Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэж байгаа ч Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг аймгууд гантай байна. Тиймд цаг уурын экспедицүүд хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлжээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн ихэнх сумын нутгаар гандуу, бэлчээрийн ургамал муу ургаж байгаа тул “Мөрөн бороо экспедиц” цаг агаарт зориудаар нөлөөлж, бороо оруулахаар үүл буудаж эхэллээ. Тус аймгийн Мөрөн сумаас 10 гаруй км зайд үүлэнд хур тунадас нэмэхээр 3 пуужин тавьжээ. Үүлний дуслын тоо, хэмжээ ихэссэнээр ойрын 50 км зайд байрладаг Мөрөн, Төмөрбулаг, Бүрэнтогтох сумын нутгаар бороо хур нэмэгдэх юм.