Монголбанкнаас энэ оны нэгдүгээр улирлын инфляцийн тайлангийн мэдээлэл хийлээ. Энэ оны нэгдсэн төсвийн алдагдал болон зардлын нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь өнгөрсөн оноос буурч, төсвийн бодлого үргэлжлэн чангарах төлөвтэй байна. Түүнчлэн инфляцийн төвшин өмнөх оны наймдугаар сараас эхлэн тогтворжиж, Төв банкны зорилтот төсөөллийн төвшинд очсон байна.
“Харин энэ оны төгсгөлд инфляци 7 хувьд очих байх гэсэн төсөөлөлтэй байгаа. Гэхдээ энэ нь бидний төсөөлж, таамаглаж чадаагүй зүйлээс шалтгаалан эрсдэл үүсч өөрөөр эргэх магадлалтай. Энэ нь гадаад болон дотоод хүчин зүйлүүдээс ихээхэн хамааралтай” гэж Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Б. Түмэнцэнгэл онцоллоо.
Гадаад хүчин зүйлд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ, экспортын хэмжээ, тээвэрлэлтэд учирч болзошгүй хязгаарлалтууд, гадаадын шууд хөрөнгө оруулалтын тогтвортой байдал, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилтүүд цаашдын төлөвт гол нөлөөг үзүүлдэг байна. Харин дотоод хүчин зүйл гэдэгт Уул уурхайн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгө оруулалт, газар тариалан, ургац, түүхий эд зэргээс индексийн төсөөлөл ихээхэн хамаардаг байна. Мөн импортын барааны татвар, ханшийн нөлөө, үнийн өсөлт зэрэг нь инфляцийн бас нэг хүчин зүйл байдаг.
Манай улсын хувьд хувийн хэрэглээ ихэссэн, хөрөнгө оруулалт нэмэгдэж хөрөнгийн идэвжил бий болсон. Түүнчлэн уул уурхайн салбарын үйл ажиллагаа мөн адил идэвжсэн байна. Уул уурхайн салбарын идэвхжилтэй холбоотойгоор хүнсний бус инфляци бага зэрэг өсөх бол хүнсний инфляци бага зэрэг буурах хандлагатай ажиглагдаж байна.
Төсвийн алдагдал болон дотоод үнэт цаасны эргэн төлөлтийг байга хүүтэй гадаад эх үүсвэрээр санхүүжүүлснээр цаашид хүүгийн төлбөр багасхаар байгаа аж. Ерөнхийдөө 2018 онд инфляцийн түвшин тогтворжсон нь ДНБ 6.1 хувиар өсөхөд нөлөөлсөн гэж үзэж болох юм.
Хөдөлмөрийн зах зээлийн хувьд хөдөлмөрийн бүтээмж харьцангуй өндөр салбаруудад ажилдагчдын тоо өсч, эдийн засгийн идэвхгүй хүн ам буурснаар хөдөлмөрийн насны хүн ам буурч, ажиллах хүчний оролцооны түвшин болон хөдөлмөр эрхлэлтийн түвшин өсөхөд нөлөөлсөн байна.
Р.Хишигжаргал