Улаанбаатар хотын хүн амын бохир усыг татан зайлуулдаг УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламж аваарын байдалтай ажиллаж байгаа талаар өнөөдөр сэтгүүлчид газар дээр нь очиж танилцлаа.
Төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийхгүй бол нийслэлчүүдийн бохир Туул гол руу цутгах аюул тулгараад байна. Цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсгийг анх 1979, 1985 онд ашиглалтад оруулж байсан аж. Энэ хэсгээр өдөр бүр нийслэлийн иргэдийн хэрэглэсэн бохир усанд биологийн цэвэрлэгээ хийдэг юм байна.
Гэвч байгуулагдсан цагаас хойш дорвитой шинэчлэл хийгээгүйгээс тунгаагуурын хананд цооролт үүсч, цооролтын хэмжээ ихэсчээ. Ингэснээр одоогийн 65 хувийн цэвэрлэгээний хувь хэмжээ улам багасах юм байна. Энэ чигээрээ явбал ирэх жил гэхэд нийслэлчүүд хэрэглэсэн бохир усаа ариутгах байгууламжгүй болж, Туул гол шууд зутгах аюул нүүрлэжээ.
УСУГ-аас энэ удаагийн засварыг Засгийн газар, нийслэлийнхний гарыг харалгүйгээр яаралтай эхлүүлэхээр шийдээд байгаа аж. Гэхдээ засварлахын тулд хоёр сонголтоос нэгийг сонгох хэрэгтэй болсон байна. Тухайлбал, засвар хийх гурав хоногийн хугацаанд иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах, эсвэл нийслэлчүүдийн хэрэглэсэн усыг цэвэрлэхгүй шууд Туул гол руу асгах гэсэн сонголт дээр тулаад байгаа аж.
Цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсэгт засвар хийсэн ч цэвэрлэх байгууламжийн асуудал толгойны өвчин хэвээр үлдэнэ гэдгийг анхааруулж байгаа юм. Учир нь Төв цэвэрлэх байгууламжийн ажиллагаа ирэх жил гэхэд зогсч мэдэхээр байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байсан.
Ямартай ч нийслэлчүүдийн хэрэглэсэн бохир усыг цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламжийг анхааралдаа авч ойрын хугацаанд шинэчлэн засварлахгүй бол Туул гол бохирдох аюулын харанга дэгдээд байгааг энэ дахин өгүүлье.