УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тавьсан хүсэлтийн дагуу Оффшорын асуудлаар Хууль, зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрбээр "НҮБ-ын Авлигын эсрэг конвенц 2005 онд үйлчилж эхэлсэн. Үүнд 181 улс нэгдэж орсны дунд оффшор бүс болох Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс, Швейцар Луксенбүрг, Нидерланд, Кибер, Багам, Панам зэрэг улсууд нэгдэн оржээ.
НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд зааснаар төрийн албан хаагч эд хөрөнгө завших шамшигдуулах замаар олсон орлогыг хураан авах арга хэмжээг хүсэлт хүлээж авсан улс хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд тус конвенцэд тусгасан оффшор бүсэд байршуулсан хууль бус хөрөнгийг хураан авч авчруулах боломжтой. Харин хураагдахад харилцагчийн нууцлалтай холбоотой асуудал гэсэн шалтгаанаар хугацаа алдах хүндрэл байна. Хуулиар бол ХОМ гаргадаг төрийн албан хаагч оффшор бүсэд байгаа хөрөнгөө бусдад худалдах, шилжүүлэх үүрэг хүлээсэн. Хэрэв хууль биелүүлээгүй бол тухайн албан тушаалтныг эгүүлэн татах буюу халах, сахилгын хариуцлага хүлээлгэнэ" гэсэн юм.
Мөн үүний дараа АТГ-ын дарга Х.Энхжаргал "Оффшор бүсэд Монгол Улсын 49 иргэний мэдээлэл байдаг. Давхардсан тоогоор 29 иргэний 42 аж ахуйн нэгж байгаа гэж тогтоогдоод байна. Тэр 29 хүний 20 нь одоо төрийн албанд ажиллаж байна. Тэднээс байцаалт авсан. Тэдний зарим нь бизнес хийх зорилгоор сонирхож үзсэн, зарим нь оффшор бүсэд байгаа хөрөнгөө Монгол руу оруулаад ирчихсэн байдаг. 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа гэдэг бол тогтоогдох үндэслэлгүй тоо. Харин 29 хүний тухайд оффшорын асуудлаа цэгцэлсэн гээд, бүх бичиг баримтаа авч ирж, мэдүүлэг өгсөн" гэлээ.
Сэтгэгдэл (56)