон нийт боловсрол мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургул “Олон нийтийн санхүүгийн мэдлэг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг анх 2015 онд баталж хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхлэсэнээс хойш хоёр жилийн дүнг харахад хадгаламжийн мөнгө найман их наядаас 10 их наяд хүртэл өссөн үзүүлэлттэй харагдаж байна. Санхүүгийн боловсрол хүн болгонд хэрэгтэй. Хадгаламжтай хэрэглэгчдийн тоо гурван сая 200 гэж үзэх юм бол хоёр сая 600 мянган иргэн хадгаламжийн данстай байгаа нийт хадгаламжийн хэмжээ 10 их наяд байна” гэв.
Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “Хуримтлал бол тухайн хүний санхүүгийн аюулгүй байдлыг хангаж өгдөг. Үүнд зориулж арилжааны банкнууд олон төрлийн бүтээгдэхүүнийг гаргасан байдаг. Энэ бүтээгдэхүүнээс сонгоод өөрсдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж бүтээгдэхүүнээ сонгож ашиглах боломжтой. Хуримтлал нь иргэд төдийгүй манай улсын эдийн засгийн тогтвортой байдлыг харуулах томоохон чухал үзүүлэлт юм. Бидний өмнө тулгарч байгаа гол асуудал нь зээлийн хүү өндөр байдаг. Зээлийн хүү өндөр байдгийн нэг гол шалтгаан нь зээлийн эрэлттэй харьцуулахад манай хуримтлал бага хэмжээнд байна. Тиймээс хуримтлалаа өсгөх, нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой, найдвартай байдлыг нэмэгдүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байна. Энэ үйл ажиллагаанд цаашид идэвхтэй оролцож хуримтлалыг зуршил болгохыг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Хуримтлалын хэмжээг улам нэмэгдүүлж байж зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ” хэмээн ярив.
Дэлхийн хуримтлалын өдрийг анх 1920-иод оны үеэс эхлэн зохион байгуулж иржээ.
Р.Хишигжаргал