Долоо болон наймдугаар саруудад ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгддэг. Энэ үед ой хээрийн бүсэд аялж, зугаалж буй иргэд болон малчид болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагаас санууллаа.
2024 оны долдугаар сарын 2-ны байдлаар 73 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. 2024 оны долдугаар сарын 2-ны байдлаар 11 аймгийн 35 суманд 73 удаагийн ой хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувир өссөн үзүүлэлт юм. Энэ жилийн хувьд зарим аймагт ган болж, олон жилийн дунджаас халуун байх төлөвтэй байгааг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Тиймээс цаашдаа ой хээрийн түймэр гарах эрсдэл өсөх хандлагатай байгааг албаныхан хэлж байна. Хэрвээ хувь хүний буруутай үйлдлээс үүдэн гал гарч улмаар ногоон бүсэд аюул учруулсан тохиолдолд зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ. Цаашлаад байгаль экологид их хэмжээний хохирол учирсан, хүний амь нас эрсэдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалт бий.
2023 онд ой хээрийн гал түймрийн 93 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Улмаар 583 мянган га талбай түймэрт өртжээ.
Тиймээс иргэд ойд аялал зугаалгаар явахдаа асаасан гал, тамхины цогоо бүрэн унтраах, хуурайшилт ихтэй үед ил задгай гал түлэхгүй байх, гэр байшин, малын хашаа саравчны эргэн тойронд галын цурав татах, үнс нурмыг ил задгай асгахгүй, зориулалтын битүү саванд хийх, бага насны хүүхдэд чүдэнз, асаагуур зэргийг ашиглуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.