Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай шинээр байгуулагдсан Мөнгөний бодлогын хорооны үйл ажиллагаа болон Монгол улсад хэрэгжиж эхэлж буй эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцооны талаар ярилцлаа.
-Эдийн засаг тогтворжиж, өсөлт эрчимжиж эхэлж байгаа хэдий ч хөдөлмөрийн зах зээл, зарим салбаруудын үзүүлэлтүүдээс харахад эмзэг байдал оршсоор байна. Энэ үед Төв банк валютын нѳѳцѳѳ зарцуулж, эдийн засгийг илүү тэлэх бодлого явуулах хэрэгтэй юу?
Ѳнгѳрсѳн жил хагасын хугацаанд Монголбанк эдийн засгийг тогтворжуулахад анхаарч байсан бол одоо бий болсон эерэг үр дүнгээ бэхжүүлж, цаашид урт хугацаанд тогтвортой өсөх орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа. Иймд богино хугацаанд хүчтэй тэлэх бодлого бус, харин нийт эдийн засгийн эмзэг байдлаа бууруулахад чиглэсэн суурь өөрчлөлтүүд чухал юм. Үүний хүрээнд хууль эрх зүйн орчны шинэчлэл, Тѳв банкны засаглал, бодлогын шийдвэр гаргах процессийн сайжруулалтаас эхлээд банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлж, валютын нѳѳцийг нэмэгдүүлэх алхмууд эрчимтэй хийгдэж байна. Ингэснээр илүү тогтвортой бѳгѳѳд хүртээмжтэй ѳсѳлт бий болох нѳхцѳл бүрдэнэ. Харин нѳхцѳл байдал дѳнгѳж тогтворжоод, валютын нѳѳц хуримтлагдаж эхлэнгүүт мѳнгѳний хэт тэлсэн, сул бодлого явуулаад эхэлбэл эдийн засаг аливаа шоконд тэнцвэрээ хурдан алдаж, эргээд унах эрсдэлтэй. Иймд Тѳв банк ѳнѳѳ маргаашийн түр зуурын ѳсѳлт бус, илүү алс ирээдүйг харсан бодлого явуулна. Гэхдээ үүнийг Монголбанк эдийн засгийг дэмжихгүй байна гэж ойлгож болохгүй. Тѳсѳв, тѳлбѳрийн тэнцэл дээр бий болсон эерэг ѳѳрчлѳлтүүд мѳнгѳний бодлогод орон зайг үүсгэж, инфляцийн зорилттой нийцтэйгээр бодлогын хүүг алгуур бууруулах боломжийг олгосон. Үр нѳлѳѳ нь ч санхүүгийн зах зээл дээр мэдрэгдэж, санхүүжилтийн нѳхцѳл байдалд нааштай эерэг ѳѳрчлѳлтүүд бий болж эхлээд байна. Цаашид ч бодлогын хүүний нѳлѳѳ бодит эдийн засагт үргэлжлэн мэдрэгдэх болов уу. Аж ахуйн нэгжүүдэд олгогдож буй бизнесийн зээлийн сэргэлт, хѳрѳнгѳ оруулалтын бүтээгдэхүүнүүдийн импортын ѳсѳлтѳѳс харахад эдийн засгийн идэвхжил сайжрах хүлээлттэй байгаа. Мэдээж хувийн хэвшил эдийн засгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг учраас ажлын байр, ѳсѳлтийг бий болгох хамгийн чухал тулгуур бол хувийн хэвшлийн хѳрѳнгѳ оруулалт, бизнесийн үйл ажиллагаа байх болно. Иймд зах зээл дээрх итгэлийг хадгалахад Тѳв банкны зүгээс инфляцийг зорилтот түвшиндээ байлгах, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, валютын ханшийн огцом савлагаа үүсэхгүй баталгаа болох валютын нѳѳцтэй байх нь чухал. Экспортлогч компаниуд, гадаадын шууд хѳрѳнгѳ оруулалт, олон улсын байгууллагууд болон донор орнуудын дэмжлэг, Монголбанкны алт худалдан авалт үр дүнд валютын нѳѳц маань ѳсч байна. Энэхүү нѳѳцийг бид оновчтой удирдаж, хамгаалах ёстой. Ингэж байж улсын зээлжих зэрэглэл сайжирна, гадаадын болон дотоодын хѳрѳнгѳ оруулалтууд нэмэгдэнэ, аж ахуйн нэгжүүдийн эдийн засагт итгэх итгэл хадгалагдана, аливаа шокоос хамгаалах зѳѳлѳвчтэй байх болно.
-Төв банкны тухай хууль шинэчлэгдсэнээр Монголбанкны засаглалын тогтолцоо сайжирна гэдэг хүлээлт байгаа. Засаглал, шийдвэр гаргах процесст ямар гол өөрчлөлтүүд гарч байна вэ?
Монголбанкны засаглал, шийдвэр гаргалтад бий болж буй нэг гол өөрчлөлт бол хамтын удирдлагын тогтолцоо гэж хэлж болно. Шинэ хуулийн хүрээнд 2 хороо байгуулагдаж, үйл ажиллагааны журмууд нь батлагдаад, ажил нь эхлээд явж байна. Нэг нь Мөнгөний бодлогын хороо. Нөгөө нь арилжааны банкуудад хяналт тавих үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах Банкны хяналт шалгалтын хороо юм. Төв банкны гол зорилт болох үнийн тогтвортой байдал, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдвэрүүд эдгээр хороогоор хэлэлцэгдэж гарна гэсэн үг. Мөн Монголбанкны дотоод үйл ажиллагааны үр дүнтэй байдал, удирдлагын баг бүрэлдэхүүний уялдаа холбоог дээшлүүлэх зорилгоор Захирлуудын зөвлөлийн журам маань саяхан шинэчлэгдсэн. Ийнхүү дүрэм, журмаа эмх цэгцтэй болгож авснаар сайн засаглалын тогтолцоо бүрдэх эхлэл тавигдлаа гэж үзэж байна. Үүний цаад зорилго нь мэдээж бодлогын зохицуулагч байгууллагын хувьд Монголбанкны шийдвэрийг илүү оновчтой сайн байлгах, ингэснээр Тѳв банкны үндсэн зорилтыг үр дүнтэй биелүүлж, эдийн засагтаа хувь нэмэр оруулах явдал байх болно.
-Удахгүй шинээр байгуулагдсан Мөнгөний бодлогын хороо анхны ээлжит хурлаа хийх гэж байна. Бодлогын шийдвэрийг хамтын зарчмаар гаргадаг болсноор ямар давуу талтай вэ?
Аливаа улс орны төрд байдаг санхүү, эдийн засгийн хамгийн том эрх мэдэл бол мөнгө хэвлэх, гүйлгээнд оруулах, мөнгөний нийлүүлэлтийг удирдах эрх юм. Энэхүү эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлэхээс тухайн орны ард иргэдийн амьдрал амьжиргаа ихээхэн хамаарна. Иймд мѳнгѳний бодлогын шийдвэрийг аль болох сайн арга барилаар гаргах шаардлагатай. Ингэж байж шийдвэр илүү оновчтой байж, улмаар Төв банкинд итгэх итгэл дээшилж цаашдын мөнгөний бодлогын хэрэгжилт үр дүнтэй байх хөрс суурь тавигдана гэсэн үг. Тэгвэл тэр сайн арга барил нь юу байх вэ гэдэг чухал асуулт. Олон улсын туршлагаас харахад мөнгөний бодлогын шийдвэрийг ямар ч ухаантай байсан нэг хүнд даатгадаггүй. Харин ч эсрэгээрээ, нэг хүнд хувь заяагаа хариуцуулах нь эрсдэлтэй гэж үзээд аль болох ганц хүнээс хамаарал багатай, хамтын зарчмаар буюу мѳнгѳний бодлогын хороогоор шийдвэр гаргадаг тогтолцоог бүрдүүлэхийг зорьдог. Энэ зүгээр ч нэг санамсаргүй тохиолдлоор шийдсэн хэрэг биш юм. Багийн шийдвэр илүү ѳргѳн хүрээний мэдлэг, мэдээлэл, туршлагын нийлбэр болж чаддаг давуу талтай гэдэг нь дэлхийд анхны тѳв банк үүссэнээс хойшхи 350 жилийн хугацааны алдаа онооноос харагдсан байна. Асуудлыг багаар хэлэлцэх үед илүү олон өнцгөөр харснаар бодитой, сайн шийдвэр гаргах үндэс болдог гэсэн үг. Тийм ч учраас 10 гаруй жилийн өмнө гэхэд аль хэдийн 80 гаруй төв банк шийдвэрээ мөнгөний бодлогын хороогоор хэлэлцэн гаргадаг болчихсон байсан бөгөөд түүнээс хойш энэ тоо өссөөр байна.
- Мөнгөний бодлогын хорооны гишүүдээр урьд нь Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлд орж ажиллаж байсан хүмүүс сонгогдсон. Иймд үйл ажиллагаанд зарчмын том ялгаа гарах уу?
Гишүүд өмнө нь зөвлөхийн статустай мөнгөний бодлогын хуралд оролцдог байсан бол одоо шийдвэр гаргах статустай болсон гэдэг утгаараа үүрэг хариуцлага нь эрс нэмэгдсэн. Одоо Монголын ард иргэдийн төлөө зүтгэж ажиллах үүрэг хуулиар ногдсон гэсэн үг. Иймд мөнгөний бодлого боловсруулах процессийн илүү гүн рүү орж ажиллах шаардлагатай болно. Мөнгөний бодлогын нэг чухал хэсэг нь судалгаа тооцоолол байдаг. Монголбанкинд мөнгөний бодлогын санал, түүний үндэслэл болсон тооцоолол дээр ажилладаг 20-иод эдийн засагчаас бүрдсэн экспертийн баг бий. Тус багийг чадвар ѳндѳртэй мэргэжилтнүүдээр бүрдүүлэх, мэргэжлийн ур чадварыг нь тогтмол сайжруулснаар гүйцэтгэж буй тооцооллуудын чанарыг байнга дээшлүүлж явдаг. Хорооны гишүүдэд экспертийн багийн боловсруулдаг эдийн засгийн шинжилгээ, прогнозыг хийдэг аргачлалтай илүү ойрхон ажиллах боломжийг нэмэгдүүлэх үүднээс мөнгөний бодлогын хурал маань 2 удаа хуралддаг болж байгаа. Эхний өдрийн хурaл эдийн засгийн нөхцөл байдлын талаарх шинжилгээ, цаашдын төлөв байдлын талаарх төсөөллүүд дээр төвлөрнө. Үүний бэлтгэл болгож Монголбанк одоо ямар арга хэлбэрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг, үүний хүрээнд статистик тоон мэдээллээ яаж цуглуулдаг, түүн дээрээ шинжилгээгээ хэрхэн хийдэг, ойрын болон дунд хугацааны эдийн засгийн төсөөллүүдээ ямар загвар ашиглаж гүйцэтгэдэг талаар шинэ гишүүддээ саяхан дэлгэрэнгүй танилцуулсан. Тэгэхээр “зөвлөл” гэдэг нэрийг “хороо” болгож өөрчлөөд л хуулинд биччихсэн төдий биш юм. Хорооны гишүүдийн статус өөрчлөгдсөнөөс гадна, шийдвэр гаргах процесс талдаа реформын шинж чанартай томоохон өөрчлөлт бий болсноор илүү мэргэжлийн шийдвэр гарах тогтолцоо бүрдсэн гэж ойлгож болно.
-Уншигчдад маань энэ удаагийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар ямар шийдвэр гарах вэ гэдэг сонирхолтой байгаа байх?
Мөнгөний бодлогын хороо эхний өдрийн хурлаараа эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төсөөллөө хэлэлцсэний үндсэн дээр бодлогын саналын хувилбаруудаас оновчтой гэж үзсэн шийдвэрийг хоёр дахь өдрийн хурлаар гаргана. Үүнээс өмнө Хорооны гишүүд болон тооцоолол, төсөөлөл дээр ажилладаг баг эдийн засгийн шинжилгээ төсөөлөл, бодлогын саналын хувилбаруудтай холбоотой мэдээллийг задруулдаггүй. Ингэснээр зах зээл дээр ямар нэг төөрөгдөл үүсгэхээс сэргийлэх зорилготой. Харин бодлогын эцсийн шийдвэр гарсны дараа Монголбанк хэвлэлийн хурал болон Мөнгөний бодлогын мэдэгдлээрээ олон нийтэд нээлттэй тайлбарлаж мэдээлэх болно. Шийдвэрийн үндэслэл болсон тооцоолол, төсөөллийн үр дүнг Монголбанкны вебсайт дээр тавигддаг Инфляцийн төлөв байдлын тайлангаас уншиж танилцах боломжтой.
- Мөнгөний бодлого дунд хугацаанд инфляцийг зорилтот түвшиндээ байлгахын тулд үргэлж ирээдүйд чиглэсэн шийдвэрүүдийг гаргах шаардлагатай гэдэг. Тэгвэл одоо арилжааны банкууд дээр хийгддэг хяналт шалгалт ч илүү алсыг харсан чиглэлд, ирээдүйд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх хандлагатай болж байна. Банкуудын эрсдэлийн удирдлагад ямар байх шаардлага үүсч байна вэ?
Эдийн засаг өөрөө хүмүүсийн сэтгэлзүй, ажиллах хүчний бүтээмж, компаниудын өрсөлдөх чадвар, инноваци, олон улсын зах зээл, улс төрийн тогтвортой байдал, хууль эрх зүйн орчин гээд маш олон хүчин зүйлээс хамаарсан комплекс зүйл. Дотор нь урьдчилж таамаглаж болох үйл явдлууд байна, таамаглах аргагүй гэнэтийн шокууд ч байнга үүсч байдаг. Ялангуяа даяршил хурдтай явагдаж, улс хоорондын худалдаа өргөжиж, санхүүгийн зах зээлүүд хоорондоо нягт холбоотой болчихсон энэ цаг үед нэг улс оронд болсон үйл явдал өөр нэг улс оронд, компани байгууллагад, хувь хүнд хүртэл шууд мэдрэгддэг болчихлоо. Энэ нөхцөлд бизнес эрхлэгчид амжилттай байхын тулд гадаад болон дотоод орчны маш олон эрсдэлүүдийг цаг тухайд нь үнэн зѳв үнэлж, үр дүнтэй удирдаж ажиллах шаардлага тулгарч байна. Тухайлбал, улс төрд гэнэтийн тогтворгүй байдал үүсвэл, хууль эрх зүйн орчин өөрчлөгдвөл, шинэ технологи гарч ирвэл, кибер халдлагад өртвөл, зах зээл дээрх хөрөнгийн үнэ, хүү болон ханш дээш доош хөдөлсөн тохиолдолд бизнес төлөвлөлт болон үйл ажиллагааны зохион байгуулалт нь оновчтой байна уу гээд олон зүйлийг тооцоолох шаардлагатай. Тэгвэл банк санхүүгийн системийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ гэдэг чухлаар тавигдана. Эдийн засгийн бүхий л салбарт санхүүжилтийг хуваарилж буйн хувьд банк нэг талаас бизнес эрхлэгчидтэй холбоотой эрсдэлүүдийг бодох ёстой. Харин нөгөө талаас эх үүсвэр, хадгаламж эзэмшигчидтэй холбоотой эрсдэлүүдээ тооцоолoх шаардлагатай. Тэгээд мэдээж өөрийн үйл ажиллагаа, засаглал менежменттэй холбоотой ямар эрсдэлүүд байна, хэрхэн сайжруулах ёстой вэ гэдэг чухал. Ингэж байж банк зээлийн эргэн төлөлтийн эрсдэл, актив пассивын валют, хүү болон хугацааны зөрүү, төвлөрлийн эрсдэлээ үр дүнтэй удирдаж зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдээ хангаж, бизнес төлөвлөгөөгөө амжилттай биелүүлэх боломж бололцоо бүрдэнэ. Тэгэхээр, банкуудын хувьд өнөөгийн орчинд бизнест нь учирч болох эрсдэлүүдээ хэр оновчтой тодорхойлсон, тэдгээрийг тоон болон чанарын үзүүлэлтээр хэмжиж чадаж байна уу, эрсдэлээ удирдаж зохистой түвшинд байлгах үр дүнтэй тогтолцоотой юу, энэхүү тогтолцоо нь хэр үр дүнтэй ажиллаж буйг хянаж сайжруулж чадаж байна уу гэдэгт анхаарах шаардлагатай.
-Монголбанк 2018 онд баримтлах бодлогын үндсэн чиглэлдээ эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын тогтолцоог боловсронгуй болгохоор тусгасан. Энэ тогтолцоог Монгол улсад нэвтрүүлэх учир шалтгаан юу вэ, одоо ямархуу ахицтай явж байна вэ?
Монголбанк нийт эдийн засагт санхүүгийн зуучлалыг эрүүл байлгахын тулд ирээдүйд чиглэсэн, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын шинэ тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Арилжааны банкуудад хяналт шалгалт хийгээд ямар нэг алдаа дутагдал илэрчихсэн хойно, эсвэл зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдсаны дараа арга хэмжээ авах нь учир дутагдалтай гэдэг нь өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд цөөнгүй тохиолдолд ажиглагдлаа. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд, одоо банкуудад өөрийн хөрөнгийн дутагдал үүсгээд байгаа тайлан тэнцэл дээрх чанаргүй зээлүүд байна. Эдгээр нь нэлээд хэдэн жилийн өмнө олгогдчихсон зээлүүд шүү дээ. Хэрэв банкууд анх зээл олгохдоо эрсдэлээ зөв тодорхойлсон бол, зохицуулагч байгууллага тухайн үед анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан бол одооны асуудал үүсэхгүй, тулгарах эрсдэл бага байна гэсэн үг. Эндээс бид ямар сургамж авч байна вэ гэхээр, ирээдүйд учирч болох аливаа эрсдэлийг аль болох түрүүлж хараад зөв удирдах хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхгүй гэсэн үг. Монголбанк урьдны гүйцэтгэлд суурилсан бус, харин ирээдүйн эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог одоо нэвтрүүлснээр цаашид банк санхүүгийн систем илүү найдвартай, эрүүл, дархлаатай болно. Энэ мэдээж том ажил. Үүний тулд юуны өмнө дүрэм тодорхой болох ёстой. Энэ утгаараа Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт өрж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах эрх зүйн үндэс бүрдсэн. Дагалдах журмууд ч хийгдээд явж байна. Мөн Монголбанк хянан шалгагч нараа энэ шинэ төрлийн тогтолцоо, арга барилд илүү мэргэшүүлэх ажил эрчимтэй хийгдэж байна. Харин арилжааны банкуудын хувьд хөрвөх чадвар, зээлийн эрсдэл, зах зээлийн эрсдэл гээд санхүүгийн гол эрсдэлүүдээ оновчтой, үр дүнтэй удирдах, үйл ажиллаагаа, засаглалын тогтолцоогоо илүү боловсронгуй болгох, төлөвлөлтөө илү урт хугацаагаар хийх чиглэлээр ажиллах шаардлагатай, үүний тулд боловсон хүчнээ бэлдэж мэргэшүүлэх хэрэгтэй болно.
-Өөрийн хөрөнгийн дутагдалтай холбоотой асуудлаар нэлээд шүүмжлэл явж байна. Үүнийг татвар төлөгчдийн мөнгөөр төрөөс хаах зорилгоор Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль баталчихлаа гэдэг хардлага ч түгээмэл байна?
Татвар төлөгчдийн зүгээс ийм болгоомжлол байх нь зүй ёсны хэрэг болов уу. Тийм ч учраас Монголбанк санхүүгийн секторт ирээдүйд том эрсдэл үүсгэхээс урьдчилан сэргийлэхийн тулд, татвар төлөгчдөд дарамт үүрүүлэхгүйн тулд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулж хэрэгжүүлж эхэлж буй нэг гол зорилго ч үүнтэй холбоотой. Харин нөгөө талаас хадгаламж эзэмшигч нарт банкинд хадгалуулсан мөнгөн хөрөнгө нь найдвартай байна гэсэн итгэл үнэмшил маш чухал гэдгийг мартаж болохгүй. Үүний тулд хямрал хүндрэл тохиолдлоо ч авах арга хэмжээнүүд, тэдгээрийн дэс дараалал тодорхой байх шаардлагатай. Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль нь хүндрэлийн үед авах арга хэмжээний жагсаалтад багтах хамгийн сүүлийн хувилбар, эцсийн зогсоол нь юу вэ гэдгийг тодорхой болгож өгдөг гэдгээрээ ач холбогдолтой, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд олон улсын стандартаар байх ёстой нэг чухал бүрэлдэхүүн. Санхүүгийн системд хямрал үүссэн тохиолдолд тогтвортой байдлыг хангахад төр юу хийх нь тодорхой байснаар хадгаламж эзэмшигчдийн эргэлзээг арилгаж, тогтвортой байдлыг үүсгэхэд тус болдог. Ингэснээр хүндрэлийн үед санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор татвар төлөгчдөд учирч болзошгүй зардлыг харин ч хэмнэх ач холбогдолтой. Хэрэв хуулийн ийм зохицуулалт огт байхгүй бол ирээдүйд аливаа хүндрэл тохиолдсон үед санхүүгийн систем илүү эмзэг, тогтворгүй болох эрсдэлтэй. Иймд хууль батлагдангуут одоо шууд хэрэглэх гэж байна гэх нь өрөөсгөл тайлбар юм.
-Санхүүгийн системийг завьтай зүйрлэвэл, шуурга болсон ч живэхгүй гэдэг баталагааг өгвөл зорчигчид тайван аялах, сандaрч нэг талдаа бөөгнөрөх эрсдэлээс сэргийлж байгаатай төстэй гэж ойлголоо. Хуулийг одоо хэрэглэхгүй юм бол банкуудын өөрийн хөрөнгийн дутагдлыг хэрхэн шийдэх вэ?
Санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд ийм хууль эрх зүйн орчин бэлэн байх нь татвар төлөгчдийн хувьд ч, хадгаламж эзэмшигчдийн хувьд ч давуу тал болдог. Үүнийгээ хүндрэл үүсчихсэн үед бус, харин эдийн засаг харьцангуй боломжтой үедээ хийх нь зүйтэй. Одоо банкны системд байгаа ДНБ-ийн 1.9 хувьтай тэнцэх хэмжээний алдагдал гэдэг тийм ч өндөр дүн биш. Системийн өнгөрсөн жилийн цэвэр ашиг үүний талыг нөхчих хэмжээтэй гээд бодохоор эдийн засаг сэргэж буй энэ үед банкууд заасан хугацаанд дутагдлаа төрийн оролцоогүйгээр, боловсруулсан бизнес төлөвлөгөөнийхөө дагуу арилгачих бүрэн боломжтой гэж харж байгаа.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа!
Сэтгэгдэл (5)