Өөрийнх нь санаачилсан хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаас хассан асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр мэдээлэл хийсэн. Түүний хувьд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан бөгөөд холбогдох байнгын хороогоор дэмжлэг аваад байсан юм. Ингээд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх мөчид хэлэлцэх асуудлаас хассан нь асуудал үүсгэсэн юм. Авлигатай тэмцэх газраас уг хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг хүргүүлсэн. Тэр дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс уг хуулийн төслийг зөвлөлийн хурлаар хэлэлцэж зохих шийдвэр гаргах шаардлагатай гэж үзсэн гэсэн бичгийг тус зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин УИХ-ын даргад ирүүлжээ. Үүнд үндэслэн тус хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасчээ.
Энэ бүхний эргэн тойрон дахь сэдвээр Н.Алтанхуяг юу гэж ярьсаныг 24 баримт онцолж байна.
1. УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн бичгийн дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасаж болохгүй.
2. УИХ-ын гишүүн хууль санаачлах боломжгүй болох цөвүүн цаг Монголд ирж байна.Хууль санаачилсан гишүүнийг дарамтлан, гүтгэдэг болжээ.
3. Би хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд энэ хуулийг санаачилсан.
4. Хуулийн төсөлдөө мөн санал авахаар Засгийн газар, Прокурорын байгууллага, АТГ-т явуулсан. Гэтэл үүнээс хойш Н.Алтанхуяг хувийн сэдэл, тэмүүллээр энэ хуулийг хийгээд байна гэж тархи угаасан мэдээллийг сонин хэвлэлээр гаргаж байна.
5. Энэ хуулийн төслийг санаачилсны дараагаар хөрөнгө оруулгын мэдүүлэгт жил бүр бичдэг миний обьект руу шалтаг зааж довтолж байгаа юм. Намайг Тагнуулын ерөнхий газарт дуудаж байна. АТГ Албан ёсны вэб сайтаараа намайг ямар муу хуулийн төсөл санаачилж байгаа тухай бичиж байна. Энэ зүйл хэрээс хэтэрлээ.
6. Миний санаачилсан хуулийн төсөл Авлигатай тэмцэх тухай хуульд ямар ч өөрчлөлт оруулаагүй.Харин Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм.
7. 2002 онд УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах алба гэж байгуулагдсан. 2014 онд 12 жилийн дараа үүнд өөрчлөлт орсон.Үүнийг би буцааж байгаа юм.
8. Хүний эрхийн зөрчил газар авч байна.Товчхондоо хууль хяналтын байгууллагуудын албан тушаалтны үйлдэж байгаа гэмт хэргийг хэн хариуцах вэ, цагдаа цагдаагаа, АТГ өөрсдийнхөө хүмүүсийг шалгадаг нөхцөл байдал үүссэн. Тиймээс өмнөх УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх нь зүйтэй гэж үзсэн. АТГ-ын үүрэг функц нь хэвээрээ байгаа.
9. Төрийг УИХ барьж байна уу эсвэл нэг байгууллага бариад байна уу. Монголд хэн төр бариад байна вэ?
10. Миний УИХ-ын гишүүний барьдаг зарчим бол “Монголд дахиж хэлмэгдүүлэлт гарах ёсгүй”.
11. Монголын бизнес эрхлэгчид тайван амгалан үйл ажиллагаа явуулах учиртай.Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид тайван амгалан ажиллах ёстой.Түүнээс бус өдөр болгон дуудагдаж, шалгагдаж, тагнагдаж, чагнагдаж байдаг нийгмийг би 25 жилийн өмнө хүсээгүй. Тийм учраас үүнийг засч залруулах үүрэг надад байгаа юм.
12. Би хуулийн төсөл санаачлахдаа хэн нэг гишүүнийг аваагүй. Хүнийг хөлдөө чирээд яах вэ, хүмүүсийг, тэр дотроо УИХ-ын гишүүнийг барьцаанд авдаг явдал миний нүдний өмнө хоёр жил болж байна.
13. Монголд дахиж том хэлмэгдүүлэлт болохоос хамгаалах үйл ажиллагааг би иргэний зориг гаргаж хийх ёстой гэж бодсон.
14. 1936 онд 21 том сэхээтэн лам нарыг хорьсон. 19-ийг нь буудаж алсан.Хүний эрхийн ноцтой зөрчил ингэж эхэлсэн.
15. Эрх мэдлийг нэг газар өгнө гэдэг, эрх мэдэл өгөхийн төлөө улайрна гэдэг, эрх мэдлийг өөртөө авч үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байна гэдэг ийм юмны эх үүсвэр болж байгаа.
16. 1930 онд Чойдогсүрэн гэдэг прокурорыг хэлмэгдүүлж алж байсан. Чойдогсүрэнтэй төстэй үзэгдэл Алтанхуяг дээр ажиглагдаж байна.
17. Өнгөрсөн 2 жилд намайг ямар нөхцөлд ажилласныг та бүхэн мэдэж байгаа.Би бол шүдээ зуугаад явсан, нийт монголчуудыг хэлмэгдүүлэх асуудал хөндөгдсөн учраас энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
18. Авлигатай тэмцэж байна гэж хэдэн хүнтэй байлдах, бизнес эрхэлж байгаа хэдэн хүнийг шоронд хийж байна.Шоронд хийчихээд бизнесийг нь булааж, дээрэмдэж, мөнгийг нь, лицензийг нь булааж авч байна.
19. Энэ хууль батлагдсанаар хэнд хэрэгтэй болох вэ гэхээр прокурор нь прокурор шиг ажиллана.
20. АТГ өөрийнхөө гарын ганц хоёр прокуророор шийдвэр гаргуулдаг, тэднийгээ сонсохгүй болохоор нь дарамталдаг, дахиад шүүх дээр очоод өөрийнхөө сүлжээгээр хүнийг шоронд хорих шийдвэр гаргуулдаг.Сүлжээ хэрэг гэж хэлж байна.
21. УИХ-ын даргад хэлсэн “Та наадах хуулиа хэлэлцэх асуудалд оруулж өгөөрэй” гэсэн.Маргаашийн чуулганы хуралдаанд оруулах нь уу, яах нь.
22. ҮАБЗ-өөс шийдвэр гаргадаггүй юм л даа.Зөвлөмж гаргадаг юм.Зөвлөмжийг УИХ гэдэг байгууллага өөрийнхөөрөө шийднэ.Манай төрийг ёстой самарч байна.Хүн сонсоход айхтар сүрхий байгууллагын нэрийг бариад Их хурлаар явж байгаа процессыг шууд таслан зогсоож чадаж байгаа ийм ноцтой байдал бий болчихжээ гэдгийг анхааруулж байна.
23. Намайг Ерөнхий сайд байхад нэг компанийн захирлыг, орлогч захирал болон гэр бүлтэй хамт нийт 16 хүнийг орцноос нь шоронд аваачиж хийсэн. Тухайн үед нь би “Энэ юу болж байна.Ногоон малгайтны арми бий боллоо” гэж хэлж байсан. Тэгж хэлснийхээ төлөө АТГ-ынхны зуултад орчихоод байна.
24. УИХ-ын гишүүд нэг агентлагийн зуултад орчихоор Монгол Улс цааш яаж явах вэ?.Би ард түмнийхээ язгуур эрх, ашгийг эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаална. Надад өөр эрх ашиг байхгүй.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (32)