Галбадрахын Отгонцэцэг “Рио-2016” олимпоос хүрэл медаль хүртэж, Казахстан улсын төрийн далбааг Риогийн тэнгэрт мандуулсан нь өдгөө спортын ертөнцөд ихээхэн дуулиан тариад байгаа билээ. Монгол жүдоч охин ийнхүү олимпын хүрэл медальтан болсон нь монголчуудыг төдийгүй казахстанчуудыг баярлуулав. Гэсэн ч түүнийг ямар учраас Монголынхоо нэрийн өмнөөс барилдаж эх орныхоо төрийн далбааг олимпын тэнгэрт мандуулаагүй юм бол хэмээн гайхаж, битүүхэн харамсаж байгаа нь нууц биш. Тэгвэл Г.Отгонцэцэг ямар учраас казахстаны нэрийн өмнөөс барилдсан болоод түүний талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Монгол Улсын шигшээ багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс олимпод зодоглож хүрэл медалийн эзэн болов.
Баримт 2. Олимпын хүрэл медальтан Г.Отгонцэцэг нь 1992 онд Улаанбаатарт төржээ.
Баримт 3. Айлын ууган охин тэрбээр аав, ээж, хоёр эрэгтэй дүүгийн хамт амьдардаг.
Баримт 4. Бага дүү нь эгчийгээ дууриагаад жүдогоор хичээллэж эхэлсэн төдийгүй Монгол Улсын аварга болж, олон улсын тэмцээнээс олон медаль авч байсан байна. Эгч дүү хоёр нэгэн багшийн шавь аж.
Баримт 5. Г.Отгонцэцэг 2008 оноос жүдогоор хичээллэж эхэлсэн байна. Тэрбээр эхлээд найзтайгаа хамт сонирхолын журмаар секцэнд орж байсан бол анхны ялалт, амжилт нь түүнийг жүдод "дурлуулсан” байна.
Баримт 6. Г.Отгонцэцэг нэгэнтээ “Жүдо бид хоёрыг салгаж харж болохгүй, жүдо бол миний амьдралын салшгүй нэгэн хэсэг” хэмээн ярьж байжээ.
Баримт 7. Тэрбээр уран сайхны гимнастикийн тэмцээн үзэх дуртай.
Баримт 8. Г.Отгонцэцэг “Рио 2016” олимпод оролцохын тулд иргэншлээ солижээ.
Баримт 9. Түүний мөрөөдөл нь олимпийн наадам байсан бөгөөд “Рио 2016” наадамд барилдах боломж нь иргэншлээ солихоос өөр аргагүй байдалд хүргэсэн байна.
Баримт 10. Тэрбээр ийнхүү мөрөөдлөө биелүүлэхээр иргэншлээ солихоор хатуу шийдчихсэн учир хэн ч түүнийг зогсоох гэж оролдоогүй гэдэг.
Баримт 11. Харин бүх хүн түүнийг "Чи мөрөөдлөө биелүүлэхээр нэгэнт шийдсэн бол хичээ, зүтгэ", олимпийн аварга болох зорилгоо биелүүлээрэй гэж хэлж, ерөөж байсан аж.
Баримт 12. Тэрбээр Монголын шигшээ багт барилдаж байхдаа дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэж байсан байна. Харин Казахстаны иргэн болсны дараа түүний бүх чансааны оноог цуцалсан тул Г.Отгонцэцэг бүхнийг эхнээс нь эхэлж өнөөдрийн энэхүү амжилтанд хүрчээ.
Баримт 13. Монголын жүдо бөхийн 48 кг шилдэг бөхчүүдээрээ дэлхийд алдартай. Тиймээс ч энэ жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Отгонцэцэг нарын хооронд гол өрсөлдөөн болдог байжээ.
Баримт 14. ДАШТ, Азийн АШТ зэрэг томоохон тэмцээнд оролцох боломж М.Уранцэцэгт хараахан илүү бүрддэг байжээ. Олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргадаг, Г.Отгонцэцэгийг үргэлж ялдаг байсан нь М.Уранцэцэгт ийм боломж бүрдүүлж байсан хэрэг. Нэг үгээр хэлэхэд Г.Отгонцэцэг манай 48 кг-ын №2 тамирчин байсан аж.
Баримт 15. Спорт бол залуу насны ажил. Мэдээж хэн ч ид, торгон ирэн дээрээ байгаа насандаа томоохон амжилт гаргаж, тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгахыг хүсдэг. Улсдаа №2, М.Уранцэцэг гавьяатын дараа үнэлэгддэг байсан Г.Отгонцэцэг зөвхөн олимп гэлтгүй Азийн АШТ, ДАШТ-д оролцох хамгийн том үүд нь Казахстан байжээ.
Баримт 16. Гэхдээ Г.Отгонцэцэг гэнэтхэн “Би Казахстан улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцлоо. Иргэншлээ солилоо” гээд явчихаагүй аж.
Баримт 17. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Монголын жүдо бөхийн холбоо, Казахстан улсын жүдо бөхийн холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Эл гэрээний хүрээнд Казахстан улс Г.Отгонцэцэгийг өөрийн улсынхаа нэр дээр барилдуулах санал тавьж улмаар дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт тус улсыг зорьсон байна.
Баримт 18. Тэрээр энэ үед “Миний хувьд олимпийн наадамд оролцох зорилгоо биелүүлэхэд нэг алхам ойртлоо. Мэдээж хоёр жилийн хугацаанд бэлтгэл сургуулилтаа маш сайн хийж байгаад медаль авахын төлөө зүтгэх болно” хэмээн өгүүлж байжээ.
Баримт 19. Мөн тэрбээр “Монгол Улсынхаа нэрийн өмнөөс барилдсан бол гэж бодох л юм. Гэхдээ олдож байгаа боломжийг алдахыг хүсээгүй учраас зөвшөөрсөн. Би бүх хүчээ дайчилна” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байв.
Баримт 20. Монгол Улс давхар иргэншилтэй байхыг зөвшөөрдөггүй учир Г.Отгонцэцэг иргэншлээ солихоос өөр аргагүй байдалд хүргэсэн юм.
Баримт 21. Тэрбээр ийнхүү иргэншлээ солиж өөр улсын нэр дээр олипод зодоглох нь түүнд амаргүй байсан гэдгийг ойр дотныхон нь ч хэлж байжээ.
Баримт 22. Г.Отгонцэцэг олимпийн эрхийн болзол хангасныхаа дараа Казахстаны хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шинэ орон, шинэ хүмүүс, бүх юм шинэ болохоор эхэндээ нэлээн санаа зовж байсан. Гэхдээ Монголд байсан бол надад Риогийн олимпод оролцох боломж бүрдэхгүй. Миний мөрөөдөл бол олимпод оролцох. Үүний төлөө л би иргэншлээ сольсон. Мэдээж надад амар байгаагүй. Хатуу шийдчихсэн байсан болохоор хэн ч хориглоогүй. Эхний том даваагаа давж, олимпод оролцохоор боллоо. Зорилгоо биелүүлэхийн төлөө хичээнэ ээ” хэмээжээ.
Баримт 23. Монгол Улсын түүхэнд өөр орны нэр дээрээс олимпод оролцон, медаль авсан хоёр дахь тамирчин нь Г.Отгонцэцэг боллоо.
Баримт 24. Цахим ертөнцөд түүнийг иргэншлээ сольж, олимпод медаль хүртсэнд нь харамсаж, халаглах хүмүүс нэлээд байгаа хэдий ч түүнийг ялалтыг нэгэн эрхэм “Мандсан далбаа нь харийнх ч мандуулсан бүсгүй нь Монгол” хэмээн бахархан хэлсэн ч өдгөө олон хүнийг давхар омогшуулаад байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (52)