УИХ-ын намрын чуулган 74.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Чуулганы хуралдаанаар Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар гишүүд санал хэлэлцэж, 76.2 хувийн саналаар чөлөөлөх санал дэмжигдлээ.
Энэ үеэр Зам тээвэр хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэгтэй холбоотойгоор гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тодруулбал,
О.Баасанхүү “Төрийн албан хаагчид биенийхээ аминд хүрлээ. Г.Занданшатар гишүүн та сайд нь хариуцлагаа хүлээдэг ёсзүйн жишиг тогтоолоо гэж ярьж байна. Гэтэл яагаад өөрөө энэ хэргийг үүрэхгүй, чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй байгаа юм бэ. Үүнийг танаас асууж байна “ гэв
Н.Оюундарь “Энэ бол ажил албан тушаалын зөрчилдөөнөөс үүдэн ноцтой хүн амины хэрэг юм. Энэ хэрэг үнэхээр л гэнэт нэг өдөр болчхоогүй олон жилийн өмнөөс үүдэлтэй хэрэг. Хэргийн бичлэг яагаад алга болсон юм бэ. Шүүх засаглал гэж байдаг юм уу” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Талийгаач сүүлийн үед архи уусан уу, уудаг байсан уу, Таны сэтгэл санааг ойлгож байна гэж асуудаг гэсэн. Нэг хүнийг өрөөндөө дуудаж оруулаад бүлэглэн зодсон. Харин одоо талийгаач тэр хүмүүсийг зодож байгаад золгүйгээр амиа алдсан гэж яригдаж байна. Талийгаачийн албан тушаалд санаархаж байсан Г.Доржзодов би удахгүй газрын дарга болно. Та нар надтай аятайхан харьцаарай гээд явж байсан. Эрх мэдэлтний өмнө шударга хууль байдаг бол харах цаг нь боллоо” хэмээн ярив.
Т.Аюурсайхан “Албан тушаалыг нь авах гэж оролдсон залуу яамандаа хэлтсийн даргын ажлаа хийгээд явж байна. Түүнийгээ ажлаас нь халаарай” гэх зэргээр УИХ-ын гишүүд уг хэргийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
Түүнчлэн Ерөнхий сайд Зам тээвэр хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай өмнө нь мэдээлж байсан нь энэ хурлаар маргаан дагуулж байлаа. Учир нь сайдыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх бүрэн эрх Засгийн газарт байхгүй гэж зарим гишүүд шүүмжилж байсан юм. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хууль зөрчөөгүй, бүх зүйл хуулийн дагуу явагдсан. Хариуцлага тооцох ёстой байсан дэд сайдыг Засгийн газрын хуулийн дагуу чөлөөлсөн” гэж мэдэгдлээ.
Үндсэн хуулийн Цэцээс гаргасан 10, 11 дүгээр дүгнэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр тогтлоо.
Р.Хишигжаргал