Увс аймгийн Тэс сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой ирэх наймдугаар сард тохиож байна. Ойн баярыг угтан Тэс сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс “Тэс 100: Түүх, шашин, өв соёл сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 3-ны өглөө Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд зохион байгуулна. Хурлаар Баяд түмний угсаа гарвал, үүх түүх, шашин, зан заншил, соёл уламжлал, аж амьдралын талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Увс аймгийн Тэс сум нь Увс аймгийн хойд сумдын нэг бөгөөд баяд угсаатнууд Тэсийн таван голоо даган аж төрдөг билээ. Гол, нуур, булаг шандууд, бургасан ой, тал хээр, элсэн манхан хосолсон өвөрмөц байгалийн тогтоцтой нутаг юм. Тус сумаас урлаг соёлын алдартнууд, эрдэмтэн мэргэд олноор төрөн гарсан байдаг. Тэс үүлдрийн адуугаараа улсдаа алдартай. Мөн хүчтэний өлгий нутаг буюу улсын цолтой хамгийн олон бөхтэй сумдын нэг юм.
Эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөрийг хүргэж байна.