УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа Д.Хаянхярваа даргатай хамт ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер мэдээлэл хийсэн юм.
ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер "ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх хөтөлбөр үндсэн хоёр зорилготой. Нэгдүгээрт, эдийн засагт тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах, хоёрдугаарт, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах бодлогын баазыг бий болгох зорилготой юм. Монгол Улсын урт хугацааны төлвийн тухайд маш их боломж, нөөц байгаа гэж харж байна.
Энэ хөтөлбөрийг боловсруулахдаа бид Монгол Улсын Засгийн газар буюу Сангийн яам, Монголбанкны холбогдох хүмүүстэй нягт хамтран ажилласан. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгох бодлогыг боловсруулах чиглэлээр ажилласан. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангах, банкны системийг идэвхжүүлэх зорилготой. Эдгээр бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд зээлийн хүүгийн түвшин ерөнхийдөө буурч, банкууд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн зээлээ дахин олгох нөхцөл бүрдэх юм.
Хөтөлбөрийн бодлогын арга хэмжээнүүд нь төсөв дээр голлон хэрэгжинэ. Төсвийн алдагдал маш их байгаа. 2016 оны төсвийн алдагдал ДНБ-ний 17 хувьтай тэнцсэн. Төсвийн алдагдал их байхын хэрээр их хэмжээний өр үүсч байгаа. Өр өндөр байна гэдэг нь төсвийн зарлагын ихэнхийг өрийн үйлчилгээнд зарцуулж байна. Өр өндөр биш байсан бол энэ их мөнгийг боловсрол, эрүүл мэнд зэрэг өөр зүйлд зарцуулах боломжтой байсан.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөө боловсруулан оруулж ирснийг бид бүрэн дэмжиж байгаа. Өнгөрсөн онд ДНБ-ний 17 хувьтай тэнцэж байсан төсвийн алдагдлыг энэ онд 10.5 хувьд хүргэх зорилтыг Засгийн газар дэвшүүлсэн 2020-иод оны эхэн үед төсвийн алдагдалгүй болох зорилт дэвшүүлснийг бид дэмжиж байгаа.
Төсвийн алдагдлыг бууруулахын тулд бодлогоор тохиргоо хийгдэж байгаа. Тохиргоотой холбогдуулан авч байгаа арга хэмжээнүүд болон гарч ирж байгаа тоонуудын өөрчлөлтийг Засгийн газартай тохиролцож баталгаажуулсан. Төсвийн бодлого дээр хийгдэж байгаа тохиргооны ихэнх хэсгийг төсвийн зарлага тал дээр хийгдэж байгааг онцолж хэлэх нь зүйтэй. Хөрөнгө оруулалтын зардлууд, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулахдаа зарлага их хийж байгаа. Үүнийг илүү сайн боловсруулж хийх ёстой юм.
Ингэснээр хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэх боломжтой гэж харж байгаа. Төсвийн урсгал зардал дээр танах арга хэмжээ авагдсан. Жишээ нь төрийн албан хаагчдын тоог аажимдаа бууруулах бодлого тусгагдсан. Төсвийн бодлого дээр хийгдэж байгаа энэ тохиргооны 3/2 нь төсвийн зарлага тал дээрээ, 1/3 нь төсвийн орлого тал дээр байгаа. Шударга байдлыг хангах үүднээс нийгмийн халамжийн зардлыг бууруулаагүй.
Татварыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь ядуу эмзэг бүлгийнхэнд ямар нэгэн ачаалал үүсгэхгүй байхаар тохиролцсон. Орлого тал дээр авч байгаа арга хэмжээний ихэнхи нь чинээлэг монголчуудад үйлчлэх юм. Ядуу эмзэг бүлгийнхэн орлого нэмэгдүүлэх арга хэмжээний нөлөөллийг амсахгүй гэж хэлж болно. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг өсгөөгүй гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй.
Хувь хүний орлогын татвар шатлалтай болж байгаа. Энэ шатлал нь өндөр орлоготой хүмүүс өндөр татвар төлөхөөр зохицуулагдсан учраас бага орлоготой хүмүүст хувь хүний орлогын албан татвар ямар нэгэн нэмэгдэл үзүүлэхгүй. Тэгэхээр дундаж амьдралтай хүн татварын нэмэгдлийг өөр дээрээ амсахгүй гэж хэлж болно. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжвэл Монгол Улсын эдийн засаг тогтворжино гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хөтөлбөрийн үр дүнд валютын ханш тогтворжино, инфляцийн болоод хүүгийн түвшин буурна. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс хөгжил дэвшилд хүрэх бүрэн нөөц бололцоогоо дайчлах бололцоо бүрдэнэ. Дунд хугацаанд Монгол Улсын эдийн засаг 8 хувьд хүрэх боломж бий. Ингэснээр хүн амын амьжиргааны түвшин дээшилнэ" гэсэн юм.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (1)