Нэг нь ялж, нөгөө нь ялагдана. Энэ бол сонгуулийн зарчим. Тэр ч утгаараа УИХ-ын 2024 оны сонгуульд 126 нэр дэвшигч ялж, үлдсэн 1200 гаруй нэр дэвшигч ялагдал хүлээв. Ялсан нэгэн нь дэмжигчидэдээ талархал илэрхийлж, амлалтаа биелүүлнэ хэмээн сошиал хуудаснаа бичсээр...Үүний зэрэгцээ ялагдал хүлээсэн нэр дэвшигчдийн талархал, гомдол ч үргэлжилсээр буй. Тэдгээр хүмүүс дунд ялагдлаа "ялалтын эхлэл" хэмээн харах нэгэн ч байна.
Тухайлбал, УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Н.Амаржин "Ялагдал хүлээсэн ч амласан амлалтаа биелүүлнэ. Тус дүүрэгтээ очиж амьдарна" гэжээ. Өөрөөр хэлбэл, дараагийн сонгуульд дахин хүч үзнэ гэдгээ илэрхийлчихэв. Энэ бол ялагдсан гээд бууж өгч болохгүй гэдгийн тод жишээ. Сонгууль дөхөх үед нэр дэвшигчид өмнө нь хийгээгүй ажлуудаа хийж эхэлдэг. Мөн сонгуульд өрсөлдөөд ялсан тохиолдолд л амласан амлалтаа биелүүлдэг. Харин ялагдсан бол түүний сонгуулийн хугацаанд ярьсан амлалт талаар болох нь олонтаа. Энэ байдлыг халах сайн жишгийг Н.Амаржин тогтоож байна хэмээн харж ч болох юм. Ийнхүү түүний сошиал хуудсандаа нийтэлсэн бичвэрийг хүргэе.
Тэрбээр "Надад итгэл хүлээлгэсэн 39,647 хүмүүсд баярлалаа. Тусалж дэмжсэн бүх найзууд, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, дэмжигч та бүхэндээ бүгдэд нь баярлалаа. Нас дутлаа. Туршлага дутлаа. Мөнгө дутлаа. Ухаан дутлаа. Намайг уучлаарай. Энэ гэхдээ маш том ялалтын эхлэл юм шүү. Энэ сонгуульд ганц УИХ-ын суудал авах бус ардчиллаа аврах гэж тэмцсэн тэмцэл байсан юм шүү. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо аврах оролдлого байсан юм шүү.
- Би амласан ёсоороо СХД-тээ 43 боловсролын төв барина. 7 сарын 1-ээс гадны сангуудтай холбогдоно.
- Төрийн данхайсан тогтолцоог хумьж бид бүгдийн дарамт болсон НДШ, НӨАТ 2-ыг 50% бууруулахын төлөө явна.
- Сауди болон гадны ХО-ыг авчирч СХД-ийг Синга болгохын төлөө 30,40 жилийн улс төрийг хийх болно.
- Энэ бохир улс төрийг, сонгуулийн тогтолцоог цэгцлэхийн төлөө хамаг бүхнээ зориулна.
- Энэ дүүрэгтээ нүүж очно. Надад итгэл хүлээлгэсэн 40,000 хүнийхээ итгэлийг олон жил тээх болно.
Залуучууд санал өгдөггүй, залхуу, хэнэггүй гэдэг худлаа гэдгийг баталлаа. Бид бүгдийн ялалтын эхлэл юм шүү. Та нараар бахархаж байна. Энэ системийг эвдэж чадаагүйд намайг уучлаарай" гэсэн юм.