
Улстөрийн өнцгөөс тайлбарлавал ийм хүч бололцоо Монгол Улсын Ерөнхийлөгчид бий. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дангаараа ийм ажиллагаа зохион байгуулах магадлал бага. Учир нь тэрээр Засгийн газрыг тогтвортой байлгах ёстой гэсэн байр суурийг өнөөдрийг хүртэл баримтлаж ирсэн. Харин түүнд нөлөөлж Н.Алтанхуягийн Засгийн газрыг донсолгох мэдэлтэй өөр нэгэн хүн бий нь УИХ-ын дарга З.Энхболд. Түүний хүч нөлөө өдрөөс өдөрт тэлж АН дотроо хүлээн зөвшөөрөгдөөд байгаа. Намын даргын сонгуульд Н.Алтанхуягтай өрсөлдөөд ялагдаж байсан тэрээр одоо албан бус байдлаар АН-г атгах болсон гэдгийг эх сурвалж онцолж байна. З.Энхболд эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд эхэлмэгц Н.Алтанхуягт хандаж “Хоёулаа байраа сольё” гэдэг саналыг хэлсэн гэх бор шувуу ч улстөрийн хүрээнд нисч байна. Тэгвэл энэ бор шувуу бодит зүйл болох магадлал өдрөөс өдөрт баталгаажсаар байна. Учир нь З.Энхболд “бүтэлгүй” Засгийн газартаа хариуцлага тооцож санаачлагыг гартаа авахаар шийдвэртэй хөдөлгөж эхэлсэн гэнэ.
УИХ-ын чуулган завсарлаж төрийн ордон эл хуль болоод байхад УИХ-ын дарга З.Энхболд өчигдрөөс ажилдаа орсон. Тэрээр удахгүй ирэх БНХАУ-ын даргад зориулсан хүндэтгэлийн чуулган түүнтэй залган зарлагдаж болзошгүй ээлжит бус чуулганы бэлтгэлийг хангаж Засгийн газрын эзэн-100 хөтөлбөрийг дүгнэж, хариуцлагын асуудлыг оруулж ирнэ гэж эх сурвалж мэдээллэж байна.
Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар З.Энхболд, Р.Амаржаргал, Х.Баттулга нарын харилцаа тун сайн болж ойр ойрхон уулзах болсон гэнэ. Х.Баттулга сайдын давхар дээлээ тайлахдаа Р.Амаржаргалын өрөөгөөр эргэлдэж түүний үг зөвлөгөөг сонсож байсан бол УИХ-ын дарга З.Энхболд Монгол орны маш олон сумын ойгоос онцолж Баянхонгорт зочилж Х.Баттулгыг хэрхэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн З.Энхболд Р.Амаржаргал нарын дунд ч эрх мэдлийн шинэ сонирхол үүсэн бий болсон гэдгийг АН-ынхан шивэр авир хийх боллоо. З.Энхболд дараагийн Ерөнхий сайд боллоо гэхэд УИХ-ыг залан чиглүүлэх найдвартай хүн байх нь туйлын чухал. Тиймээс л “төрд хэрэгтэй зайран” туршлагатай парламентич, Ерөнхий сайд асан Р.Амаржаргалыг шадар хүнээрээ сонгож албаа өвлүүлэх хүсэлтэй байгаа гэж тайлбарлах хүмүүс олон байна.
Ямартай ч дээрхи гурван эрхмийн нөхөрлөл АН-д шинэ салхи сэвэлзүүлэх нь тодорхой болж байна. Ялангуяа эрх мэдэл албан тушаалын хуваарилалтанд сэтгэл дундуур яваа АН-ын нөлөө бүхий гишүүд “Алтангадас”-ын цагийг дуусгахын хүсэгчид эдгээр гурван эрхмийг тойрон нягтарч улам хүчийг нь зузаатгасаар байгаа гэх.
Н.Алтанхуягийн Засгийн газрын хувь тавилан өдрөөс өдөрт бүрхэг болохтой зэрэгцэн. Р.Амаржаргал, Х.Баттулга, З.Энхболд нарын тоглолтын сценари тодорч эхэллээ.
Т.Цагариг
Сэтгэгдэл (50)