Олон мянган хүний хүсэл мөрөөдөл шороонд дарагдлаа. Засгийн газар сайн дураараа буувал Монголдоо буянтай хэрэг болно
АН-ын гишүүн, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн сүүлийн үед намынхаа болоод одоогийн удирдлагуудад ихээхэн сэтгэл дундуур явах болсон билээ. Монголын толгой эдийн засагчдын нэг тэрээр Засгийн газрын эдийн засгийн бодлогыг эртнээс шүүмжилж эхэлсэн. Одоо бүүр ч хатуугаар байр сууриа илэрхийлэх болов. Тухайлбал “Намрын чуулган эхлэнгүүт энэ Засгийн газар хэрүүлгүйгээр сайн дураараа буувал Монголдоо буянтай хэрэг болно”, “Олон мянган хүний хүсэл мөрөөдөл шороонд дарагдлаа. АН-ын удирдлага хариуцлагаа хүлээх ёстой”, “Засгийн газар сайн дураараа саналаараа огцрох хэрэгтэй. Харин үүний дараа АН дараагийн Засгийн газраа байгуулаад зөв бодлого явуулбал ирэх сонгуульд найдвар бий” хэмээн учирлав. Мөн Засгийн газрын алдаатай бодлогын талаар АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягтаа зөвлөх гэхээр хүлээж авахгүй байгаа аж. Энэ талаараа “Би сайн дураараа Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж санаа, оноогоо хэлэх гэж өөрийн биеэр очиж хоёр удаа уулзах хүсэлт тавьсан. Намайг хүлээж аваагүй. Эргэж дуудаагүй болохоор нь дахиж очоогүй” гэж учирлав. Өөрөөр хэлбэл АН-ын удирдлага ард түмнээсээ хөндийрсэн гэдэг шүүмжлэл үнэн аж. Тэр ч бүү хэл өмнө нь Ерөнхий сайд хийж байсан өвгөн эдийн засагчаас ч зайгаа барих больжээ.
Шанзав Бадамдоржоос хойш Монголынхоо хувь заяанд цэвдэг ханддаг хүмүүс энэ Засгийн газарт байна
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн дараагийн шүүмж бүүр ч хатуу бөгөөд гашуун байна. Тэрээр газраа гадныханд өмчлүүлэх, ашиглуулахаар хуулийн төсөл боловсруулсанд ихэд гутарчээ. Учир нь өнгөрсөн хавар Засгийн газраас “Газрын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан. Уг төсөл дуулиан тарьсан. Ерөнхий сайд асаны сэтгэлийг ч эвгүйцүүлжээ. Энэ тухайгаа “Энэ хавар Монголынхоо газар нутгийг 60-100 жилээр гадаадын нөхдүүдэд дуудлагаар худалдана гээд хээвнэг зогсож байна шүү дээ. Газар нутгаа гадныханд худалдана гэдэг төрийн түшээдтэй байна гэдэг Монголын эмгэнэл. Шанзав Бадамдорж гэж нөхөр 1919 онд Сү Шү Жаныг хүрээнд ороод ирэхэд орой болгон уулзаж архи ууж хундага тулгадаг байсан гэдэг. Түүнээс хойш Монголынхоо хувь заяанд цэвдэг ханддаг төрийн түшээ, Засгийн газар байсангүй. Тэгсэн энэ удаагийн Засгийн газар гадныханд эх нутгаа дуудлага худалдаагаар худалдах хуулийн төсөл санаачилаад барьчихсан явж байна. Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар гэдэг нөхөр тэр хуулийг нь дэмжээд УИХ дээр ярьж байна шүү дээ. Энэ нөхөр чинь Хэнтий аймгийн Биндэр сумынх. Бид хоёр нэг нутаг усных юм. Үгүй нээрээ хэлэх ч үг алга. Одоо сэрэх цаг болжээ. Энэ чинь юу болоод байна вэ” хэмээн үнэхээр их гайхжээ. Бодвол нутгийн дүү Б.Гарамгайбаатар нь яагаад ийм зүйл сэдсэнээ нутгийн ахдаа бас дахин сонгогдьё гэж байгаа бол эх оронч буриадууддаа, хаан Чингисийн голомт болсон нутгийнхандаа тайлбар хийх хэрэг гарлаа.
УБ хотын ИТХ-ынхан “хатуу газар” очоод сууж баймаар санагддаг
Эдийн засгийн хүндрэлээс гарах хамгийн эхний арга зам бол хэмнэлт байсан гэдгийг олон эдийн засагч онцолсон. Д.Бямбасүрэн гуай ч хэмнэлтийг онцоллоо. Харамсалтай нь одоогийн эрх баригчид хэмнэлтийн бодлого явуулсангүйг Ерөнхий сайд асан шүүмжиллээ. Тэрээр “Хамгийн гол нь энэ Засгийн газар, УИХ эдийн засгаа өндийлгөж, сэргээж чадахгүй байна. Угтаа хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол хэмнэлт. Тэгсэн манайхан хэмнэх оролдлого ч хийсэнгүй. Харин ч эсрэгээрээ 126 сумын 90 жилийн ой хийж 90 тэрбум төгрөг агаарт цацаж УИХ, Засгийн газрын гишүүд наадамд нь очиж зунжин наадлаа. Нийслэлийн төлөөлөгчид нь бөөнөөрөө Бразил яваад хөлбөмбөг үзчих юм. Үүнийг хэмнэлт гэх юм уу? Ийм үед гэрээ хэлцэл хийх Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас бусад бүх айлчлал томилолтыг зогсоох ёстой. Улаанбаатар хотын төлөөлөгчид улирал бүр сонгогдсоныхоо төлөө 20 сая төгрөг бэлнээр халаасалдаг. Миний бодлоор бол энэ хүмүүс бүгдээрээ хатуу газар очоод сууж баймаар санагддаг” гэж хэллээ. Тэрээр ард түмний татварын мөнгөөр зугаалсан НИТХ-ын төлөөлөлөгчдийг “хатуу газар” суух ёстойг сануулав. Эдийн засаг хүндрэлтэй ийм үед тансагласан нь “аавынд” суухаар хэрэг тарьсан гэсэн санаа л даа. Одоо эдийн засаг хүндэрсэн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёроос өөр хүмүүс төрийн мөнгөөр гадагшаа яваад байх шаардлагагүйг сануулав. Түүний сануулгыг Шинэчлэлийнхэн хүлээн авах нь эргэлзээтэй.
МАН Засгийн газрын хувь заяагаар тоглоод АН-ыг занганд оруулчихлаа. АН-д амиа хорлох ганц нүүдэл үлдлээ
Шинэчлэлийн Засгийн газрын рейтинг шалдаа буухад “ах” намынханы бодлого их хувь нэмэр болсныг Д.Бямбасүрэн гуай бас сүрхий ажиглажээ. Тэрээр “МАН-ын хувьд энэ Засгийн газрын хувь заяагаар тоглоод АН-ыг шатрын ойлголтоор цогц зангад оруулчихлаа. Энэ нь ганцхан нүүдэл хийнэ, тэр нь амиа хорлох. МАН-ын хувьд Засгийн газрыг огцруулах санал оруулсан. Тэр нь огцруулах гэж байгаа юм биш шүү дээ. Зөвхөн зургаа, зургаан сараар амийг нь уртасгаад сонгууль хүргэж байгаад нэг мөсөн тонгорох гэж байгаа юм” хэмээн учирлав. Өөрөөр хэлбэл МАН-ынхан АН-ынханд амиа хорлохоос өөр гарц үлдээгээгүй гэж хатуу шүүмжлэв. Тэр ч бүү хэл МАН-ынханы одоогийн бодлогыг ажиглахад Засгийн газрыг огцруулах ямар ч санаа агуулаагүй. Харин “амин тариа” хийж насыг нь үхлүүт байдлаар уртасгаж байгаад 2016 онд нэг мөсөн дуусгах бодлоготой гэж хардаж байна.
Сэтгэгдэл (71)