Ардчилсан хөдөлгөөний ахмад партизан, физикч, улс төр судлаач Л.Бямбажаргалтай ярилцлаа.
-Сүүлийн 27 жил бүх л буруу зүйлийг тогтолцоо руу чихлээ. Өнөөгийн тогтолцооны аль хэсэгт гажуудал гарчихсан юм вэ?
-Төрийн тогтолцоог анхааралтай ажиглаж байдаг хувь хүний хувьд хэлэхэд 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан сонголт гарцаагүй зөв. Эргэлзэх хэрэггүй. Улс төрийн нам нь зөв. Хууль тогтоох байгуулага УИХ нь зөв. 1990 онд эрх мэдлийн хувиарлалт хийхдээ хэтэрхий хашир хийснээс болоод алдаа гаргасан. Тухайлбал УИХ-ыг ийм эрх мэдэлтэй, фракци бүлэглэлийн төлөөлөл болчихно гэдгийг төсөөлөөгүй. Нэг хүнээс айх хуучин цагийн айдас их байсан учраас аль нэг интитуцид давуу байдал өгөөгүй. Сонгуулиар болгоноор нам гэж хуваагдаж өрсөлдөж олон нийтээс санал авчихаад маргааш нь МАНАН болчихдог байдлыг төсөөлөөгүй. Олимпийн наадамд хоёрдугаар байрт орсон тамирчинд алтан медаль олгодоггүй шүү дээ. Энэ мэт намаар дамжсан компанийн төлөөлөл улс орныг удирдаж, асуудал шийддэг тогтолцооны гажуудлыг засах тохиргоо “Үндсэн хууль”-д байгаа юм.
-Энэ бүхний эх үүсвэр гэж буруутгагдаад байгаа “Үндсэн хуулийг” батлах ажлын хэсэгт та байсан шүү дээ?
-Социалдемкрат намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар ажлын хэсэгт орсон л доо.Ардын Их хурлын нэгдүгээр тойргоос С.Баяр, 430 дугаар тойргоос Эрдэнэтийн Тогооч гэж мэт улс цуглаж байлаа. Өнөөдөр УИХ-ыг хоёр танхимтай болгоно гэхэд халуун сэтгэлтэй, мөнгө төгрөг, эрх мэдлийн шунал үгүй эдгээр хүмүүс шиг улс цуглах уу. Сумаас хүн авчирлаа гэхэд аль нэг намын угшилтай, ноолуурын ченж л ирнэ. МАН-ын “Үндсэн хуулийг” өөрчлөх төслийг харсан. Сумандаа таван жил ажилласан, төрийн албанд ажиллаагүй гэхээр компанийн захирал, дэлгүүрийн эзэн л ирнэ.1990 оны Ардын Их хурлын төлөөлөгч шиг хүмүүс зүрх сэтгэлээрээ ирэх үү, олдох уу гэдэг асуудал байгаа юм. Сүүлийн үеийн үйл явцыг хараад эрх баригчид ард түмний санал асуулга нэрээр бамбай хийн ямар асуудал баталгаажуулах хардлага төрүүлэх боллоо. Уг нь манай намаас Э.Бат-Үүл хоёр танхимтай УИХ, Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн засаглалтай, ардчилсан улс больё гэж яриад байгаа юм. Эдгээр санаачилгууд юунаас үүдэн гарав гэхээр парламентийн эрх мэдэл хэт их болсон. Нам төвтэй засаглал бий болсонтой үүдэлтэй. Цаг үе шийдэл, өөрийн баатруудыг төрүүлж байдаг шүү дээ. Манай нөхдийн санал санаачилга дээр дөрөөлөөд эрх баригч улс төрийн хүчин “Үндсэн хууль”-ийг дордуулсан өөрчлөлт орох вий гэсэн болгоомжлол бас байна.
-Эрх баригчид Э.Бат-Үүл, Д.Дорлигжав нарын яриад байгаа засаглалын аль нэгийг сонгох гээд “Зөвлөлдөх ардчилал” гэж яриад байна уу даа?
-Уг нь бол намууд мөрийн хөтөлбөрөө библи шиг мөрдөж ажиллах ёстой. Сонгуулийн маргааш мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажиллаад явчихна шүү дээ. Тэгэхээр хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ. Миний харж байгаагаар Д.Дорлигжавын яриад байгаа шиг Ерөнхийлөгч засаглал зөв юм. Эрх мэдлээ ч ав, хариуцлагаа ч хүлээ гэсэн санаа л даа. Үндсэн хуулийн санал асуулгад ард түмнээс тодорхой асуух хэрэгтэй. Бүх нийтээс сонгогдсон Ерөнхийлөгч нь засгаа бүрдүүлээд явах хэрэгтэй.
-Нэг хүн дээр их эрх мэдэл төвлөрч, дарангуйлал төрнө гэсэн болгоомжлол байгаа юм?
-Дарангуйлагч төрөх хөрс суурь байхгүй. Тийм эрх мэдэлтэнд дарлуулаад байх ард түмэн биш болсон. Эрх чөлөөний мэдрэмж өндөртэй ард түмэн эзэнтэй байх, Шийдэмгий байхыг л шаардаж байгаа юм. Дарангуйлаад эхлэх гэвэл дөрвөн жилийн дараа тэр нөхрийг аваад хаячихна. Аймаг, сумын Засаг даргатай нь аваад хаячихна. Босоо тогтолцоотой учраас Ерөнхийлөгч сумын засаг даргаа хүртэл сонгоод явчихна шүү дээ. Хамгийн гол нь хариуцлага хүлээх эзэн нь тодорхой болно гэдгийг санах хэрэгтэй.
-“Үндсэн хуулиа” өөрчлөөгүй цагт Путин, Трампыг авчраад улс орон хөгжихгүй гэх юм билээ?
-Хүнээс хамаарахгүй системийг чухалчилдаг хүн би. Хуулийн хүрээнд ажилладаг хүнийг сонгоно. Ерөнхийлөгчийн засаглалтай хөгжсөн орон ч бий, сүйрч байгаа улс бий. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдалд Ерөнхийлөгчийн засаглалаас өөр сонголт алга.
-Хүчтэй Ерөнхийлөгч гарч ирээд оффшорчдыг, авилгачдыг шоронд хийгээд өгөөсэй нийгмийн хандлага яваад байна. Энэ хандлагын тухай..?
-Эрх баригчид санал асуулгаа тодорхой явуулах хэрэгтэй байлаа. Парламентаас Ерөнхийлөгчөө сонгоно гэцгээж байна лээ. Тийм зүйл байж болохгүй шүү дээ. УИХ дахиад нэг боолтой болно гэсэн үг. Намын бага хурлаас сонгогддог Ерөнхий сайд дээр эрх мэдэл төвлөрүүлэх юм бол хуучин систем рүүгээ явж байгаа юм. Засаглалын хэлбэр нь Улс төрийн товчоо болчихно.
Сэтгэгдэл (16)