УИХ-ын чуулган өнөөдрийн хуралдаан эхэлж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийлээ. Мэдээлэлтэй холбоотойгоор сөрөг хүчин болох АН-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Манай улс 580 сая ам.долларын өр дарагдлаа. Манай улсын зээлжих зэрэглэл гайгүй болж, банк санхүүгийн байгууллагууд өрөө өгч эхэллээ гэх мэдээлэл яваад байгаа. Дээрх 580 сая долларын зээлийг 5,7 хувийн хүүтэй авсан гэтэл одоогийн авсан зээл нь 8,75 хувьтай. Ингээд бодохоор 3 хувийн хүүгийн алдагдалтай наймаа болсон байна. Үүнээс хамаараад төсөв дээр хичнээн хэмжээний ачаалал нэмэгдэж байгаа, үүнийг яаж тусгасан. Хоёрдугаарт өрийг өрөөр дарсан гэх мэдээллийг ард түмэнд үнэн зөвөөр нь өгөх хэрэгтэй юм шиг санагдаад байна?
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Хөгжлийн банкны 580 сая ам.долларын Евро бондын өрийг дарсан явдал дээр маргаан байгаад байна. Уг нь бол бүх л хүн өрөө яаж дардаг вэ гэдгийг мэдэж л байгаа. Нэг бол өөрийн халааснаасаа гаргаад дарна. Нөгөө бол зээл аваад л дарна шүү дээ. Бид нар халаасандаа мөнгөтэй байсан. Гэхдээ энэ мөнгөөрөө дарчих юм бол санхүүгийн зах зээл дээр тогтворгүй байдал үүсэх, валютын ханшинд нөлөөлөх эрсдэл байсан учраас өрийг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авсан. Та 5.75, 8.75 гэсэн хүү яриад байна. 5.75 хувийн хүүтэй бондыг босгоход МУ-ын эзийн засгийн өсөлт 17 хувьтай байсан. Ямар нэгэн хугацаа тулсан өр байхгүй. Валютын нөөц нь 2 тэрбум долларын нөөцтэй байсан. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Харин манай улсад 3,3 тэрбум долларын хөрөнгө оруулагчийн санал ирсэн. Үүнийг үндэслэж хөрөнгө оруулагчид Монгол Улсад итгэл сэргэж байна гэх тайлбарыг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: ОУВС-ийн хөтөлбөрт ороход 7 төрлийн татвар, тэтгэврийн насыг нэмж, хүүхдийн мөнгийг хасна гэж оруулж ирж байгаа. Энэ удаагийн хийсэн хэлэлцээрт та оролцсон гэдэгт итгэлтэй байна. ОУВС МУ-ын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэр нааштай хандсан бэ. Үнэхээр шууд тулгалтын аргаар явсан уу эсвэл монголчуудад ээлтэй байхаар хөнгөлттэй нөхцөл санал болгосон уу?
Ж.Эрдэнэбат: Би анх ажил авсныхаа дараахан ОУВС-д захидал явуулсан. Тиймээс ч манай улсад 4 удаа ажлын хэсэг ирүүлж ажилласан. Энэ ажлын хэсэг болгонтой уулзаж байсан. Ер нь ОУВС аливаа улс оронд шууд хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тулгадаггүй. Харилцан тохиролцдог. Долоон төрлийн татварыг нэмж, халамжийг бууруулж байгаа нь төсвийнхөө тэнцвэртэй байдлыг бий болгоё л гэж байгаа юм.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Гадны байгууллагуудтай байгуулж байгаа гэрээ хэлэлцээр, хөтөлбөрийн үр дүнг тооцдог уу. Энэ нь манай улсын эдийн засгийн өсөлтөнд нөлөөлсөн эсэхийг тооцдог нөлөөллийн тооцоог гаргадаг байгууллага сангийн яам дээр байна уу, ОУВС-тай хэлэлцээр хийхдээ үндсэн нөхцлүүдээ яаж тооцсон бэ. Үндсэн баримт бичгээ АН-ын бүлэгт өгч болох уу. Энэ мэдээлэл нээлттэй байвал хардсан сэрдсэн зүйл гарахгүй байх. 3.3 тэрбум долларын дэлгэрэнгүйг хэлж өгөөч ээ?
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Хэлэлцээр хийхэд ашигласан тоон мэдээллүүдийг нуугаад байх зүйл байхгүй. Статистик мэдээллээс авсан. Харин 3,3 тэрбум долларын хувьд эдийн засгийн макро орчинг тогтворжуулах чиглэл дээр 1,5 тэрбум орчим доллар нь зарцуулагдах юм. Харин 500 орчим сая нь Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх, 1 тэрбум нь эдийн засагтаа дэмжлэг үзүүлсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулагдах санхүүжилт болгохоор тооцсон. Эхний ээлжийн шийдвэрүүд гараад ирсэн. Бид зээлээ авах тухай л яриад байхаас бус юунд яаж зарцуулах вэ гэдэг нь орхигдчихоод байгаа нь үнэн. Цаашид энэ байдлыг давтахгүй байх бодлогыг боловсруулна.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (8)