Улаанбаатарт өчигдөр буюу тавдугаар сарын 18-ны шөнө орсон борооны үеэрх нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өчигдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр бороо орлоо. Эмээлт, 361-ийн гарам орчмоор нэг цаг орчим үргэлжилсэн бороо орсон. Энэ үеэр онцгой байдлын байгууллагад 20 удаагийн дуудлага ирлээ. Хашаа, гэрт нь ус ороод гарсан, зам дээр тогтсон усанд машин боогдсон дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Харин хоёр дуудлагын дагуу ус соруулах ажлыг зохион байгуулсан. Дуудлага өгсөн айлуудын зарим нь үерийн эрсдэлгүй буюу уулын энгэр газарт байгаа хэр нь ус орж ирсэн байна. Үерийн нөхцөл байдал үүсээгүй.
Үерийн эрсдэлгүй бүсэд байгаа айл руу уулын ус урсаж орох нөхцөл байна. Харин үерийн бүсэд байгаа айл өрх их хэмжээний борооноор усанд автах эрсдэлтэй" гэж ярилаа.
Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө Улаанбаатар хотод үргэлжилсэн, аадар бороо орно. Энэ шөнө үерийн болзошгүй аюулаас сэргийлэхийг зөвлөж байна. Зургаадугаар сарын 22-ны үдээс хойш Улаанбаатарт үргэлжилсэн бороо орох төлөвтэй.
Иймд орон сууцны хорооллын СӨХ, контор иргэдтэй хамтарч гарааштаа ус оруулахгүй байх арга хэмжээг авах хэрэгтэй. Айл урслаа, үер буулаа зэрэг өмнөх оны зурагтай мэдээлэл цахимаар явж байна. Иргэдийг үнэн бодит мэдээллээр хангахыг хүсье" гэв.