Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулж өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа нар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцсон юм. Хэлэлцүүлэгт оролцогчид 2017 оны төсвийн тодотгол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төлөөлөл болон бусад хуулиудын төслүүдтэй холбогдуулж оролцогчид саналаа хэлэв. Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс төсвийн тодотголд нэмэлт өөрчлөлт оруулж, татвар хураамж нэмэх тал дээр бидний санал бодлыг тусгасангүй, гурван талт хэлэлцээрээ биелүүлэхгүй, татвар төлөгч нараа үл тоомсорлож, иргэдийн халаас руу шууд гар дүрж байна, татвар төлөгч нартаа хэтэрхий хүнд ачаа үүрүүлэхгүйгээр татвар хураамжийг төлүүлдэг болгох тал дээр анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлж байсан юм.
Тухайлбал МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Нэгдүгээрт бид төрийн захиргааны албан хаагчдыг 20 хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдыг 10 хувиар танах асуудал тавьж байна. Зөвхөн эдний цалингийн зардал, урамшууллаас 500-600 тэрбум төгрөг хэмнэгдэх боломжтой. Сүүлийн 12 жил Засгийн газар хамтарч бий болох явцдаа бүх намын төлөөллийг аливаа яам, тамгын газарт тэнцүү оруулах зорилгоор нэмсэн. Зөвхөн 2012 оноос хойш 24 мянган төрийн ажлын байр шинээр нэмэгдсэн байдаг. 2006 оноос хойш 60 мянган төрийн ажлын байр шинээр нэмэгдсэн. Одоо төр орон тоогоо 15-20 хувиар танахад ямар ч асуудал байхгүй. Төсвийн тодотголд төр зардлаа 220 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа. Энэ зардлыг 2017 оны баталсан төсвийн хэмжээнд барих хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлсэн.
Хэлэлцүүлгийн үеэр МҮЭ-ийн боловсрол, соёл, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг “Төсвийн тодотголтой холбоотойгоор долоон төрлийн татвар нэг төрлийн тэтгэмжийн асуудлыг олон хүн ярьж байгаа. Гэтэл төсвийн зарлагатай холбоотойгоор авах арга хэмжээний хүрээнд олон зүйл байна. Түүний нэг нь төрийн үйлчилгээний алба хаагчидаас хоёр хүн өндөр насныхаа тэтгэвэрт гарвал нэг хүн буцааж авна гэж яриад байгаа. Үүнийг ямар үндэслэлээр тооцоо хийгээд гаргаж тавиад байгааг ҮЭ-ийн байгууллагынхан гайхаж, боловсролын салбарынхан эсэргүүцэж байгаа. Өнөөдөр төрийн үйлчилгээний албаны ажлын ачаалаалал ямар их байгаа билээ. Сургууль, цэцэрлэгээс хүүхдээ авдаг бол нэг багш ямар их ачаалалтай ажиллаж байгааг мэдэх л ёстой. Тиймээс багш нарын орон тоог цөөлөх нь яагаад ч байж болохгүй. Уг нь хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг саяхан хийсэн. Тэгвэл энэ хэлэлцээр дээр аливаа татварыг нэмэх тухай асуудал байвал ҮЭ болон ажил олгогч, Засгийн газар ярих болно гэдгийг хэлэлцээр дээр тусгаж өгсөн. Гэтэл энэ заалт хэрэгжихгүй байна. Татвар нэмэх гэж байж ҮЭ болон ажил олгогч эзэдтэй ярилцахгүй. Зүгээр л дураараа авирлаж байна. Тиймээс ҮЭ-ийн байгууллага ийм бага хэмжээний цалин авч байгаа хүмүүст төр ингэж ачаалал үрүүлэх гэж байгааг хэрхэвч байж болохгүй үзэж байгаа. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зарлаад, тэмцлийн арга хэмжээнд орно” гэлээ.
“Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-ын тэргүүн Н.Туяа “Засгийн газраас 2017 оны төсвийн тодотгол оруулж ирэхдээ иргэдийн нуруун дээр ихэнх ачааг үүрүүлж байгаад маш их бухимдалтай байна. Төсвийн бодлого дан ганц төсвийн орлого бүрдүүлдэг хэрэгсэл биш. Энэ нь нийгмийн баялгийн дахин хуваарилалтыг хийдэг санхүүгийн маш том хэрэгсэл байдаг. Ингээд үзэх юм бол энэ төсөлд ерөөсөө судалгаагүй, зүгээр л төсвийн орлого дутаж байгаа учраас хамгийн амархан олох арга буюу татваруудыг нэмж оруулж ирж байна.
Олон улсын түвшинд татварын бодлого нь эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, нийгмийн баялгийг тэгш шударга зарцуулсан байдаг. Тэдний жишгийг харвал хөгжсөн орнуудын төсвийн 20-60 хувь нь газар буюу байгалийн баялгаасаа орж ирдэг. Нэг ёсондоо ард түмний өмч ард түмэндээ эргэн зарцуулагддаг. Жишээ нь Австрали улс нийт төсвийнхөө 39 хувийг, Канад 38 хувийг, Испани 23 хувь, Болгар улс 20 хувийг газраас олдог. Манай улсын хувьд хөдөлмөрлөж байгаа хэсгээсээ маш их татвар авч, төсвийн орлогын 80 гаруй хувиа бүрдүүлдэг. Төсвийн орлого өнөөдөр 6 их наяд байгаа ч газраас олж байгаа орлого нь 68 тэрбум буюу 1 хувь байна. Бид нийтийн өмчөөс олох ёстой орлогыг 20-30 дахин бага авч байгаа.
Өнөөдөр манай төсвийн бодлого нийтийн өмчийг цөөнх нь маш хямд үнээр, өрсөлдөөнгүй давуу эрхээр эзэмшиж, хөдөлмөр эрхэлж байгаа хэсгээс орлогоо бүрдүүлж, эдийн засгаа туйлдуулж байна” гэв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа “УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана. Энэ удаагийн төсвийн тодотголд зарлага 220 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр орж ирсэн. Тиймээс үүнийг эсэргүүцэж, энэ зардлыг нэмэхгүй. Харин ч бууруулах тал дээр саналаа гаргана гэж бодож байгаа. Зардал нэмэгдэж байгаа гол шалтгаан нь хөрөнгийн зардлыг 100 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаатай холбоотой. Тиймээс ямар төрлийн хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх гэж 100 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна вэ гэдгийг нэр бүрчлэн авч хэлэлцэнэ. Энэ нь туйлын шаардлагатай зардал мөн эсэхэд дүгнэлт өгнө. Түүнчлэн төсвийн урсгал зардлын 78.3 тэрбумаар танасан байгаа. Энэ бол нэг хувь хүрэхгүй өчүүхэн таналт юм. Тэгвэл үүнийг тав хүртэл хувиар бууруулж, танах саналыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргахаар төлөвлөж байгаа. Мөн таван төсвийн ерөнхийлөн захирагчдын зардал буурч, 24 нь нэмэгдсэн. Тиймээс энэ бүх нэмэгдлүүдийг нэмэхгүй. Харин эсэргээрээ буруулах тал дээр санал гаргана гэж бодож байна” гэсэн юм.
Энэхүү нээлттэй хэлэлцүүлгийг үед гарсан саналыг УИХ, Засгийн газар, Сангийн сайдад хүргүүлэх юм байна.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (17)