Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөний эхний шатыг Налайх дүүрэгт зохион байгуулсан бол хоёр дахь зөвлөгөөнийг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулсан юм.
Манай улсад Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдын 80 хувь нь их, дээд сургуульд суралцдаг бөгөөд тэдний 80 хувь нь мэргэжлээрээ ажиллаж чаддагүй байна. Гэтэл хөдөлмөрийн зах зээл мэргэжилтэй боловсон хүчний хомсдолд орж, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны тэнцвэрт байдал алдагдаж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллага нь хэлдэг. Энэ нь цаашлаад ажилгүйдэл, ядуурал үүсэх гол шалтгаан болж байгаа аж. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ур чадвартай, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажлыг тэргүүлэх зорилтынхоо нэгээр тавьсан байна. Энэ үүдээс нийгмийн түншлэлд суурилсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх арвин туршлагатай ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран энэхүү зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр бүх оролцогчдыг хамруулан мэргэжлийн боловсролын салбар дахь сургалтын чанар, нийгмийн түншлэлийн сэдвээр салбар хуралдаануудыг зохион байгуулав. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам мэргэжлийн боловсрол сургалтын чанарын баталгаажуулалтыг хангах, төрөлжүүлэн хөгжүүлэхэд анхаарч олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Өмнөговь политехникийн коллежийг гагнуур, автомашин механик, хүнд машин механикийн засварчны чиглэлээр төрөлжүүлэн чадамжийн төвүүдийг бий болгон хөгжүүлж байна. Азийн хөгжлийн банкны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ур чадварыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд 25 хүртэлх мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг барилга, зам тээвэр, хөдөө аж ахуйн чиглэлээр төрөлжүүлэн, тухайн мэргэжлийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах, үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн гурван төвийг байгуулахаар ажиллаж байгаа. Тодруулбал, барилгын мэргэжлийн чиглэлээр Барилгын политехник коллежийг, авто зам, тээврийн мэргэжлийн чиглэлээр Налайхын МСҮТ-ийг, хөдөө аж ахуйн чиглэлээр Төв аймгийн Баянчандмань дахь МСҮТ-ийг үнэлгээ гэрчилгээжүүлэлтийн төв болгон хөгжүүлнэ. Эдгээр төвөөр дамжуулан дээрх салбарын мэргэжлээр сургалт явуулж буй бүх сургалтын төв өөрийн үнэлгээг хийх, мэргэжлийн багш нарыг дадлагажуулах, үндэсний болон дэлхийн ур чадварын тэмцээныг олон улсын шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх зэргээр үйл ажиллагаагаа тэлэх боломжтой” хэмээсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва иргэд, эцэг эхчүүд үр хүүхдээ дипломтой, ажилгүй сэхээтэн болгохын оронд нарийн мэргэжил эзэмшсэн өндөр ур чадвартай ажилчин болгож амьдралын баталгааг нь бүрдүүлэх хэрэгтэй байгааг хэлэв.
Барилгын түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, инженерийн байгууламж, хөрс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХБНГУ-ын “Папенбург” компани нь манай улсын 28 хүүхдийг зам, барилгын чиглэлээр хосломол системээр сургаж, үйлдвэр дээрээ дадлагажуулж байгаа аж. Тэдний нэг болох Д.Норовсүрэн өөрийн суралцаж буй мэргэжлийн боловсрол, сургалтын туршлагаас хуваалцсан юм. ХБНГУ-д сурагчид эхлээд ажлын байраа олж, дараа нь тухайн мэргэжлээрээ суралцдагаараа манай улсаас ялгаатай байдаг байна. Суралцагч сургалтын төв дээрээ дадлага хийхээс гадна аж ахуйн нэгж байгууллага дээрээ дадлага хийдэг буюу сургалтынхаа ихэнх хугацааг дадлага хийхэд зориулдаг болохыг Д.Норовсүрэн хэлсэн юм. Түүнчлэн сургагч тал нь суралцагчид тэтгэмж олгож суралцагчидаа илүү үр дүнтэй, хариуцлагатай болгодог гэдгийг ч онцолж байв. Тиймдээ ч төгссөн суралцагчдын гуравны хоёр нь тухайн байгууллагад үндсэн ажилтнаар ажилладаг ажээ. Тэрбээр “Хамгийн гол нь хувийн хэвшил, ажил олгогч нар Засгийн газартайгаа хамтарч мэргэшсэн ажилтан бэлтгэдэг” гэж байв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг ч мөн хэлэлцүүлгийг төгсгөлд энэ хоёр өдрийн зөвлөгөөнөөр төр хувийн хэвшлийнхэн нэг цэгт уулзаж буйгаараа онцлог гэдгийг тодотгон хэлж байсан юм.