Ойрын өдрүүдэд үргэлжилсэн аадар бороо орсоны улмаас үеэр усны аюулаас анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын байгууллага, Ус цаг уур орчины шинжилгээний байгууллагаас тогтмол анхааруулж байна. Гэсэн хэдий ч иргэдий хайхрамжгүй байдлаас үүдэн амь нас, эрүүл мэндээ хохирох тохиолдол гарсаар байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Тухайлбал өчигдөр онцгой байдлын байгууллагад усанд живсэн болон, урссан боогдсон гэх таван дуудлага мэдээлэл бүртгэгдэж дөрвөн хүний амь насыг аварсан бол хийлдэг гудаснаас унаж нуурын усанд живсэн харамсалтай тохиолдол ч гарсан байна.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо “Туул” голын усанд нэг хүн урсаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 10:43 цагт ОБЕГ-аас хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /эрэгтэй/ “Туул” голын усанд бургас модноос зүүгдсэн байдалтай байсныг аврах завь ашиглан 17 минут ажиллан гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
- Мөн Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум Согоот багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар “Юүдэг”ийн голын салаа руу бага насны хүүхэд морьтой ороод буцаж гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиж, Б / эрэгтэй/ нь “Юүдэг”-ийн голын салаан дотор байсныг аврах завь ашиглан ажиллан гаргажээ.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо “Туул” голын усанд 1 хүн унаж, урсаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Г/ эрэгтэй/ нь согтуугаар “Туул” голын эрэг дээрээс ус руу унаж, бургас модноос зүүгдсэн байдалтай байсныг ажиллан гаргаж, нийслэлийн ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгчээ.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Гачууртын голын усанд 1 хүн автомашинтайгаа живсэн байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, хаяг тодорхойгүй согтууруулах ундаа хэрэглэсэн 1 эрэгтэй хүн “Тоёота приус 30” загварын суудлын автомашинтайгаа Баяндөхөмийн голын усанд байсныг ажиллан эсэн мэнд гаргажээ.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо нуурын усанд бага насны хүүхэд живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход И/ эрэгтэй/ гэр бүлээрээ нуурын эрэгт амарч, хийлдэг гудасаар усанд хөвж байгаад гудаснаасаа унаж, живсэн байсан тул цогцсыг гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Улсын хэмжээнд 2024 оны зургадугаар сарын 24-ний байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амь насаа алдсан байна. Үүний 26 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна. Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь, амь насаа алдсан иргэдийн 18 хувь нь нийслэл хотод тохиолджээ.
Гол, усны түвшин нэмэгдсэн үед усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл өндөр байгаа тул иргэд олон нийт, эцэг эхчүүд бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгаж, гол усны ойролцоо зорчихгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.