Өчигдөр үдээс хойш МАН-ын бүлгийн хуралдаанаар найман төрлийн татварын нэмэгдлийн төслийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, бүлгийн улс төрийн шийдвэрээр Засгийн газар уг төслөө татахаар болсон. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдэгдсэн билээ. МАН-ын бүлгийн гишүүд төсвийн тодотголын асуудлаар тэр дундаа татварын нэмэгдэл, цалин, халамжийн мөнгөний таналт зэргийг эсэргүүцсэнээс үүдэн Засгийн газартай түнжин муутай байгаа гэж хэлж болно. Харин удаан муудалцсаны эцэст бүлгийн гишүүд нь дийлсэн бололтой. Ямартай ч цалинг танаж, татвар нэмэх саналыг эгүүлэн татууллаа. Хэрвээ Засгийн газар боловсруулсан төсвийн тодотголоо энэ чигээр нь батлуулсан бол ирэх сард болох орон нутгийн сонгуульд МАН ялагдал хүлээх эрсдэлтэй гэж тус намын гишүүд үзсэн байж болох.
Ингээд уг асуудлаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
- МАН-ын бүлгээс найман төрлийн татварын нэмэгдлийг дэмжихгүй гэх шийдвэрт хүрсэн байна. Татвар нэмэх төслийг дахин УИХ-д өргөн барих уу?
- Засгийн газар татвар нэмэх төслөө эргүүлэн татаагүй. Бүлгийн шийдвэр л тэгэж гарсан. Харамсалтай байна. Төсвийг эцэслэн батлах эрх нь УИХ-д бий. Засгийн газраас төсвийн төслийг УИХ-д санал болгодог. Батлах бүрэн эрх нь УИХ-д бий.
- Засгийн газрын оруулж ирсэн төсвийн тодотголыг бүлэг дэмжихгүй байгаа учраас МАН-ын гишүүд санал хуваагдсан гэдэг нь үнэн үү?
- Бүлгийн хурлын үеэр төсвийн тодотголоор 5-6 удаа тайлбар хийсэн. Гишүүдийг юунаас шалтгаалж, ямар байр суурь баримталж байгааг өмнөөс нь тайлбарлах илүүц байна. Гэхдээ Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал онц хүнд байдалд байна шүү дээ. Бид зарлагаа бууруулж, орлогоо нэмье гэдэг хоёр багц саналыг оруулж ирсэн. Энэ саналын нөлөөлөл нь 2016 онд харьцангуй бага. Харин 2017 оны төсвийг батлах үед нөлөөлөл илүү суух учиртай байсан. Бид ойролцоогоор 2017, 2018 онд 500 орчим тэрбум төгрөгөөр төсвийн тодотгол сайжрахаар хувилбар оруулж ирсэн. Энэ хувилбарууд ард түмэнд таалагдахгүй байгааг мэдэж байгаа. Хүмүүсийн цалинг бууруулах нь сайн зүйл биш. Эх үүсвэрийнхээ хүрээнд аргагүйн эрхэнд энэ саналыг оруулж ирсэн. Дээрх 500 орчим тэрбум төгрөг 2017 оны төсвийн тэнцэлд тодорхой хэмжээний дэмжлэг болно. Гэхдээ асуудлыг бүрэн шийдэхгүй. 2016 оны төсвийн тодотгол батлагдсаны дараанаас 2017 оны төсвийн тооцооллыг хийх учиртай. Засгийн газар болон Сангийн яам дахин хүнд байдалд орлоо. Учир нь хуулиар энэ сарын 15-ны өдөр гэхэд Сангийн яам төсвийн төслийг Засгийн газарт өргөн барих учиртай. Бидэнд ес хоног л үлдээд байна. Үүний дараа буюу 10 сарын 1-ны өдөр 2017 оны төсвийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн барина. Цаг хугацааны хоёр давхар хайчинд орчихлоо.
Бид гадаад зээлийн ашиглалтыг нэг их наяд төгрөгөөр тооцоолсон. Урьдны засгийн газрын үед тавьсан гадаад зээлийн ашиглалтуудыг 2017 онд эрчимжүүлнэ гэж тооцоолсон.
- Сангийн яамны дараагийн алхам, хийх ажил юу байх вэ?
- Ахмадуудын тэтгэврийг 50 хувь буулгаж, төрийн албан хаагчдын цалинг багасгана гэхээр хэтэрхий хатуу шийдвэрүүд гаргах гээд байсан учраас үе шаттайгаар зарлагаа бууруулахаар болсон. Одоо дөрвөн их наяд төгрөгийн алдагдал байгаа. Энэ алдагдалд хүрэхэд манай Засгийн газрын оролцоо тун бага байсныг та бүхэн мэднэ. Хэн, хэзээ яаж ийм болгосныг ярьвал хэд хоногийн яриа болно. Засгийн газар улс төржих сэдвийг хойш тавиад дээрх бодлогуудыг оруулж ирсэн. Асуудал хүнд байна. Дахин шинэ гарц хайна. Бид гадаад зээлийн ашиглалтыг нэг их наяд төгрөгөөр тооцоолсон. Урьдны засгийн газрын үед тавьсан гадаад зээлийн ашиглалтуудыг 2017 онд эрчимжүүлнэ гэж тооцоолсон. Нэг их наяд төгрөгийн гадаад зээлийн гэрээний урьдчилсан хэрэгжилт явагдах байсан. Ингээд 2017 оны нэгдсэн төсвийн алдагдал цэвэр дүнгээрээ хоёр их наяд гурван тэрбум төгрөгөөр дутах байсан юм. Үүнээс 500 орчим тэрбумыг нь саяын оруулж ирсэн төсвийн тодотголоор нөхөхөөр тооцоолж байсан. Үлдсэн 1.8 их наядыг дахин зээл авч шийдвэрлэх нөхцөл байдалд орж байсан. Гэхдээ том төслүүдийг явуулаад гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадвал 1.8 их наядыг эдийн засгийн өсөлт, татварын орлогоор нэмэх чиглэлтэй байлаа. Энэ үйл явцаар 2017, 2018 онд алдагдалгүй төсөв батлахаар ажиллана.
2017 онд зээлийн үйлчилгээний төлбөрөө бүрэн төлчих юм бол нэгдсэн төсвийн орлогоосоо нэг ч төгрөгийг ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинд зарцуулаад хүрэхгүй.
-Төсвийн алдагдлыг яаж нөхөх вэ?
- Дахин тооцоо, судалгаа хийнэ. Бүлгийн шийдвэр гарсан. Сангийн яамныхан төсвийн алдагдлыг хэрхэн нөхөх тал дээр дахин ажиллаж байна. Зардлаа танахад хязгаарын хамгийн доод түвшинд хүрчихээд байна. Төсвийн зардлын хамгийн том хүндрэл бол зээлийн үйлчилгээний төлбөр байгаа. 2017 онд зээлийн үйлчилгээний төлбөрөө бүрэн төлчих юм бол нэгдсэн төсвийн орлогоосоо нэг ч төгрөгийг ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинд зарцуулаад хүрэхгүй цаана нь 300 тэрбум төгрөг дутуу байна шүү дээ. Тэгэхээр зээлийг зээлээр дахин санхүүжүүлнэ гэвэл зээлийн хүүгээс бултах аргагүй болно. Зээлийн хүүгийн ачаалал 2017 онд 1.6 их наяд төгрөг байхаар байгаа.
- Стэнд бай хөтөлбөрт хамрагдах асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
- Уг хөтөлбөрт хамрагдах нь байж болох хувилбаруудын нэг. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй. Олон улсын валютын сангаас техникийн баг ирж нөхцөл байдлыг дахиж судалсаны дараа Олон улсын валютын сан, Монгол улсын Засгийн газрын хооронд хэлэлцээр байгуулна. Ярихад эрт байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (32)