Орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх цуврал сургалт өнгөрсөн тавдугаар сараас эхлээд байна. Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанк, БСШУЯ-ны Насан туршийн боловсролын төв, Бичил санхүүгийн хөгжлийн сангийн хамтарсан Ажлын хэсгүүд өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, баруун, зүүн бүсийн таван аймагт сургалтын багц ажиллагаа явууллаа. Орон нутгийн сургалтуудад сумдаас багш нарыг оролцуулж, аймаг тус бүрт 4-7 хоногийн арга хэмжээ зохион байгуулж ажиллав.
Дээрх үйл ажиллагааны хүрээнд энэ онд нийт 288 багшийг сургалтад хамруулахаас одоогийн байдлаар 198 багш бэлтгэгдээд байна. Тэдний 36 нь нийслэлийн, 72 нь Говь-Алтай, Баянхонгор аймгийн, 90 нь зүүн гурван аймгийн багш нар байна. Ирэх 10 дугаар сард сургалтын энэ оны сүүлчийн цуврал үйл ажиллагааг умард бүсийн аймгууд буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймгуудад хийх бөгөөд үүнд 90 багшийг хамруулахаар бэлтгэж байна.
Сургалтад Насан туршийн боловсролын үндэсний төвийн аймаг, сум, нийслэлийн багш нар хамрагдаж, банк санхүүгийн байгууллага, зах зээл, санхүүгийн эрсдэл, түүнээс хамгаалах арга, даатгал, хөрөнгө оруулалт, үнэт цаас, харилцагч, хэрэглэгчийг хамгаалах тогтолцоо зэрэг сэдвүүдээр суурь мэдлэг, нэмэлт мэдээлэл олж авлаа. Ажлын хэсгүүд сургалтын үндсэн үйл ажиллагаа буюу багш нарт зориулсан сургалтуудаас гадна очсон аймгийнхаа төр, захиргааны байгууллагын албан хаагчид, Монголбанкны салбарууд, санхүүгийн байгууллагын ажилтнуудад салбарын төлөв байдал, хөгжлийн хандлага, зохицуулагч байгууллагууд болон хувийн хэвшил, төр захиргааны хамтын ажиллагаа, олон нийтийн санхүүгийн боловсролд тэдний гүйцэтгэх үүргийн талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм.
Багш нарыг бэлтгэх сургалтууд болон бусад үйл ажиллагаанд оролцогчид санхүүгийн зах зээлийн тухай, мөн зохицуулалтын талаарх мэдээ, мэдээлэл ихээхэн дутагдалтай байдгийг дурдан, арга хэмжээнүүдэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Цаашид энэ төрлийн ажлыг сайжруулж, давтамжийг нэмэгдүүлэх, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг өргөн цар хүрээтэй, тогтмол зохион байгуулж байхыг хүсэж байлаа.
Эх сурвалж: СЗХ