Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын орчимд Туул гол хальсан нөхцөл байдал үүсчээ. Иймд Биокомбинатын эрсдэлтэй бүсээс нийслэлийн онцгой комисс /НОК/ Шуурхай штаб иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.
Биокомбинат орчмын эрсдэлтэй бүсэд 100 орчим айл өрх, амралт сувиллын газрын 500 гаруй иргэн байдаг бөгөөд 47 өрх, амралтын газрын нийт 192 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу зарим иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангаж, шилжсэн гэж мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Туул голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 80см-ээр даван үерлэж байна.
Туул гол нь Ассем вилла, Маршлын гүүр, Биокомбинат орчимд халих эрсдэлтэй байдаг бөгөөд Ассем вилла, Маршлын гүүр орчимд мөн хяналт тавин ажиллаж байна гэв.