Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын санаачлагаар “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил”-ийн хүрээнд аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуй нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах, шууд хэрэглэгчдэд нийлүүлэх зорилгоор жилд таваас доошгүй удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулах шийдвэр гаргасан юм.
Тус зорилтын хүрээнд “Төв аймагт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа энэ сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Мишээл экспо төвийн гадна талбайд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээнд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа, Нутгийн зөвлөлийн дарга Д.Дондог болон 27 сумын удирдлагын төлөөлөл, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж иргэд оролцлоо.
Үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн 27 сумын онцлох бүтээгдэхүүн, шинэхэн мах махан бүтээгдэхүүн, шинэ ургацын төмс, хүнсний ногоо, айраг, сүү, цагаан идээ, жимс жимсгэнэ, утсан загас, лаазалсан бүтээгдэхүүн, гоёлын болон дулаан хувцас, гар урлалын болон эсгий эдлэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүд дэлгэгдээд байна. тус аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу энэ онд “Цагаан сар”, “Хөдөлмөрийн амт”, “Наадам”, “Хичээлийн шинэ жил” гэсэн дөрвөн удаагийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 27 сумын 480 гаруй өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчигээ эрхлэгч иргэд, аж ахуй нэгж 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцон нийт 209.2 сая төгрөгийн борлуулалт хийсэн юм. "Төв аймагт үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа Зуунмод хотноо 15-16-ны өдрүүдэд Солонго цогцолборт зохион байгуулагдах юм.