2007 оноос эхлэлтэй Үндэсний номын 35 дахь удаагийн баяр гурав дахь өдрөө үргэлжилж байна. “Номын баяр” нь энэ удаа “Илүү их уншъя” уриатайгаар болж буй бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч тогтмол оролцдог. Харин энэ жилийн баярт 60 гаруй шинэ оролцогч нэмэгдсэн байна. Уг баярыг дунджаар 250 мянган хүн зорин ирдэг гэсэн албан тоо бий. Тэгвэл та бүхэнд номын баярын сүүлчийн өдөр "онцлох" таван орчуулгын бүтээлийг хүргэж байна.
НЭГ. СТИВЕН КИНГ "БИЧИХҮЙН ТУХАЙ"
Стивен Кингийн On Writing: A Memoir буюу “Бичихүйн тухай” номоороо дамжуулан зохиолч хүн бүрд байвал зохих “багажийн хайрцаг”-ийг уншигчдадаа дэлгэн харуулжээ. Эл бүтээлийг "Тагтаа" хэвлэлийн газраас өнгөрөгч гуравдугаар сард Б.Баясгалангийн орчуулгаар монголын уншигчдын мэлмийд хүргээд буй.
Тус бүтээлээс нэг эшлэл хүргэхэд, "Бичих нь яг ажил шиг мэдрэгдэнэ гэдэг олон зохиолчийн хувь үхэлтэй нүүр тулснаас өөрцгүй. Бичих явц гэмээнэ яг л тоглоом тоглож байгаа юм шиг аазгай хөдөлгөсөн, баяр хөөртэй үйл байсан үед л зохиолчийн гараас ямагт сайн бүтээл төрдөг. Би хэрэгтэй гэвэл хөрж, хөндийрсөн сэтгэлээр бичээд байж чадна. Гэхдээ яаж бодсон ч санаа шинэхэн, хүсэл зориг булгилж, буцалж байх үед л бичих нь илүү байдаг юм даа" хэмээн бичжээ.
ХОЁР. ВАН ГОГ "ДҮҮДЭЭ БИЧСЭН ЗАХИДАЛ"
Энэ номын тухайд Ван Гог өөрийгөө олонтоо зурж байсныг бид мэднэ. Бүтэн цуврал болохуйц эдгээр хөрөг уг зураачийн тухай багагүй төсөөлөлтэй болгодог ч дүүтэйгээ олон жилийн турш “ярилцсан” энэ захидлууд бол түүний бүтээсэн өөрийн шилдэг хөрөг яахын аргагүй мөн гэжээ.
ГУРАВ. ХАСЭ СЭЙШЮҮ "ХҮҮ НОХОЙ ХОЁР"
2011 онд Японы зүүн хойд эргийг хөмөрсөн цүнами, газар хөдлөлтийн гамшгаас хойш зургаан сарын дараа нэгэн залуу дэлгүүрийн гаднаас герман хоньч нохойны эрлийз тэнэмэл нохойг олно. Нохойн нэр Тамон. Тамон, залуу эрийн хүнд өвдсөн ээжийн сэтгэлийг баясган, гэр бүлд нь аз жаргал мэдрүүлнэ. Гэтэл нэг өдөр тэр залуу золгүйгээр осолдож, Тамоныг нэгэн хулгайч цааш дагуулан явна... Тамон сүүлчийн эзэнтэйгээ уулзах хүртлээ Японы зүүн хойд эргээс өмнөд нутаг руу холын замыг таван жил туулах бөгөөд замдаа ийнхүү хэд хэдэн хүнтэй таарч, хань, хамтрагч нь болно...
Энэхүү бүтээлийг Дашдооровын Маралгоо япон хэлнээс орчуулан монголын уншигчдад хүргээд байна.
ДӨРӨВ. Ж.Д.СЕЛИНЖЕР "ХӨХ ТАРИАН ТАЛБАЙД"
Америкийн бүх цаг үеийн шилдэг бүтээлээр шалгарч, дэлхийн бестселлер болсон зохиолч Ж.Д.Сэлинжерийн “Хөх тариан талбайд” номыг Монсудар албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргажээ. Хүүхэд ч биш, эрийн цээнд хүрсэн том хүн ч биш өсвөр насанд нийгмийн жинхэнэ төрхтэй нүүр тулахад хөндүүрлэсэн сэтгэлийн шаналан, бачуурсан бодол мэдрэмжийг эгэл хүүгийн дүрээр уудлан гаргажээ.
ТАВ. ЭДГАР АЛЛАН АЛЛАН ПО "БАЧУУРАЛ"
Готик зохиолын мастер Эдгар Аллан Погийн шилмэл өгүүллэгүүдийг монголд анх удаа Саян хэвлэлийн газар уншигчдадаа хүргэж байна. Энэхүү номын Э.Цогзолмаагийн орчуулгаар хүргэж байгаа билээ.
Учир битүүлэг сэтгэл татам бүсгүй, амьсгалаа гээчхээд эрэлд гарсан эр, эмгэнэлт түүхтэй хөрөг зураг, дүүжин ирийн дор үхлээ хүлээн хэвтэх хоригдол зэрэг айдас жихүүдэс төрүүлэм сонгодог өгүүллэгийн түүврүүд багтжээ.