Түүхий эд нийлүүлэгч олон орон, тэр дундаа Африкийн улс орнууд эдийн засгийн удаашралыг хангалттай амсч, эдийн засгийн ганцхан тулгуур хэзээ ч бат бэх, найдвартай нөхцөл байж чаддаггүйг маш тод томруунаар харуулсаар байгаа билээ.
Мозамбик
Африкийн тэргүүлэх өсөлттэй эдийн засагтай улс орноор нэрлэгдэх болсон Мозамбик нь Монгол Улсын нэгэн адил эрдэс баялгийн салбарын өсөлтийн буянаар хурдацтай өсөлттэй явж ирсэн улс. Мозамбикийн тухайд Тавантолгой ордтой өрсөлдөхүйц Моатиз коксжих нүүрсний ордтой. Тус улсын эдийн засаг сүүлийн 10 жилийн хугацаанд тасралтгүй жил бүр долоон хувиас илүү өсөлттэй гарч байсан. Мозамбикийн энэхүү өсөлт нь үнэндээ газрын тос болон хийн хайгуулын төслүүдийн үр дүн юм. Мөн тус улс дахь нүүрс, байгалийн хий, алт, фосфат, газрын ховор элемент, үнэт чулуу, хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийн төсөл болох Мозал зэрэг нь дэлхийн уул уурхайн томоохон тоглогчид болох “BHP Billiton”, “Рио Тинто”, “Вале”, “Sason”, “Anadarko”, “Eskom” зэргийн анхаарлыг татах болсон билээ.
Гэвч тус улсад сүүлийн жилүүдэд тохиосон эрдсийн зах зээлийн уналт эдийн засагт нь маш хүчтэйгээр нөлөөлөх болсон юм. Өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард Мозамбик Улс Олон улсын валютын сангаас 286 сая ам.доллар зээлсэн бол 2016 оны эхээр тус улсын эдийн засаг асар хурдацтайгаар доройтож, оны дунд үе гэхэд үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш огцом унаж, гадаад валютын нөөц шавхагдаж, инфляц хоёр оронтой тоонд хүрч, донор байгууллагуудын тусламж багасчээ. Тус улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал нэг бол сайжирч, эсвэл бүр дордож мэдэхээр байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа. Мозамбик Улсын хувьд сүүлийн арван жилийн хугацаанд хийсэн геологийн судалгааны дүнд 5.66 их наяд куб метр байгалийн хий, 20 тэрбум тонн нүүрс болон бусад эрдсийн нөөцийг илрүүлээд байгаа юм. 2004-2013 оны хооронд тус улсын уул уурхай, гидрокарбоны салбар нь 14 орчим тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татжээ.
Гэвч сүүлийн жилүүдэд тохиож буй зах зээлийн уруудах мөчлөгөөс үүдсэн эдийн засгийн хямралаас болж ажлын байрны тоо буурч, олон мянган дотоодын компанийн ажил үйлчилгээ доройтоод буй. Энэ нь Засгийн газрын татварын орлогод ч нөлөөлж эхлээд байгаа бөгөөд ирээдүйд савлагаатай эрдсийн зах зээлээс хамааралгүй болох аргыг тус улс судалж байна. Мөн тус улсын өрийн хэмжээ аюултай түвшинд хүрээд байгаа нь ч эдийн засгийн байдлыг улам хүндрүүлж байгаа юм. Өнгөрсөн 2016 оны эхээр тус улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ийх нь 42 хувьтай тэнцэж байсан бол уг дүн энэ оны эхний улирлын байдлаар бараг 80 хувьд хүрчээ. Түүгээр ч барахгүй Засгийн газрынх нь нууц өр илэрсэн нь “дайран дээр давс үрсэн” хэрэг болов.Тус улсын Засгийн газрын ард иргэд болон ОУВС-аас нууж байсан өрийн хэмжээ дор хаяж 2.3 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь тус улс руу ОУВС болон барууны орнуудаас үзүүлдэг тусламжийг цуцлах шалтгаан болсон. Тус улсын Засгийн газрын уламжилж байгаагаар улсын нийт өр 11.64 тэрбум ам.доллар бөгөөд үүний дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулагчдад хамаарч буй аж.
“FocusEconomics” байгууллагын үзэж буйгаар тус улсын эдийн засгийн өсөлт энэ онд 4.5 хувь, ирэх онд 5.7 хувь байх төлөвтэй байгаа юм.
Өмнөд Африк
Африкийн гурав дахь том эдийн засагтай улс болох Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 31 хувийг экспорт эзэлдэг бөгөөд нийт экспортын 40 хувийг метал, нүүрс эзэлдэг. 2014 оны байдлаар нийт экспортынхоо 9.6 хувийг Хятад руу нийлүүлжээ. ӨАБНУ-ын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн доод хэмжээнд хүрээд байна. Тодруулбал гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нь өнгөрсөн 2016 онд 69 хувиар буурч 1.8 тэрбум ам.долларт хүрчээ. Энэхүү бууралтын шалтгаан нь түүхий эдийн үнийн бууралт, цахилгааны зардлын өсөлт, түүхий эдийн экспортоос хэт хамаарсан нөхцөл байдлаас үүдсэн болохыг НҮБ-аас гаргасан Дэлхийн хөрөнгө оруулалтын тайланд дурджээ. Өнгөрсөн оны эхний улирлын байдлаар Өмнөд Африкийн эдийн засгийн өсөлт уул уурхайн салбарын уналтаас үүдэн 1.2 хувиар хумигдсан байна. Өмнөд Африкийн эдийн засаг энэ онд 0.3 хувиар, ирэх онд 1.2 хувиар өсөх төлөвтэй байгааг “FocusEconomics” судалгааны байгууллага онцолж байгаа юм. Одоогийн байдлаар Өмнөд Африкийн өр дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьд хүрчихээд байгаа юм. Энэ сарын дундуур сайд Правин Гордхан эдийн засаг буурсан ч тогтвортой байгааг мэдэгджээ. Гэвч “Brexit”-ийн асуудлаас үүдэн Өмнөд Африкийн эдийн засагт сайнгүй нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Учир нь тус улс нь Британи, Европын холбоотой эдийн засгийн нягт харилцаатай юм.
Ботсвана
Ботсвана Улс бол дэлхийн уул уурхайн салбарт очир эрдэнэ олборлолтоороо тэргүүлэгч орон. Тус улс дангаараа дэлхийн очир эрдэнэ нийлүүлэлтийн 20 хувийг эзэлдэг. Гэхдээ өнгөрсөн 2016 оны байдлаар тус улсын очир эрдэнийн экспорт 38 хувиар буурч, 2.4 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн зургаан жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлт болжээ. Тус улсын эдийн засгийн өсөлт 2013 онд 9.9 хувьтай гарч байсан бол өнгөрсөн онд 0.3 хувиар буурчээ. Тус улс нь мөн зэс, алт, никель, нүүрс болон бусад эрдсийн олборлолт явуулдаг. Гэвч зах зээлд зэсийн үнэ сайнгүй байснаас үүдэн уурхайнуудын ажиллагаа ямар ч ашиггүй болоод байгаа юм. Төрийн өмчийн “BCL” компанийнх нь зэсийн олборлолт ашиггүй болоод байгаа ч тус улсын Засгийн газар уурхайн 5000 хүний ажлын байрыг хадгалахын тулд аргагүй эрхэнд ажиллуулсаар байх шийдвэрт хүрчээ. Ер нь Ботсвана гэлтгүй уул уурхайн салбартай хувь заяагаа холбосон бусад улс оронд хүмүүсийн ажлын байрны асуудалд маш эмзэг хандаж, нухацтай авч үздэг. Үүнээс гадна Монголтой яг адилаар дэд бүтэц, усны асуудал Ботсванагийн уул уурхайн бизнесийн цаашдын хөгжилд тулгамдсан асуудал болж байна. Ботсванагийн эдийн засаг амаргүй байгаа ч оны эхний улиралд өсөлт 2.8 хувьтай гарчээ. Энэхүү өсөлтөд зам тээвэр, аялал жуулчлал, санхүү, бизнесийн үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлжээ. Метал болон газрын тосны үнэ сүүлийн зургаан жилийн хугацаанд 50-70 хувиар буурсан тухай Дэлхийн банкны тайланд дурдсан байна. Олон улсын валютын сан Африкийн орнууд макро эдийн засгийн сайн бодлого баримталж, эрдсийн салбараас өөр чиглэлийн салбарыг ч гэсэн хамтад нь хөгжүүлж байж өнөөгийн хүнд нөхцлөөс гарна гэдгийг анхааруулсаар байгаа юм.
Нигери
Нигери Улс 167 сая буюу Монголоос 60 дахин их хүнтэй. Манай улсын гуравны хоёртой тэнцэх газар нутагтай тус улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд 10 дугаар байранд ордог. Тус улсад анх 1973-аас 1983 оны хооронд газрын тосны “галзуурал” болсон боловч улс орны хөгжилд энэ нь огтхон ч үр ашиггүй өнгөрсөн байна. Төрийн харалган бодлого, үр ашиггүй зарцуулалтаас болж баялгаас олсон орлого зөвхөн баячуудын халаасанд орж хүн амын дийлэнх хэсэг ядуу хэвээр үлдсэн улс бол Нигери юм. Нигерийн Засгийн газрууд баялагтаа тооцоо муутай, үрэлгэн хандаж олон том дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд ээлж дараалан тавьсан гадаад өрийн хэмжээ нь нэмэгдсээр, тус улс дампуурлаа зарласан. 1970-аад оны газрын тосны үнийн түр зуурын өсөлтөд “хууртсан” Нигер Улс Засгийн газрын удирдлагын болон төсвийн бусад зарлагыг маш их нэмэгдүүлж, их хэмжээний өр тавьсан байна. Гэтэл 1980 онд газрын тосны ханш баррель тутамдаа 30 ам.доллараас 18 ам.доллар хүртэл унахад төсвийн орлого хомсдолд орж, өрийн шоконд орсон байдаг. Байгалийн баялгийн явцуу бодлого нийгэмд тогтворгүй байдал үүсгэж сөргөлдөөн , тэр битгий хэл дайн, мөргөлдөөний эх үүсвэр болох нь бий. Нигери ч үүнийг тойроогүй бөгөөд 1960-аад онд Баэфрийн дайны уршгаар үндэстнүүд салан тусгаарласан нь угтаа ашигт малтмалын орлогын асуудлаас үүдэлтэй байв. Мөн байгалийн баялгийг шүтсэн Нигер бусад салбараа орхигдуулж 1970-2000 гэхэд хөдөө аж ахуйн экспортоо үгүй хийсэн гашуун түүхтэй. Нигери газрын тосны дэлхийн хамгийн том олборлогчдын нэг хэдий ч эцсийн бүтээгдэхүүн хийх сонирхолгүй байв. Тус улс дөрвөн газрын тос нэрэх үйлдвэртэй байсан ч Засгийн газар нь эцсийн бүтээгдэхүүн гаргахаас илүү гадаадаас боловсруулсан бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудад үйлчилсэн гэж болно. Засгийн газар нь ийм компаниудаас бэлэн бүтээгдэхүүн зах зээлийн үнээр аваад иргэддээ татаастайгаар хямдруулан зарж, зөрөөг нь өөрсдийн хэлхээ сүлбээтэй импортлогч компаниудад төсвийн мөнгөөр төлөх маягаар олон жил "хамтран ажиллаж" иржээ. Төсвийн тогтвортой байдлыг урт хугацаанд ханган, хойч үедээ баялгийг тэгш хуваарилахын тулд уул уурхайгаас орж ирэх орлогоос хуримтлал бий болгох ёстой гэдэгт баялагтай орнууд санал нэгддэг. Нигерь, Венесуэль Улс ч ийм сантай болохоор оролдсон ч газрын тосны үнийн ирээдүйд буурах төсөөллийг буруу тооцсоноос болоод төдийлөн амжилтад хүрээгүй байна. Эдүгээ тус улсын гадаад өрийн хүү нь үндсэн зээлээсээ давж, Засгийн газар нь зөвхөн хүүг нь арай гэж төлж байна. Хүн амын дийлэнх нь ядуу энэ орны Засгийн газар дээрх алдаатай бодлого нь тэдэнд ядуурал, ажилгүйдэл, муу дэд бүтэц, гэмт хэргийн огцом өсөлт гэсэн сорилтуудыг тулгаж байна. Ядуу иргэд нь төр засаг мөнгө өгөхгүй, цалингаа нэмэхгүй бол орон нутгийн зам, бусад дэд бүтцийг эвдэж устгахаар сүрдүүлж, газрын тосны арвин үүцтэй атал бензиний үнэ хоёр дахин өсч иргэд нь бухимдлаа гудамжинд байгаа машин, эд хөрөнгөд халдан устгах зэргээр илэрхийлж, тогтворгүй байдал гарах болсон байна. Нигери Улс сүлийн жилүүдэд авлигын үзүүлэлтээрээ дэлхийн орнуудад сүүл мушгисаар байгаа бөгөөд уул уурхайгаас бусад эдийн засгийн салбар өрсөлдөх чадваргүй болжээ. Адилхан байгалийн баялгаа түшиглэн хөгжих бодлого барьсан ч Арабын Нэгдсэн Эмират улсын дотоодын худалдан авах чадвар Нигериэс 144,77 хувь илүү байгаа нь нэгийг өгүүлэх биз ээ.
Ц.Мягмарсамбуу
Сэтгэгдэл (6)