Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын/НИТХ/ Тэргүүлэгчид өнөөдөр “хүүхдийн аюулгүй орчин”-ы талаар хэлэлцлээ. Хуралд Нийслэлийн Замын Цагдаагийн газар /НЗЦГ/, Онцгой байдлын газар /ОБГ/, Гэр бүл,хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НИТХ болон бусад байгууллага нарын төлөөллүүд оролцлоо.
Хүүхдийн гэмт хэрэг, нөхцөл байдлын талаар,
ЦЕГ-ын хүүхдийн гэмт хэргээс урьдчилан хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Батчулуун: Хүүхэд оршин суугаа газраасаа ор сураггүй болсон гэх дуудлага тасралтгүй ирдэг. Нийслэлийн хэмжээнд 460 орчим хүүхэд бүртгэлтэй байна. Он гарсаар хүүхэд алга болсон гэх 1060 тохиолдол гараад байна. Үүнээс 383 хүүхэд нь өдөртөө олдсон, 650 орчим хүүхэд нь тодорхой хугацааны дараа олдсон байдаг. Зарим алга болсон гэх хүүхдүүдийн цогцос нь олдох нь бий.
Одоогоор Нийслэлийн хэмжээнд ор сураггүй алга болсон хүүхэд байхгүй байна.
Сүүлийн үед гэмт хэргийн улмаас хохирсон насанд хүрээгүй хүний тоо өсч байгаа. Тодруулбал, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52,1 хувиар өссөн. Үүний шалтгаан нь,
- Шинэ хууль хэрэгжиж эхэлтэй,
- Хүүхдийн гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тусгай дуудлага бий болсноор дуудлага хүлээн авах тохиолдлууд нэмэгдсэн,
- Эцэг эхийн хараа хяналтгүйгээс үүдэн гарч байна.
Нийслэлийн Онцгой байдлын дарга Ж.Чүлтэмсүрэн: Гамшгийн асуудлаар он гарсаар 24 хүн амь насаа алдсан хэрэг бүртгэгдсэн. Үүнээс дөрөв нь бага насны хүүхдүүд бөгөөд хоёр хүүхэд нь техникээс, нэг хүүхэд нь үер уснаас үүдэн амь насаа алдсан байна.
Баярын өдрүүд ойртож байгаатай холбогдуулан дүүрэг дүүргүүдэд урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Энэ жилийн хувьд галын дуудлага өмнөх мөн үетэй харьцуулахад 26,8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.
Үер ус, гал түймэр болон өөр бусад болзошгүй эрсдлийн талаар сургалт, сурталчилгаа тогтмол явуулдаг бөгөөд цаашид хяналт тавих болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайтар ханган ажиллана гэж ярьлаа.
Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга П.Мягмаржав: Энэ жил шинээр хүүхдйн хоёр зуслантай болж, үйл ажиллагааны шаардлага хангагдаагүй хоёр зуслан хаагдсан байна. Мөн хүүхэд хамгаалалтын гурван байр байдаг бөгөөд цаашлаад есөн дүүрэгт хүүхэд хамгааллын байрыг бариулах нь нэн чухал байна. Ингэснээр хүүхдийн байгууллагын мэргэжилтнүүд ч хаана хүүхдийн эрх зөрчигдөөд байга тэр хүүхэдтэй тулж ажиллах боломж нь бүрдэх юм.
Мөн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас энэ оны нэгдүгээр улиралд зургаан хяналтын 46 шаардлагатай албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгаа талаар ярьлаа. Түүнчлэн Нийслэлийн бүх Аж ахуйн нэгж, албан байгууллагуудтай хамтран суогалт зохион байгуулсан бөгөөд цаашид хэрэг зөрчлийн тал дэр НЦЕГ, ОБГ-уудтай хамтран ажиллана гэсэн юм.
Ийнхүү Төрийн байгууллагууд өөр өөрсдийн саналыг солилцсоны дараа НИТХ-ын дарга С.Амарсайхан “Бид хэн хэндээ даатгаад орхидог хүнд суртлаас үүдэн эрсдэл гардаг асуудлыг цэгцлэе” гэж уриалж байлаа. Мөн тэрбээр сар бүрийн 9-ний өдрийг “Эрүүл нийгэм, аюулгүй орчин”-ы хүрээнд өнгөрүүлж байхаар санал гаргасан юм. Үүнд тодорхой журмын дагуу иргэн, аж ахуй, албан байгууллагууд бүх нийтээр идэвх санаачилгатай оролцдог, даган биелүүлдэг байх талаар ярьлаа.
Б.Цэрэнлхам