“Дэлхийн Зүрхний Өдөр”-ийг жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Улсын гуравдугаар төв эмнэлгээс “Дэлхийн зүрхний өдөр”-ийг “Миний зүрх, Чиний зүрх” уриан дор иргэд олон нийтэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөг хэлбэрээр зохион байгуулжээ.
Зүрх судасны өвчин нь Монгол улс төдийгүй дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан байсаар байгаа бөгөөд дэлхийд зүрх судасны өвчнөөр жилд 17.5 сая хүн нас бардаг байна. Манай улсын хүн амын нас баралтын гурван хүний нэг нь зүрх судасны өвчнөөр нас бардаг аж.
Өдөрлөгийн үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх, мэдрэл, харвалтын чиглэлийн нарийн мэргэжлийн 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн баг иргэд олон нийтэд хандаж цусны даралт ихсэх эмгэг болон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлт хүчин зүйлийг сурталчлан таниулах, сургалт, мэдээлэл болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчний эрсдэлийн үнэлгээг хийн, эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний зөвлөмж зөвлөгөө өгсөн байна.
Б.Лхам