Уншигч та бүхэнд 2025 онд болох спортын томоохон тэмцээнүүдийн хуваарийг танилцуулж байна.
-АВСТРАЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН-
Нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээн болно. Тус тэмцээний өнгөрсөн жилийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгчээр Янник Синнер тодорч байв. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Арина Сабаленка түрүүлсэн юм.
Хэзээ: Нэгдүгээр сарын 12-26-ны өдрүүдэд
-АЗИЙН ӨВЛИЙН НААДАМ-
Ес дэх удаагийн Азийн өвлийн наадам Хятадын Харбин хотноо болно. 34 улсын тамирчид 11 спортын 64 төрлөөр медальтнуудаа тодруулна. Монгол Улсаа төлөөлөн спортын есөн төрөлд 80 гаруй тамирчин өрсөлдөнө.
Хэзээ: Хоёрдугаар сарын 7-ноос 14-ний өдрүүдэд
-СУПЕР БОУЛ-
Нью-Орлеанс хотноо 59 дахь удаагийн супер боулын тоглолт болно. Патрик Махомсоор ахлуулсан Канзас Сити Чифс баг дахин нэг удаа аваргаа хамгаалахаар ирэх магадлал өндөр байгаа. Тэд сүүлийн таван жилийн дөрөвд нь аваргын төлөө шалгарсан гэх сүрдэм амжилттай. Үүнээс хоёр дараалан түрүүлээд байгаа билээ. Мөн энэ өдрийн онцлох үйл явдал нь их завсарлагаанаар алдарт реппер Кендрик Ламар өөрийн шоуг толилуулна.
Хэзээ: Хоёрдугаар сарын 9-ний өдөр
-ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ДАШТ-
Нанжин хот эцэст нь хөнгөн атлетикийн ДАШТ-ийг хүлээн авч байна. Тэд угтаа 2020 онд хүлээн авах байсан ч цар тахлын улмаас хойшилсон билээ.
Хэзээ: Гуравдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд
-ЖҮДОГИЙН ДАШТ-
38 дахь удаагийн жүдогийн ДАШТ ирэх зуны эхэн сард Унгарын Будапешт хотноо болно. Ирэх олимпийн цикльд гялалзах ододтой бид танилцах болно. Мөн шинэ дүрэм хэрэгжиж эхлэх тул олон сонирхолтой барилдаан болох нь лавтай.
Хэзээ: Зургадугаар сарын 13-наас 20-ны өдрүүдэд
-ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБУУДЫН ДАШТ-
Олон улсын хөлбөмбөгийн холбоо, ивээн тэтгэгчдээс өөр хэн ч хүсээгүй 63 тоглолт бүхий клубуудын ДАШТ хөлбөмбөг сонирхогчдыг хүлээж байна. Тив бүрээс шигшэгдсэн 32 баг АНУ-д зуныг өнгөрүүлнэ.
Хэзээ: Зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 13-ны өдрүүдэд
-3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ДАШТ-
Монгол Улс анх удаагаа 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг хүлээн авна. Энэ ч утгаараа ач холбогдол өгч, эрэгтэй шигшээ багийн тамирчид жилийн өмнөөс бэлтгэлдээ гарсан. Тэд дотоодын лигтээ ч тоглохгүй зөвхөн 3х3 сагсан бөмбөгтөө анхаарлаа хандуулж байгаа билээ. Таван тивийн 40 баг Улаанбаатар хотноо өрсөлдөнө.
Хэзээ: Зургадугаар сарын 23-наас 29-ний өдрүүдэд
-Эмэгтэйчүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээн-
Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ 2023 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “унтаж буй аварга биет”-ийг сэрээж, эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн замналыг гэрэлтүүлсэн үйл явдал гэж тодорхойлсон билээ. Тэгвэл түүнээс хоёр жилийн дараа Швейцарт болох Эмэгтэйчүүдийн “Евро-2025” тэмцээн дахин олны анхаарлын төвд байх төлөвтэй байна.
Хэзээ: Долоодугаар сарын 2-27
-2025 ОНЫ АЗИЙН АВАРГА-
Сагсан бөмбөгийн Азийн 31 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабд эхэлнэ. Монголын шигшээд оролцох боломж бага хэдий ч байгаа. Ирэх оны хоёрдугаар сард Гуамыг талбай дээр нь 14 оноогоор нь хожвол хэсэгтээ гуравдугаар байрт шалгарч, эрх олгох эцсийн шатанд шалгарах аж.
Хэзээ: Наймдугаар сарын 5-наас 17-ны өдрүүдэд
-ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ-
Хорватын Загреб хотноо чөлөөт бөхийн ДАШТ болно.
Хэзээ: Есдүгээр сарын 13-наас 21-ний өдрүүдэд
-АФРИКИЙН ЦОМ-
Хөлбөмбөгийн Африкийн цом энэ оны сүүлийн том тэмцээнээр тодорч байна. Морокко улс 1988 оноос хойш анх удаагаа, түүхэндээ хоёр дахь удаагаа тивийнхээ хамгийн том тэмцээнийг зохион байгуулна. Дэлхийн аваргыг хүлээн авах улс бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгааг харах сайхан боломж гарчээ.
Хэзээ: Арванхоёрдугаар сарын 18-наас 2026 оны нэгдүгээр сарын 18-ны өдрүүдэд