Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сайн, муу гээд л янз бүрийн мэдээлэл хүргэдэг. Тэгвэл үүний хажуугаар сэрэмжлүүлсэн, зөвлөсөн мэдээ материалыг байнга бэлтгэн гаргаж байх нь бидний үүрэг. Тиймээс ч бид энэ удаад амиа хорлолтын талаар цогц мэдээллийг бэлтгэлээ. Энэхүү материалаараа амиа хорлолт ямар хор нөлөөтэйг голлон харуулахыг эрмэлзлээ.
Нийгмийн стресс, хувь хүний сэтгэл гутрал амиа хорлоход нөлөөлж байна
Жил ирэх тусам амиа хорлолт буурах биш нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь нийгмийн стресс, хувь хүний сэтгэл гутрал зэрэг зүйлээс ихээхэн шалгаалж байгааг сэтгэлзүйчид хэлж байна. Хоногт нэг, долоо хоногт 2-3 амиа хорлох тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгааг хуулийн албаныхан ч хэлж байна.
Амиа хорлолтыг 18-30 насныхан эзэлдэг. Харин өсвөр насныхан хийгээд өтөл насныхан амиа хорлох нь байнга биш ч мэр сэр гардаг. Учир нь өсвөр насны хүүхдүүдийн хувьд амиа хорлох ноцтой шалтгаан байдаггүй. Эцэг эхдээ загнуулж, зодуулснаасаа болж айлгах гээд ч юм уу иймэрхүү тохиолдлоос болж хорлосон байдаг байна. Харин насанд хүрэгчдийн амиа хорлолтод нийгмийн байдал хамгийн их нөлөөлж байгаа аж. Ер нь зөвхөн амиа хорлолт гэхгүй гэмт хэргийн гаралтын ихэнх нь нийгмийн байдлаас нөлөөлж гарсан байдаг. Амиа хорлосон хүмүүсийг архи уусныхаа дараа хорлолоо гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ архи нээх нөлөөлсөн зүйл байдаггүй. Эртнээс бодож төлөвлөөд тэгээд амиа хорлосон байдаг байна.
Амиа хорлосон хүмүүс ар гэр, удам судартай арилашгүй толбо үлдээдэг
Амиа хорлосон хүн ар гэртээ маш том сэв үлдээгээд зогсохгүй түүнийг оршуулах газар ч олддоггүй. Ар гэрийнхэн нь овоо хэдэн цаас өгч байж хаа нэг газар хөдөөлүүлдэг хэдий ч түүний нас барсан талаар хэн нэгэнд хэлэхээс эхлээд лам хар олох гээд асуудлууд маш их байдаг. Энэ нь амиа хорлосон хүн ар гэр, хамаатан садандаа арилашгүй хар толбо үлдээж буй хэрэг юм. Цаашлаад удам судар, үр удамдаа ч гай тарьдаг аюултай. Учир нь амиа хорлосон хүний удамд дахин амиа хорлох үзэгдэл давтагдах гээд байдаг талтайг ахмад, хөгшчүүд хэлдэг. Генээр дамжиж үр хүүхэд нь ч энэ рефлексээр амиа хорлох тохиолдол гардаг гэдгийг учир мэддэг хөгшчүүд хэлж сэрэмжлүүлдэг билээ.
Тиймээс иргэдэд хандаж хэлэхэд өнөөдөр ямар ч уй гашуу, зовлон зүдгүүр тохиолдож болно гагцхүү цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл эргээд хэвийн болдог. Маргааш таньд юу тохиолдож ч болно гэдгийг санах хэрэгтэйг дахин дахин сануулмаар байна. Тухайн хүн өөрөө юу тарина түүнийгээ хурааж авдаг гэдэгчлэн таниас шалтгаалж ирээдүйн амьдрал чинь өөрчлөгддөг юм шүү.
Эдгэрэшгүй өвчтэй нэгэн ч амьдрахын төлөө тэмцэж байна
Зарим хүмүүс амьдрахыг илүүд үздэг байхад өөр нэг нь үхлийг хүсдэг. Харин үхэл хүсч хийсэн үйлдлийг амиа хорлох гэнэ гэдгийг өнөөгийн бага ангийн сурагчид ч төвөггүйхэн ойлгочихно.
Дэлхий нийтэд сая сая хүмүүс хорт хавдар, эдгэрэшгүй өвчинтэйгээ тэмцэж байна. Тэд амьдрахыг илүүд үзэж байна. Амьдрахын төлөө юу ч хийхэд бэлэн байгаа энэ цаг үед эрүүл саруул залуус сэтгэл гутралаа даахгүйгээр амиа хорлоно гэдэг байж боломжгүй үйлдэл мэт. Уг нь ганцхан олдох амьдралд эрүүлээр сэтгэж, байгалийн жам ёсоороо л хорвоог орхивол зохилтой. Гэвч тэд маргааш гэдэг өдрийг үхлээр төсөөлж, бүхнийг орхиод ингээд яваад өгөх нь хамгийн амархан сонголт мэт ташаа ойлгож байна.
Өөрөөр хэлбэл, хамгийн аминчхан, амиа бодсон хүний хийдэг үйлдэл бол амиа хорлолт. Тэд эргэн тойрныг, бусдыг, хайртай хүмүүсээ бодсонгүй. Хүнд нэг өдөр зовлон, амьдрахын аргагүй нөхцөл байдал бий боловч түүнийг даван гарсан цагт бүх зүйл сайхан болно гэдгийг санах хэрэгтэй.
Дэлхийн улс оронд амиа хорлолт хэр байдаг вэ?
Долоон тэрбум гаруй хүн амтай манай дэлхийд жилд дунджаар 900 орчим мянган хүн амиа хорлодог аж. Харин манай орны хувьд амиа хорлосон, хорлохыг завдсан тохиолдлын тоо, давтамж, тархалт сүүлийн жилүүдэд хүчтэй өсч байгаа нь олон нийт болоод хууль хяналтын байгуулгынхнын сэтгэлийг түгшээх болжээ. Амиа хорлолт хамгийн их улс бол Умард Европ дахь Балтийн гурван том улсын нэг Бүгд Найрамдах Литва улс.3.2 сая хүн амтай энэ улсад амиа хорлолтын тоо хамгийн өндөр буюу 34.1 хувьтай байдаг байна. Сүүлийн арван жилийн хугацаанд амиа хорлолтын тоо хоёр дахин нэмэгдэж, урьд нь амиа хорлолтын тоогоор тэргүүлдэг байсан Унгар болон Балтийн бусад орнуудын өмнө бичигдэх болжээ. Цаашлаад Өмнөд Солонгос улс амиа хорлолтын тоо өндөртэй улсуудын жагсаалтанд дээрээсээ хоёрт бичигддэг. Амиа хорлолтын хувь 31-д хүрсэн энэ улсын засгийн газрын 2010 оны илтгэлд амиа хорлогчдын нас 40-өөс доош байна гэсэн байна.Өмнөд Солонгосчууд бол өөрийн жинхэнэ мэдрэмжээ нуун дарагдуулж, хэрвээ өөрт нь зовлон бэрхшээл учирвал бусдаас тусламж хүсэх дургүй хүмүүс. Энэ зан чанар нь амиа хорлолтын тоо өндөр байх гол шалтгаан болж байгаа аж. Энэ мэт Гуяана, Казакстан зэрэг улсууд амиа хорлолт өндөртэй юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/1463/ © XopoM News
Судалгаагаар эрчүүдийн амиа хорлолт их байдаг ч сүүлийн хоногуудад эмэгтэйчүүд амиа хорлох нь ихэсчээ
Эмч нарын хийсэн судалгаагаар хүйсийн хувьд эрэгтэй хүмүүс илүү их сэтгэл гутралын өвчинд өртөж, амиа хорлох нь элбэг байдаг аж. Учир нь эмэгтэй хүнд ямар нэгэн таагүй зүйл тохиолдоход тэр зүйлээ бусадтай хуваалцаж чаддаг учраас стрессээ гаргачихдаг. Гэтэл эрчүүд дотроо хадгалаад, бухимдсаар эцэстээ тэр нь амиа хорлолт болж хувирдаг аж. Эрчүүд, эмэгтэйчүүд гэлтгүй нэгэн ижил давтагддаг үйлдэл нь амиа хорлох шийдвэр гаргах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх явдал аж. Ер нь амиа хорлоно гэдэг тухайн хүнээс бас ч үгүй зориг шаардаж байгаа болоод ч тэр үү согтуу байх үедээ амиа хорловол амар байх болно гэсэн ойлголт байдгийг үгүйсгэхгүй.
Амиа хорлосон хүмүүсийн 60 орчим хувь нь эрэгтэйчүүд байдаг гэдгийг сэтгэлзүйчид хэлээд байгаа сүүлийн өдрүүдэд эмэгтэйчүүд амиа хорлохыг завдах, амиа хорлох үзэгдлүүд гарсаар байгаа юм.
Хамгийн сүүлийн ноцтой хэдхэн жишээг дурдахад, энэ сарын 9-нд “True L” 716 дугаар байрны 16 давхраас 45 орчим настай эмэгтэй амиа хорлосон байдалтай унаж, амь насаа алдсан. Тэрээр тус хотхоны гурван давхарт ганцаараа оршин суудаг байсан гэх бөгөөд элэгний хорт хавдартай байсан талаар ар гэрийнхэн нь мэдүүлсэн байдаг. Гэрийнхнийх нь хэлснээр эл эмэгтэй өвчиндөө шаналж, амиа хорлоход хүрсэн байж болзошгүй байгаа юм.
Мөн энэ өдөр Баянгол дүүргийн 13-р хороонд 20-р байрны дээвэр дээрээс нэгэн эмэгтэй амиа хорлохыг завдаж цагдаа, онцгойгийнхон аман хэлэлцээр хийж амь насыг нь аварсан байдаг. Тэгвэл дахин Сүхбаатар дүүргийн 14 дугаар хороо, Хандгайтын 33 дугаар гудамж, Сэлбэ голын хажууд өндөр хүчдлийн шон дээрээс 19 настай эмэгтэй амиа хорлохыг завдаж байсныг нийслэлийн онцгой байдлын аврах баг болиулж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.
Энэ төрлийн харамсалтай хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ?
Амиа хорлолтын эсрэг дорвитой зүйл юу хийвэл зохилтой вэ?. Нийгэм, хувь хүний ухамсарт хэрхэн нөлөөлөх хэрэгтэй вэ?. Сэтгэл зүйч, сэтгэл судлаач, эмч, нийгмийн ажилтан цаашлаад төр засаг үүнд анхаараач. Мөн хүний аминд хүрч болзошгүй эм тариа худалдаалдаг эмийн сан, эм нийлүүлэгчид ч нэгийг бодооч.
Нийтээрээ нийгмээрээ нэг бодлого явуулж, эргэн тойрондоо сэрэмжлүүлэх цаг болсон юм биш үү? Энэ хар дарсан зүүд шиг хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нэн шаардлагатай байна. Гарах гаргалгаа, сэтгэлзүйд нөлөөлөх хүчин зүйлсийг мэргэн ухаантай уншигч та бүхэндээ үлдээе. Магадгүй таны удамд, танай эргэн тойрны хэн нэгэнд ийм зүйл тохиолдохоос бид өөрсдөө сэргийлэх хэрэгтэй шүү дээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)