Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах Малын удмын сангийн үндэсний цогцолбор ашиглалтад орлоо. Бүтээн байгуулалтын ажлыг 2013-2018 онд гүйцэтгэсэн цогцолбор албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Ийнхүү Монгол Улсын 21 аймгийн малчид, фермерүүд дэлхийн жишигт нийцсэн мал үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг авахад дөхөм болж байна.
Малын удмын сангийн үндэсний цогцолборын нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон болон Дархан-Уул аймгийн Хонгор сумын удирдлагууд, мал аж ахуйн салбарын ахмад мэргэжилтнүүд оролцсон.
Энэ үеэр малын генийн санг хамгаалах, үр үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон цогцолбор байгууламжтай боллоо гэдгийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат онцолж байлаа.
Уг цогцолбор ашиглалтад орсноор манай орны эрдэмтэн, судлаачид туршилт-судалгаа хийх, мэргэжлийн зохиомол хээлтүүлгийн техникчид үржүүлгийн бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын дагуу үйлдвэрлэж, малчдад нийлүүлэх юм. Улмаар малын үүлдэр угсааг сайжруулах, тооноос чанарт шилжих Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат
Малын удмын сангийн үндэсний цогцолбор нь үр, азот, ээмэгний үйлдвэрлэл, хөврөл үр шилжүүлэн суулгах иж бүрэн лаборатори, малын генийн санг хадгалах зориулалтын байр, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах малын байр, тэжээл боловсруулах цех, сургалтын байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг зэрэг 14 объектоос бүрдэж байна. Нээлтийн арга хэмжээний үеэр эдгээр байгууламжийг нэг бүрчлэн танилцуулж, үр үйлдвэрлэх процесс, хөврөл шилжүүлэн суулгах мэс ажилбар хийж байгааг бодитоор харууллаа.
Эх сурвалж: ХХААХҮЯ