“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль есдүгээр сарын 3-ны өдөр 2018-2019 оны хичээлийн шинэ жилээ нээж, сурагчдаа угтан авлаа. Нээлтийн ажиллагаанд авьяаслаг бяцхан сурагчид маань найз нөхөд болон хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүд, багш нартаа урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлсэн юм.
“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль өнгөрсөн хичээлийн жилийг амжилт дүүрэн үдсэн билээ. 2017-2018 онуудад Кембрижийн боловсрол эзэмшсэнийг гэрчлэх Кембрижийн шалгалтуудад амжилттай оролцож, дээд оноо авсан сурагчдадаа Сургуулийн ахлах ангийн сургалтын менежер Элизабет Кира Лемонс болон О.Эркегүл нар нээлтийн үеэр сертификатуудыг нь гардуулж, шалгалтад бэлдсэн багш нарт нь баяр хүргээд “Сурагчид маань зөвхөн хичээл номондоо шамдаж, амжилт гаргаад зогсохгүй урлаг, спортын чиглэлээр хот, улс төдийгүй дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд амжилттай оролцож, медаль хүртсэнээр нь бид бахархаж байна” гэсэн юм.
Тухайлбал, сурагч Л.Очирбат Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож, алтан медалийн эзэн болсон бол сурагч Э.Бадамгарав Жүдо бөхийн улсын болон олон улсын тэмцээнүүдээс медаль хүртсэн гээд урлаг, спортын амжилтуудыг дурдаж болно. Түүнчлэн “Улаанбаатар Элит” сургуулийн энэ хавар төгссөн сурагчдын 70 хувь нь АНУ, Их Британи, Япон, БНСУ, Малайз, Австрали, БНХАУ, ОХУ, Франц зэрэг улсад 10-100 хүртэл хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрхээ авсан талаар Элизабет Кира Лемонс ярилаа.
Сургуулийн захирал М.Сойдемир нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ Английн алдарт зохиолч Ж.К.Роулингийн анхны Харри Поттер номыг 12 хэвлэлийн газар хэвлэхээс татгалзаж байсныг жишээ болгон дурдаад “Амжилтад хүрэхийн тулд шантралгүйгээр зүтгэх нь ямар их ач холбогдолтойг хүүхэд бүр ойлгоосой” хэмээн онцолсон юм. Мөн тэрээр хувь хүний хөгжилд академик боловсролын зэрэгцээ манлайлал, багаар ажиллах чадвар, хариуцлага хүлээх, бие биедээ тусалж, дэмжих нь чухал ач холбогдолтойг дурдсан.
“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль нь Model UN буюу “Элит” дэх НҮБ-ын бүлгэмийг ажиллуулж, World Scholar’s Cup, International Story Competition зэрэг олон улсын чанартай тэмцээн уралдааныг Монголд санаачлан зохион байгуулдаг бөгөөд эдгээр арга хэмжээнд идэвхтэй оролцсоноор сурагчид маань үнэтэй туршлага хуримтлуулж байгааг М.Сойдемир захирал онцоллоо.