Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажилласан тухай Эдийн засгийн байнгын хороонд мэдээлэл хийлээ.
Мэдээллийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулсан ба тус бодлогын баримтын бичиг дэх зорилтыг биелүүлэхэд макро бодлого боловсруулах, хэрэгжүүлэх түвшинд хараат бус, ил тод байдлыг юуны өмнө нэмэгдүүлж, эдийн засаг, санхүүгийн салбарын дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн, алсын хараатай төлөвлөлт хийх чиглэлээр томоохон ахиц дэвшил гарсан тухай тайланд дурьдагдлаа.
Тодруулбал, Мөнгөний бодлогын хүрээнд төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдэд санхүүжилт олгох, зах зээлийн бус хямд эх үүсвэрээр банк, ААН-үүдэд их хэмжээний мөнгө нийлүүлэх, төгрөгийн ханш сулрах дарамтыг өдөөхүйц арга хэмжээг хязгаарласан. Монголбанкнаас хуулиар заагдсан бүрэн эрхийн дагуу инфляцийг тогтворжуулах үндсэн зорилт, гадаад валютын нөөцийг хамгаалах, макро эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг чухалчилсан бодлогын шийдвэрүүд гаргасан нь төв банкны үндсэн зорилт хангагдаж, инфляци зорилтот түвшинд хадгалгагдаж, ингэснээр мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжих орон зай үүссэн. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчид, дотоодын зах зээлд оролцогчдын итгэл сэргэх, олон улсын зах зээл дээр манай улсын зээлжих зэрэглэлийн төлөв сайжрахад эерэгээр нөлөөлсөн.
Харин Засгийн газраас эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авсан нь, мөнгөний бодлогод орон зай олгосон төсвийн бодлогын хүрээнд төсөвт үүсээд байсан хүндрэлтэй нөхцөл байдалд оновчтой дүгнэлт өгч, улсын төсөв болон түүнтэй адилтгах олон төрлийн эх үүсвэрүүдийн санхүүжилтийг нэгтгэн, төсвийн нэгдмэл байдлыг бодитоор ханган, сахилга батыг чангатгаж, төсвийн алдагдал, улсын өрийг үе шаттайгаар зохистой түвшинд хүртэл бууруулах замаар дунд, урт хугацаанд төсөв, өрийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн төсвийн бодлогын шинэчлэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн нь төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослол байсан гэж дүгнэв.
Түүнчлэн ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх болсноор ойрын 3 жилийн хугацаанд төсөв болон төлбөрийн тэнцэлд шаардагдахуйц 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц орж ирэх нөхцөл бүрдсэн төдийгүй нийтдээ 2.8 гаруй тэрбум ам.доллараар хэмжигдэх богино хугацаат гадаад өрийн эргэн төлөлтийг дотоодын зах зээлд дарамт багатайгаар шийдвэрлэх арга хэмжээг авав. Ингэснээр Монгол Улс гадаадын зах зээлд дефолт зарлах, үүнийг дагаад эдийн засаг, улс төрийн зардлууд үүсэх, эрэг ерөнхий эрсдэлээс сэргийлсэн.
Валютын ханшийн огцом хэлбэлзэл төгрөгийн активын цэвэр өгөөжийг бууруулж, улмаар банкнуудын эх үүсвэрийн долларжилт нэмэгдэн, төгрөгт итгэх итгэл суларч, үндэсний мөнгөн тэмдэгтийн хямрал үүсч болзошгүй эрсдэл тулгараад байсан үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хүлээлтийг тогтворжуулж, зах зээлд оролцогчдын төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгтийн хямралаас гадна санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлэв. Эдгээр үр дүнд гадаад валютын улсын нөөц 3 тэрбум ам.доллар буюу 2013 оны дунд үеийн түвшинд хүртэл хуримтлагдсанаар эдийн засгийн хүндрэлтэй цаг үеийг даван туулах, цаашид эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах санхүүгийн нөөц чадавхи бүрдэж эхэлсэн.
Макро бодлогын хүрээнд хэрэгжүүлэхэд хэцүү боловч нэн шаардлагатай байсан эдгээр шинэчлэлийн арга хэмжээний үр дүнд эдийн засгийн нөхцөл байдал тогтворжин, өнөөгийн нөхцөлд гадаад эдийн засгийн орчин харьцангуй таатай, гадаад болон дотоодын зах зээлд оролцогчдын итгэл сэргэн, бодит сектор, хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил нэмэгдэн, гадаад өрийн богино хугацааны дарамт буурч, мөнгө, зээлийн үзүүлэлтүүд алгуур сайжирч эхэлсэн ч цаашдын төлөв эмзэг байгааг Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлэлдээ онцлоод экспортын үнэ, хэмжээнээс хамаарах эмзэг байдал улам нэмэгдэж байгаа, банк, санхүүгийн салбарт зээлийн эрсдэл буураагүй, банкны салбарын шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хийх ажил их байгаа тухай тодотголоо.
Иймд санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, банкуудын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, улмаар эдийн засгийн идэвхжилийг дэмжих зорилгоор банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, санхүүгийн чадамжийг сайжруулах, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх арга хэмжээнүүд үргэлжлэн хийгдэж байна. Энэ нь банк, санхүүгийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг олон улсын зарчим, стандартад нийцүүлэх, харилцагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, банкинд тавих хяналт шалгалтын арга хэлбэрийг эрсдэлд суурилсан болгон хөгжүүлэх, хадгаламжийн даатгалын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчны шинэтгэлээр хэрэгжиж буй тухай мэдээллээ. Цаашид Банк, санхүүгийн салбарын эмзэг байдал, системийн эрсдэлийг бууруулж, тогтвортой байдлыг хангахын тулд мөчлөг сөрсөн макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийг макро бодлоготой уялдуулан, олон улсын жишигт нийцүүлэн ашиглана. Гадаад сөрөг шокын нөлөөг даван туулах чадварыг сайжруулж, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхийн тулд зах зээлийн таатай нөхцөлд санхүүгийн нөөц чадавхийг хангалттай хуримтлуулах зэрэг шаардлага буйг тэрээр хэлсэн юм.