Хар нүдэн: Улс төрч Г.Уянга энэ зургийг авах үед найман сартай нялх байжээ. Тэрбээр 1975 оны 9-р сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн.
Айлын том: Гурван хүүхэдтэй айлын том. Цэцэрлэгт явах насандаа дүү нараа халамжилдаг байв. Г.Уянга арван жилийн 40-р сургуулийг төгссөн.
Сиймхий: "Ийгл" телевизэд сурвалжлагчаар орсон намар нь ерөнхийлөгч Н.Багабанди сургуулийнх нь хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцжээ. Энэ үеэр Г.Уянга хамгаалалтын сиймхийгээр түүнээс яриа авч чадсан аж. Үүнээс хойш цөөнгүй улс төрчдийн "амыг асуусан".
Эхлэл: 2000 оны сонгуулиар УИХ-ын гишүүн С.Ламбаа анх түүнд АН-ын нэвтрүүлэг хийх санал тавьжээ. Ингэж тэр АН-тай холбогдсон юм. Гэхдээ Г.Уянга гишүүнээр элсээгүй бөгөөд харин АН-ын "акулууд"-тай тун ойр ах, дүү болж явжээ.
Ялагдал: 2000 онд АН-ын юу ч үгүй хоцорсон ялагдлын дараа орон нутагт байгаа намын гишүүдээ сэргээхээр хөдөөгүүр их явдаг байжээ. Зурагт УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, С.Ламбаа мөн тухайн үеийн намын дэд дарга байсан С.Мэндсайхан, залуу сэтгүүлч Г.Уянга нар. Тэрбээр энэ зургийг авахуулахдаа анх удаа моринд мордож үзсэн гэнэ.
АН + Уянга
Н.Алтанхуягийн аврал: 2002 онд болсон тракторчдын
баривчилгааны үеэр
бичлэг хийж байсан түүнийг тракторчидтай хамт баривчилж Дэнжийн мянгын түр
саатуулах газарт хонуулсан. Харин маргааш нь тухайн үеийн АН-ын дарга Д.Дорлигжав, генсек
Н.Алтанхуяг нар ирж Г.Уянгыг гаргаж авч байжээ. Тэд ийм нөхөд байв.
Жагсагч: Тэрбээр Ж.Батзандан, О.Магнай, Ахмадын холбооны О.Баасан нартай дуу хоолойгоо нийлүүлэн жагсаж байв, эрх баригчид шударга байх ёстой гэж.
Дарангуйлагч: Тэрбээр эрх баригчдыг хайр найргүй шүүмжилдэг байсны хамгийн хурц нь ерөнхий сайд байсан Н.Энхбаяр дээр тусдаг байв. Тэрбээр улс төрд болохгүй, бүтэхгүй байгаа бүх зүйл Н.Энхбаярын найруулсан хортой холбоотой" гэж зоригтой дуугарч байлаа.
АН VS Г.Уянга: 2004 онд Г.Уянгын Н.Энхбаяртай дайтан байж хүчин зүтгэсэн "Эх орон-Ардчилал" эвсэл 34 суудал авсан ч ялалтын үр шимийг одоогийн АН-ын удирдлагууд хүртэж, Г.Уянга нар АН-ыг орхисон юм. Үүнээ цааш Г.Уянга гудамжны улс төрч гэх гуншинтай болж иргэний хөдөлгөөнд нэгдсэн. Тэрбээр АН-аас зам салсныхаа дараа "Би ардчилал бол Ардчилсан нам гэж ойлгож, АН засгийн эрхийг барьж байж л бүх зүйл хэвэндээ орно гэж итгэдэг байж билээ. Гэвч харамсалтай нь Ардчилсан нам бол ардчилал биш байсан" гэж байв.
Ялагдал: Г.Уянга гэдэг залуухан сэтгүүлч 2008 онд УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшсэн нь содон үзэгдэл байв. Эмэгтэй улс төрчид ч цөөхөн, байлаа гэхэд Г.Уянга шиг дэврүүн нь байсангүй. Ард иргэд түүнд итгэж ядан, саналаа өгсөнгүй тэр энэ удаад өнжив. Тэр уг нь сонгуульд өрсөлдөхийн тулд Ногоон намын гишүүн болсон байжээ. Гэсан ч зүгээр суусангүй "Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн"-ийг санаачилан жагсаж дараагийн нүүдлээ бэлдэж байв.
Шүүхийн танхимд: Сэтгүүлч Г.Уянга, А.Баатархуяг нар БОАЖ-ын сайд байсан Л.Гансүхийг "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа төлөө сая ам.долларын хаус авсан”, “Сая долларын байшинд амьдардаг” гэж бичсэн нь шүүхийн хаалга татахад хүргэв Удаан үргэлжилсэн шүүх Г.Уянгын хэргийг хэрэгсэхгүй болгож нөхөрт нь мөнгөн торгууль оноож байлаа. 2011 оны намар болсон энэ хэрэгт давж заалдвал эхнэр нь 2012 оны сонгуульд нэр дэвших эрхгүй болох байсан тул тэрбээр чимээгүй болсон.
Гэр бүл: Энэ их улс төрийн хар, халуун үйл явдал түүний гэр бүлийнхэнд ч бас нөлөөлдөг. Г.Уянга жагсаал цуглаан гээд бор хоногтоо олддог тул хүүхдүүдийг нь ээж, аав нь харж, халамжилдаг.
Имиж: Гэхдээ гэр бүл түүний сонгуулийн бас нэгэн имиж.
Содон сонголт: Тэр гэнэт шүүмжилж байсан Н.Энхбаярыгаа өмөөрсөн, тэр гэнэт дарангуйлагч гэж нэрлэж байсан Н.Энхбаярын "Шударга ёс" эвслээс сонгуульд өрсөлдсөн. Г.Уянгын сурталчилгааны самбар 2012 оны содон сурталчилгаануудын тоонд орж байна. Учир нь түүний зургийг харсан танихгүй хүн бол УИХ-ын сонгуульд нэр дэвшигч биш тоглолтоо хийх гэж буй дуучин хэмээн андуурмаар. Дээр нь "Айсуй цагийн Уянга" гэх зохиолын дуучдын тоглолтын нэр баймаар уянгалаг үгтэй.
Асуулт: Г.Уянга ард түмэнд эрх баригчдын амлалтыг тэр авч өгсөн үү?
Гишүүн: Тэр 2012 оны парламентад зүтгэсээр орж ирэв. Энэ хугацаанд Г.Уянга олон нөхөдтэй бас олон дайсантай болжээ. Өөрийнхөө шүүмжилж байсан олон хүнтэй нэг танхимд сууж байна. Г.Уянгад итгэж саналаа өгсөн сонгогчид нь түүнийг олны дундаас онцгойлон харж байна. Тэр Ногоон нам, Ардчилсан нам, иргэний хөдөлгөөн, Н.Энхбаяр гээд олон сонголт хийсэн. Түүнд дараагийн сонголт гэж байгаа болов уу?
Б.Баяр /24tsag.mn/
Сэтгэгдэл (92)