"Хүнсний аюулгүй байдал-Хүнсний экспорт" эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа. “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо болон “Каритас Монгол” олон улсын байгууллагатай хамтран уг эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр дахь жилдээ зохион байгуулсан юм.
"Хүнсний аюулгүй байдал-Хүнсний экспорт эрдэм шинжилгээний бага хурал"-ыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах үг хэлж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Кумар Ахужагийн мэндчилгээг дэвшүүллээ.
Тэрбээр "Төрийн бодлого шинжлэх ухаанд суурилсан байх учиртай. Судалгаа, тооцоотой, үндэслэлд суурилсан аливаа бодлогын хэрэгжилт оновчтой, үр дүнтэй байдаг. Төрөөс судалгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй хамтран технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, судалгааны ажлуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч байна.
Тиймээс их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд судалгааныхаа чанарыг сайжруулах, сэдвийн хүрээг өргөтгөх тал дээр анхаарах зүйтэй юм. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд ихээхэн хувь нэмэр оруулах болно. Та бүхний судалгааны дүнг төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, төрийн захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бага хурлын зорилго оршино" гэв.
Бага хурлын эхэнд Монгол Улсын Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд асан, “САМО” институтын эрдмийн зөвлөх, доктор, профессор Л.Лхагваа Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын өнөөгийн түвшин, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангахад чиглэсэн зорилтуудын гол агуулга, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зарим асуудал гэсэн цогц сэдвийн хүрээнд хүндэтгэлийн илтгэл хэлэлцүүллээ.
Бага хуралд Хөдөө аж ахуйн их сургууль, харьяа хүрээлэнгүүд, Дархан дахь салбар сургууль, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Идэр их сургууль, Технологийн дээд сургууль, Хүнсний аюулгүй байдлын шинжээчдийн холбоо, “Макс центр”, “Монбиофарм” ХХК зэрэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, компанийн төлөөлөл болсон нийт 35 оюутан, судлаачид илтгэлээ ирүүлсэн. Эдгээр илтгэлийг төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг эхний шатанд хянан үзээд өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хуралд оюутан, судлаачдын тус бүр 10, нийт 20 илтгэлийг хэлэлцүүлэв.
Б.Лхам